Монголын их авлига буюу тэд ялав

Ардчилсан, чөлөөт нийгэмд иргэн хүн хуулиар хориглоогүй бүхнийг хийх эрхтэй, харин төрийн албан тушаалтан зөвхөн хуулиар зөвшөөрч зохицуулсныг хийх үүрэгтэй. Гэтэл төрд гарсан хүмүүс хүссэнээ хийж байгааг юу гэх вэ?

Тэд өнгөрсөн сонгуулиар гарч ирэхдээ амалсан болгоноо эсрэгээр хийлээ. Дээлээ дахин давхарлаж, төрийн албан хаагчдыг зогсоо зайгүй халж бүх албан тушаалд хүмүүсээ тавихаас эхэлж явсаар өнөөдөр шударга ёсыг нулимсан Өршөөлийн болон Сонгуулийн хуулиар үргэлжлүүлэв. Цаашаа бүр айхгүй хийнэ. Үндсэн хуулийг цэцтэй нь хамт өөрчилж хүмүүсээ шургуулна, УИХ-ын гишүүдийн тоог 99 ч юм уу болгоно, намууд хандив тусламж авахыг хэвээр үлдээгээд төсвөөс нэмж санхүүжүүлдэг болно гэх мэт. ТЭД ЯЛАВ.

Ардчилал дутагдалтай гэдэг. Гэхдээ Монголд дэндлээ. Сонгуулиар гарч ирвэл дөрвөн жил зоргоороо. Уг нь бие биенээ хянах, давруулахгүй байлгах учиртай сөрөг хүчин байгаа, заримдаа чи би-дээ хүрч харагдавч нэмэр алга. Ингээд тэд “эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах” гэдгийг үзүүлж өгч байна. Танил ишлэл байгаа биз? Тийм ээ, энэ бол Авлигын эсрэг хуулинд байдаг тодорхойлолт. Тэгвэл яагаад баригдахгүй байна? Яагаад гэвэл энэ бүгдийг хууль, дүрэм, журам гаргаж буюу гаргуулж, эсвэл гаргуулахгүй саатуулаад хийж сурчээ. Өрөөндөө мөнгө тоолж сейфэндээ цоожлох ямар ч шаардлагагүй. Төгс авлига гэж үүнийг хэлэх байх. Бас цэвэрхэн. Хэн нэгэн албан тушаалтан төсвийн мөнгө, урамшуулал, тендер, газар, албан тушаалыг авахын тулд бусаддаа хүртээж хэдүүлээ, олуулаа, намаараа, байгууллага, хамт олноороо, салбараараа авч байна. Өөрт нь хариуцуулсан аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрыг зараад хаус, орон сууц, хотхон бариулаад хуваалцаж “төрийн албан хаагчдын нийгмийн асуудал”-ыг шийддэг нь үүний сонгодог жишээ. Эрсдэл нь тэг. Анх хэдэн олигарх өөрсдийгөө цайруулахын тулд сэдсэн өршөөлийг бүх нийтийнх болж хавтгайруулж байгаад тэр бужигнаан дунд хамаг ул мөрөө баллаж нуруугаа тэнийлгэв. Бас өөрсдийгөө өршөөх нь чамлагдаад хуулийг сийхгүй зөрчиж дураараа дургисан хойноо тэр хуулиа тааруулаад засчихаж байгаа юм. Энэ бүхэн өнөөдрийн МОНГОЛЫН ИХ АВЛИГА болой.

Тэд төрийг эзэмшдэг тул авлига авах шаардлага ч үгүй болжээ. Авлигын тогтолцоо. Монголд авлига буурсан тухай судалгааны дүн гарвал бүү гайхаарай. Энэ бол сүүлийн жилүүдэд газрын маргаан багассантай төстэй юм. Зүгээр л байршил сайтай, хамгийн үнэ цэнэтэй газар дууссан хэрэг. Лав нийслэл, түүний эргэн тойрны хамаг газрыг эдлэн болгож дуусгаад одоо үлдсэнийг цахимаар суглуулан жигтэйхэн шударга аашлан даапаалж байна. Хамгийн сүүлчийн газар олголтоор лав Баянзүрх дүүрэгт нэг ширхэг 0,5 га газрын төлөө 8000 гаруй хүн өрсөлдөж харагдсан. Ядахдаа энэ зуундаа багтаад нийслэл орчимд газартай болох найдлага хүмүүст төрсөн нь яамай гэж тайвшрахаас.