Сонгуулийн өмнө хэвлэл мэдээлэлд онц байдал тогтооно

2016 оны сонгуулиар хамгийн чухал мэдээллийн хэрэгсэл болсон телевизүүд зөвхөн Сонгуулийн ерөнхий хорооны хуваариар дуугарах үүрэгтэй. Эрхтэй биш үүрэгтэй! Тэндээс зангахад амаа нээж дахиад зангахад амаа хамхина. Биш ээ, тэдний ам нээгдэхгүй, зөвхөн нам, нэр дэвшигчдийг яриулна, өгсөн нэвтрүүлгийг гаргана. Сэтгүүлчид өөрсдөө юу ч хийж болохгүй. Тэр тусмаа байр сууриа илэрхийлэх, шүүмжлэх, эрэн сурвалжлах тас хориотой. Энэ бүхэн 2008 оны 7-р сарын 1-ны дараах Онц байдлын дөрөв хоногт МҮОНТ цагдаагийн ерөнхий газрын мэдэлд очсоноос огт өөрцгүй юм. Энэ удаад ялгаа гэвэл бусад телевизийг хаахгүйгээр бүгдийг Сонгуулийн ерөнхий хороо мэдэлдээ авна.

Өмнөх сонгуулиар Интернэтийн сайтыг яаж хянахаа учраа олохгүй зүгээр орхисон бол энэ удаад нийгмийн сүлжээг хүртэл хаахад бэлэн. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах”-ыг хориглосон байна. Ямар мэдээлэл бодьгүй, хуурамч гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тогтооход Харилцаа холбооны зохицуулах хороо хааж өгнө.

Нэг л өдөр, тэр тусмаа ганц энэ сонгуулийн хуулиар ийм болчихоогүй. Эрх баригчид сонгууль болгоны өмнө хуулиа өөрчлөхдөө барьцаа чангаруулсаар явсаар ийм болов. 1990-ээд онд сонгуулийн сурталчилгаа хэдэн сараар үргэлжлэхэд хэвлэл мэдээлэл нэр дэвшигчдийг зоргоороо магтдаг, гэхдээ бас айж ичихгүй балбадаг, тэгээд алдаж оноод явдагсан.