Бидний жаран

Монголын нэн шинэ түүхийн эргэлтийн цэг бол гарцаагүй 1990 он. Түүнээс хойш даруй хорин таван жил өнгөрчээ. Хорин зургаа ч юм уу. Дахиад дөрөв, таван жил өнгөрөхөд гучин жил болно.

Тэгвэл 1990 оноос урагш бас гучийг тоолбол 1960 он! Малыг нь малчдаас хурааж дуусахад монголчуудын бүхэл бүтэн үе Улаанбаатарыг бараадаж улмаар орчин үеийн хот суурин, барилга, үйлдвэрлэл, соёл боловсрол цэцэглэсэн эхлэлийн цэг. Ингээд 25 жил өнгөрч 1985 он гарахад Монгол орон танигдахын аргагүй өөрчлөгдсөн хэрнээ дахиад таван жил өнгөрч 1990 он гарахад хямрал, дампуурлын ирмэгт тулсан байлаа. Ингээд гучин жилийн дараа нийгмээ солив.

Яг тэр жил манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монгол улс Азийн бар болох тухай хээ шаагүй зарлахад монголчууд хоёр мянганы заагаар баримжаалсан санагдана. Нэг мэдэхэд 2000 он өөрөө түүх болж 25 жил өнгөрч Монгол улс дахиад танигдахааргүй өөр болсон хэрнээ биднийг гадна, дотноос хэн ч арслан бараар цоллохгүй байна.

Миний үеийнхний үзэж өнгөрүүлж буй хоёр зууныг дамнасан 1960-аас 2020 оны хоорондох жаран жил дундаасаа яг хоёр тэнцүү тоонд хуваагдах болж байна. Тэр нь хоёр өөр нийгэм байж таарлаа. Одоо хэдхэн жил хүлээгээд гуч хүргэвэл … үгүй ээ, нийгэм солигдохгүй, гэхдээ Азийн бар болохгүй нь лавтай. 2020 гэсэн тоог бичихэд зарим зүйл санаанд орлоо. Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намаас дэвшүүлээд сонгогдсон “Монгол хүн – 2020” хөтөлбөр бүрэн биелж долларын ханш 2020 хүрнэ гэх мэт. Тэр үед тав, ерэн ес, 888 гэх зэргээр тоо цифрийн утга учрыг тайлдаг нөхдүүд нэг юм хэлэх биз.