Асуух эрхгүй ярилцлага

Дөрөвдүгээр сарын 23-нд TV5 телевизийн “Амжилтын төлөө” нэвтрүүлгээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ оролцож байх юм. Сонгуулийн сурталчилгаа байж таарна. Нэгэнт нэр дэвших юм чинь хачин сайхан юм олныг ярьж таарна. Нэг юм бүр гайхаш төрүүллээ.

2016.04.23. SBD M.Chimgee

-Дөрвөн жил хөөцөлдөж байж эмнэлгийн ажилчдын орон сууц бариулж хүссэн хүн болгоныг орууллаа. Нийт 44 хүнийг оруулсан. Эмнэлгийн ажилчдын цалин бага, том байр авч чадахгүй учраас айл бүрийг хоёр өрөө байх төсөл зохиосон… Одоо эмнэлгийн шинэ байр барьж байна. Герман технологиор. Улсаас нэг ч мөнгө авахгүй. Өмч нь орон нутгийнх байна. Хийж байгаа хүмүүс нь хувийн…”

Гайхалтай. Үүнийг сонссон адгийн  сэтгүүлчийн толгойд ч “Юу?! Улсын эмнэлгийн дарга шинэ эмнэлэг үнэгүй барьж өгөөд бэлэглэх хэрэг үү?” гэсэн асуулт орж ирэх байсан. Байгууллагаа менежментийн гэрээгээр удирдаж байгаа сураг дуулддаг энэ эмэгтэй өөрт хариуцуулсан эмнэлгийн эзэмшлийн газар дээр өөрийн дүү болон найз нартайгаа нийлэн “Ананд тауэр” гэх компани байгуулж 168 айлын хоёр орон сууц сүндэрлүүлж хориодыг ажилчиддаа хямд бишээр хүртээгээд, бусад нь шүлсээ залгиад өнгөрсөн, үлдсэн байруудыг зах зээлд зарж амжсан талаар мэргэжил нэгт нөхөд нь бичээд байгааг уншаагүй юм болов уу? Яагаад гэж хэдхэн асуулт тавьсан бол бүр илүү хачин сониныг үзэгчиддээ сонсгох байсан. Даанч сэтгүүлч Отгонбаатарт энэ талаар асуух эрх үгүй. Сонгуулийн нэвтрүүлэг гэж энэ. Асуулт тавих эрхээ зарчихсан. Нэртэйгээр нь микрофоноо зураглаачдаа өгөөд явуулчихгүй дээ…