2016 оны УИХ-ын сонгуулалт

Ноднин, уржнангаас манай сонгогчид ууртай байгаа. Хямрал, үнийн өсөлт (он гараад НӨАТ-ын тооцооноос болж дахин нэмэгдэв), Тавантолгойн хулхи хувьцаа, найман хувийн зээл зогссон, авлигачдын толгой илэлт, улс төрчдийн дураараа дургилт.

Ингээд сонгогчид 2016 оны зургадугаар сард эрх баригчидтай нэгмөсөн хариуцлага тооцохоор тэсч ядан хүлээж суутал дахиад чадуулчихав бололтой. Учир нь эрх баригчид сөрөг хүчинтэйгээ хамжаад сонгуулийн хуулийг өөрсөддөө яг тааруулан өө сэвгүй зүйж баталсан тул ууртай сонгогчдоос айлтгүй болсон. “Ханцуй нь уртдаад байна … жаахан хасчих … одоо яг болно”  гэдэг шиг жагсаалтаар хэдийг сонговол багтах багтахгүйгээ хүртэл тооцлоо. Эрх мэдэл томтой нь жагсаалтанд нэрээ сийлэх бол бусад нь сурталчилгаагаа аль хэдийнэ эхэлж гараанаас түрүүлээд гарчээ. Итгэхгүй байвал телевиз үз. Хуулинд заасан сонгуулийн сурталчилгааны 17 хоног бол зөвхөн хаалтын ёслол, нижигнэсэн алга ташилт төдий юм. Хэвлэл мэдээлэл зөвхөн “бодитой мэдээлэл цацах үүрэгтэй”, энэ юу болохыг төр тогтоож өгөөд тэр дор нь хатуу шийтгэх учраас шүүмжлэл байтугай өчүүхэн төдий эргэлзээ гаргаж болохгүй.

Сонгуулийн хуулийн хамгийн эргэлзээтэй нь намаар сонгох. Анх 2012 оны намын жагсаалтаас болж Төрийн ордонд ойртуулж ч болмооргүй хүмүүс төрд гарахыг бид харлаа. Гайгүй санагдсан нэгнийг олж үзээд намыг нь дугуйлахад гайтай нөгөөдөх нь залгаастай орж ирнэ. Худалч хулгайч байсан ч салгахгүй, бөөндөнө. Намаар сонгох нь Үндсэн хуулиар тунхагласан Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох зарчмыг зөрчиж байгаа талаар дуугардаг улс төрчид байсан ч цагаа тулахад бүгдээрээ баталж орхив. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж ясаа цайтал үзэлцэнэ гэсэн жижиг намууд хүртэл дуугаа хураажээ. Бас л дарга нарт нь шанс учраас. Цаашилбал, бие даагчийг сонгосон мөртлөө намыг дугуйлаагүй бол санал нь хүчингүй болно гэх мэтээр эрх баригч, барилцагч намууд баталгаатай гарна. УИХ-ын гишүүд хууль болгоныг ингэж цоорхойгүй гаргадаг бол сайхан аа.

Хэрвээ сонгогчдоос жагсаалтын талаар асуусан бол зуун хувь “Үгүй ээ, тойроггүй, золбин УИХ-ын гишүүн хэрэггүй” гэх байсан. Чухам иймээс сонгуулийн хуулийн төслийг ноднин жилжин үзүүлэхгүйгээр, хагас нууц байдалтайгаар, сайндаа л гоёор ярьж өгөөд хэлэлцүүлсэн нэр хэмээсэн билээ.

2016 онд сонгогчдын саналыг амлалтаар худалдаж авахгүй хэмээн тангараг тавьж байсан улс төрчид он гарангуут амлалтын буухиаг эхлүүллээ. Жинхэнэ популизм гэж энэ дээ. Амлахаар барахгүй хүүхдийн мөнгийг бүгдэд өгнө, ипотекийн зээлийг 5 хувь руу буулгана гэхчлэн ээлж дараалан хууль болгоод баталж байна. Энэ явдал хаваржин үргэлжилнэ. Үүний тулд Хууль тогтоомжийн тухай хуулийг 2-р сарын 10-наас дагаж мөрдөх ёстой байсан атал дөнгөж сая нэн яаралтай дэгээр оруулж ирээд сонгуулийн дараа болгож хойшлуулж орхилоо. Уг хуулиар бол аливаа хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө заавал олон нийтийн хэлэлцүүлэг хийх тухай заалтууд байсан юм. Энэ хавар иргэдээс, сонгогчдоос юуг ч асуухгүй, дураараа дургина. Одоо зам нь шулуудаж, ирэх зургадугаар сард сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхэд бүгдийг амжуулсан байна. Тэд өөрсдийгөө сонгуулахад бэлэн болжээ.