“Ном”-ын дагуу хийх нь

Д.Цэцэнгийн “Үр ашигтай менежментийн эрэлд …” (Монголын компаниудад юу дутагдаг вэ?) номонд би ийм өмнөх үгийг бичлээ

Тэртээ 1979 онд Ренчингийн Чойном нас барахаасаа өмнөхөн бичсэн нэгэн захидалдаа “манайх шиг итгэл төрүүлдэггүй шуудан харилцаа дэлхий дээр байдаг болов уу” хэмээн  “Монгол шуудан”-г бололтой хачирхаж халагласан байдаг. Тухайн үедээ ертөнцийг харах ганц цонх болж байсан зөвлөлтийн сонин хэвлэл захиалахад дэндүү уддаг, эсэхүл дундаас нь дугаар алга болдог, бас хөдөө, хотын хооронд илгээсэн захиа занаа саатан бухимдуулж байсны аль алинийг хэлжээ. Чойном цааш нь “Ер нь монгол хүний хариуцан хийж байгаа ажил бүхэн үхээнц хариуцлагагүй байдаг. Ер нь монгол хүн юмыг хийж чаддаггүй, хийлгэж ч чаддаггүй, ганцхүү туршлагын амьтад байвал зохих улс ажээ. Хичнээн сайхан юмыг тоохгүй сүйтгэж мэдэхгүй баллаж байгааг нь хараад уур хүрэх юм. Би ч эдний нэг нь мөн” гэж дуусгажээ.

Түүнээс хойш хэдэн арван жил урсан одож, бүр нийгэм солигдож ихэнх ажил, алба, аж ахуй, үйлчилгээ хувийн болж зах зээлийн шидэт гар, өрсөлдөөн, эзний сэтгэл, гадаад дотоодын арга ухаан монгол хүний хийж байгаа бүхнийг өөрчилсөн хэдий ч “манайхан бас л болоогүй байна”-ыг бид алхам тутамдаа мэдэрч шүүмжилж байгаа билээ. Одоо тэгээд яах ёстой вэ? Юуны өмнө удирдаж зохион байгуулдаг, тэр дундаа аливаа байгууллагыг  даргалдаг, ялангуяа бизнес эрхэлдэг хүн болгон нэг юм бодох хэрэгтэйг Д.Цэцэнгийн “Үр дүнтэй менежментийн эрэлд” ном ухуулж байна..

“Өөрчлөлт шинэчлэлийг өөрөөсөө эхэл”, эсвэл “өөрчлөлт нь чи өөрөө бай” гэх мэт ухаантай үгс бий. Зохиогчийн онцолсноор, хувийн салбарынхан хэнээс ч асуухгүй, төр засаг, албан тушаалтнуудаас хамаарахгүйгээр байнга шинийг сэдэж тэргүүлж  явдаг болохоор энэ удаад ч бас манлайлах үүрэгтэй.

Барилгын компанийн захирлуудын амны уншлага болсон “хятад барилгачид илүү, манайхан залхуу, хариуцлагагүй, цалин буухлаар уугаад алга болчихдог” гэсэн гомдол бий. Үүнийг шийдэх арга зам энэ номонд байх шиг. Хятад хүн юугаараа илүү юм бэ? Өчигдөрхөн тосгоноосоо явсан, манайхаар бол ТМС ч төгсөөгүй сая сая залуучууд хятадын үй түмэн том жижиг үйлдвэрийг хөдөлгөж дэлхийн хамаг барааг, түүний дотор дээд зэргийн нарийн түвэгтэй машин техник, тоног төхөөрөмж, гар утас, IPhone-ийг ч хамаагүй угсарч чадаж байна. Яаж? Нууц нь гэвэл тэд “номоор нь” хийж чаддаг. Хоёр утас холбох юмуу эрэг шурагдахыг яг хийдэг, хятадчилдаггүй. (Манайхаар бол монголчилдоггүй). Гэхдээ энэ хангалтгүй. Тэдний яаж ажиллах, хоёр утсыг хэрхэн холбох, залгах, угсрахыг миллиметр, секундээр нь тооцоолоод хамгийн  оновчтой, хэмнэлттэй, үр ашигтай байхаар дээрээс нь зохион байгуулаад өгдөг. Өөрөөр хэлбэл ямар ч ажилчны дагаж мөрдөх сайн “ном” бэлэн байдаг. Үүнийг Хятадад тэр бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлүүлж байгаа барууныхан хийж өгдөг. Эсвэл барууныхнаас хуулсан.  Хулгайлсан ч бий байх. Энэ бол технологи, менежмент юм. Ингээд бүх ажил тов тодорхой, дэс дараатай, цэгцтэй бөгөөд үр ашигтай, улмаар “залхуурах”, “уугаад арилах” нөхцөл байхгүй. Энэ номын эхний уншигчийн хувьд миний толгойд хамгийн түрүүнд төрсөн бодол ийм.

Би зохиогчийг нэлээд хэдэн жилийн өмнөөс таних ба өмч хувьчлал, хот төлөвлөлт, менежментийн чиглэлээр судалгаа хийж зөвлөгөө өгч ажилладгийг мэднэ. Түүнээс улс орны эдийн засгийн хямралын учир шалтгааны талаар маш сонирхолтой хэдэнтээ сонссон. NHK-гээр үзүүлдэг  “The Professionals” буюу манай телевизүүдээр “Мэргэжлийн замнал” нэрээр орчуулагдан гарч байгаа цувралын талаарх сэтгэгдлээ хуваалцаж япончууд юмыг яг “номын дагуу” хийдэг төдийгүй тэр “номыг” зохиож чаддаг улс гэдэг дээр санал нийлж билээ.

Тийм ээ, монгол хүн аливаа ажлыг “номын дагуу” хийж чадна. Гагцхүү өнөөдөр монгол хүний дагах ёстой “ном” нь тэр болгон байхгүй, яахав ажлаа явуулдаг эрхбиш ямар нэгэн “ном” байвч тэр нь тааруу, төгс биш байна.

Гаднын сайн “ном”-ыг шууд хуулах арга бий. Олон компани, байгууллага үүний ачаар амжилтанд хүрч байгаа. Гэхдээ монголын бизнес эрхлэгчид, ер нь аливааг удирдаж зохион байгуулдаг хүмүүс өөрсдөө тэр “ном”-ыг зохиож сурах цаг болсон. Миний хийсвэрлэн нэрлээд байгаа энэ “ном” чухам ямар байх, юуг яаж оруулах, бас оруулахгүйг энэхүү авсаархан бөгөөд жинхэнэ номонд дэлгэж яриа хэлэлцүүлэгт өдсөн дэг горим, систем, үйлдэл, гүйцэтгэл, формализаци, парадигм зэрэг ойлголтууд хэлээд өгч байгаа юм.

“Номын дагуу хийх” гэдэг бол зөвхөн бизнес эрхлэгчдэд төдийгүй бүгдэд, тэр тусмаа өнөөдрийн улс төрчид, сайд, дарга, албан тушаалтнуудад  хэрэгтэй. Харамсалтай нь хууль, журам, дүрэм, стандарт хэмээх “ном”-нууд байсаар атал тэгэж чадахгүй байгааг бид хардаг. Тэд “муу ажилчид”  юм. Гэхдээ энэ бол дараачийн номын сэдэв биз ээ.