Сонгуулийн сурталчилгааны зургаан сар

Хуулиараа бол 2016 оны cонгуулийн сурталчилгаа тэртээ зургадугаар сард 17-хон хоног явагдаад дуусах ёстой юм гэсэн. Гэтэл 2014 оны төгсгөлөөр хууль батлагдмагц сурталчилгаа шууд эхэлж өнөөдөр ид буцалж байх юм. Тооцоолж үзэхэд, албан ёсны сурталчилгаанаас бараг 10 дахин урт хугацаанд үргэлжлэхээр байна. Энэ бол ноднин эрх баригчид сонгогчдын төлөө гэнэт санаа зовж тэдний саналыг мөнгөөр худалдаж авахаа болъё, сонгуулийн зардал дэндлээ гэх мэтээр үгсээр халхавчилж байгаад санасандаа хүрснийх. Эрх барилцагчид (сөрөг хүчин) бас дуртай байгаа тул татгалзсангүй.

Өнөөдөр төрийн бүх ажил сонгуулийн сурталчилгааны горимд шилжлээ. Энэ олон мэдээ, сурвалжлага, ярилцлага, захиалгат, төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгээр гаргаж байгаа магтаал тайлан, амлалтууд албан ёсоор сурталчилгаанд хамаарахгүй хэрнээ эрх баригчид, албан тушаалтнуудын гоё сайхан, мэргэн ухаан, халамж хайрыг харуулж байгаа учраас гарцаагүй сурталчилгаа юм. Цагаан сараар дээлтэй гарч мэндчилгээ шүлэглэгчид нь дандаа нэр дэвшигчид. Бүхэл бүтэн зургаан сарын ийм сурталчилгааны сая, тэрбум төгрөгүүд хаанаас гарч байгаа вэ? Зөвхөн төсвөөс. Ядахдаа албан ёсны сурталчилгаа эхэлмэгц мөнгө төлж эхлэх болов уу гэвэл үгүй. Хуулийн 77.13-д “Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй” гэсэн заалтыг бэлдээд тавьчихсан.

Он гараад телевизээр тусгайлан гарч том дуугардаг, сэтгүүлчидтэй энд тэнд тааралдаад салж өгдөггүй, ажил дээрээ урьж гэртээ хонуулдаг, хоол унд бэлтгэхийг заадаг  таних танихгүй эрхмүүдийн тоо огцом нэмэгдлээ. Зарим нь телевизийн бүхэн бүтэн нэвтрүүлгийг худалдаж аваад өөрөө ороод суучихаж. Шууд хөтлөгч, телевизийн од. Заримдаа нэвтрүүлэг хүрэлцээгүй бололтой хэдүүлээ дундаа хуваан хэрэглэж харагдсан. Тэд Монгол Улсыг яаж хөгжүүлэхийг дэндүү сайн мэдэж байгаа тул бушуухан нэр дэвшүүлж дэмжихээс өөр яахав. Харин мөнгөө барж ядсанууд нь телевизийн нэвтрүүлгийг биш, телевизийн өөрийг нь худалдаад авсан учраас ямар нэгэн тайлбар шаардлагагүй.

Сонгуулийн дараа тайлагнахдаа бүгд 17-хон хоногийн хэдхэн төгрөгөө бичээд өгнө. Тэр нь нийт зургаан сарын зардлын жинхэнэ зардлын тав, арван хувиас хэтрэхгүй. УИХ-ын гишүүд, иргэдийн хурлын төлөөлөгчид халааснаасаа огт мөнгө гаргахгүй байж мэднэ, гэхдээ ичсэндээ тав арван төгрөг тавих биз. Ингээд бас нэг “мөнгөний биш” сонгууль бэлэн боллоо. Гэхдээ жинхэнэ үнэнийг сонгуульд ялагдаж шатсан, мөнгө нь дутсан, бас хулхидуулсан зарим нь хэлж магадгүй юм.

Сурталчилгаа