Оростой хэн ч найз биш. Юун найрамдал …

2015 оны 11-р сарын 24-нд Сирид алан хядагчдыг бөмбөгдөж явсан оросын Су-24-ыг туркийн сөнөөгч онгоц араас нь гэнэдүүлэн буудаж унагасан билээ. Хоёр нисгэгч шүхрээр үсэрч доошлох зуур нэгийг нь Сирийн сөрөг хүчнийхэн гэгдэх дайнчид агаарт буудаж сийчээд газарт унасан цогцсон дээр нь орилолдсон бичлэг Интернэтэд тавигдав. (Нөгөө нисгэгч эсэн мэнд газардаж ойд нуугдсаныг орос, сирийн тусгай хүчнийхэн олж аварчээ). Хэд хоногийн дараа нисгэгчийн цогцсыг туркийн тал Орост хүлээлгэж өгсөн тухай мэдээлэв. Бараг хөдөлмөрийн хуваарь бололтой: нэг нь сөнөөж, нөгөө нь алж, шарилыг нь хоорондоо өгч авалцаад л …

Дэлхийн хамаг алан хядагчид цугларсан Сирийн эх захгүй дайн бол бидний хувьд зүгээр нэг олон улсын мэдээ. Харин саяын үйл явдлын дараа Оросын зарим хөршид Туркийг буруутгасан жижгэвтэр жагсаал цуглаан ганц нэг болжээ. Монголд мэдээж нам гүм. Бид төвийг сахина. Байнга. Гэхдээ энэ юу ч биш. Орос, Хятадын толгойлсон Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэг (ШОС) байтугай Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ОДКБ) хэмээх бараг цэргийн эвсэлд багтдаг холбоотнууд болох Армен, Белорус, Казахстан, Киргизстан, Таджикистан бас таг дуугүй өнгөрөв. Тэр ч бүү хэл Казахстаны нэг хотод орос нисгэгчийн дурсгалд зориулсан арга хэмжээг хориглож, бас болоогүй, Назарбаев ерөнхийлөгч нь онгоц сөнөөсөн асуудлыг намжаахад Орос, Туркийн хооронд зуучлах санал тавьсан дуулдана. (“Загалмайлсан эцэг” кинонд, хэн уулзалт зохион байгуулахыг санал болгоно, түүнээс болгоомжил гэж хэлдэг санаанд орлоо).

Өнөөдөр Орос шиг муу улс алга. Ардчилал байхгүй, чөлөөт хэвлэл үгүй, ардууд нь уудаг, байгалийн хийгээр шантаажилдаг, хөрш улсууддаа дээрэлхдэг, Крымыг нэгтгэсэн, дээр нь суугаа Путин дарангуйлагч гээд барууныхан балбасаар. Бүр Орос улс хэзээ задрах тухай уралдан бичдэг болжээ. Зөвхөн амаараа хэлээд орхиогүй, эдийн засгийн хориг тавиад сүйрүүлж байна. Нэг намын системтэй коммунист Хятад, буруу дуугарсан хүмүүсийн толгойг огтолдог Саудын Араб (үүгээрээ Лалын улсын алан хядагчдаас нэг их дутахгүй)-ыг хүртэл тэгэхгүй байгаа…