Мэтгэлцэх шахав

Сонгуулийн сурталчилгааны оргил бол мэтгэлцээн. Тэр тусмаа нэр дэвшигч намууд социализмын ялалт амжилт, бүтээн байгуулалт маягийн ухуулгаар сонгогчдыг булж, завсраар нь бие бие рүүгээ хөлсний сэтгүүлч, хэвлэл мэдээллийг хулгайгаар илгээж өрсөлддөг манайд ганц үзүүштэй юм байж болохсон. Нүүр нүүрээ харж суугаад (эсвэл зогсоод) үзэлцэнэ гэдэг бол шударга.

2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа өндөрлөх мөчийг угтуулан МҮОНТ парламентад суудалтай намуудын дарга нарыг зэрэгцүүлж суулгасан нь болжээ. Нэгэн бичил намын дарга VIP хэмээн гомдонгуй цоллосон дөрвөл буюу АН, МАН, МАХН ба ИЗНН-ын даргын яриаг хөтлөгч нь мэтгэлцээн гэж хэлчихэж чадахгүй бөөрөнхийлж “мөрийн хөтөлбөр, бодлого зорилтондоо юу тусгасан талаар олон нийтэд мэдээлэл өгөх” гэж зарласан нь жол сонсдов.

“Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө”. Дараа дараачийн хүн мэдэж аваад хариу барих учраас тэр. Улс төрийн намын дээд шүүхэд бүртгүүлсэн дараалал саналын хуудсан дээр бичигдэхэд давуу тал хэдий ч мэтгэлцээнд эсрэгээр ажээ. Энэ орой тэр дарааллаар сөөлжүүлэхэд таван удаагийн хоёрт нь ууган намын дарга түрүүлж дуугарахад хүрэв.

Эхний асуулт. Уул уурхайн салбар улс орноо хөгжүүлэх цорын ганц хүчин зүйл биш, иймд улс орноо хөгжүүлэх талаар танай намын зорилт юу вэ?

М.Энхболд – З.Энхболд – Ц.Ганхуяг – Н.Энхбаяр гэсэн дарааллаар хариулав.

Дээрх асуултыг дарга нарт урьдчилж өгсөн эсэхийг мэдэхгүй, гэхдээ З.Энхболд уул уурхай ба бусад салбарыг харуулсан хоёр өнгийн дүрс авчирчээ. Сонирхолтой…

Хоёрдахь асуулт: Засгийн эрхэнд байсан намууд хийсэн ажлуудаа яг таг, баримттай хэл.

З.Энхболд – Ц.Ганхуяг – Н.Энхбаяр – М.Энхболд

Бүгд л УИХ-д зэрэгцэн сууж, бас Засагт орж хөөгдөж гартлаа урт богино хугацаагаар эрхэлсэн учраас “их ч идсэн өмхий, бага ч идсэн өмхий” болоод явчихав.

Гуравдахь асуулт: “Олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэдэг талаар. Өр үү, зээл үү?

Ц.Ганхуяг – Н.Энхбаяр – М.Энхболд – З.Энхболд

Хамгийн сүүлд хариулсан З.Энхболд ноутбукийн дэлгэцэн дээр диаграм гарган харуулаад өмнөх гурвын шүүмжлэлийг няцаав. Бараг өргүй юм байна.

Дөрөвдэх асуулт: Сүүлийн үед  иргэдийн хариулт хүсч байгаа … төрийн албан хаагчдыг сольж 60 тэрбум төгрөг авах тухай …

Н.Энхбаяр – М.Энхболд – З.Энхболд – Ц.Ганхуяг

Эхний гурван асуулт том, “бодлогын” байсан бол энэ илт МАН-ын эсрэг байж Н.Энхбаяр, З.Энхболд хоёр ам нийлүүлэн МАН-ыг балбаж өглөө.

Төгсгөлд нь намын дарга нараар дүгнэлт хэлүүлсэн дараалал нь М.Энхболд, З.Энхболд, Ц.Ганхуяг, Н.Энхбаяр.

МҮОНТ арайхийж зохион байгуулсан энэхүү “мэдээлэл өгөх ярилцлага”-аа гүтгэж доромжлохгүй, яриаг нь таслахгүй гэхчлэн хайрцаглаж, хөтлөгч нь асуултуудаа бүтэн хэлж чадахгүй бувтнаж, тэр байтугай нэг удаагийн хариултыг АН-ын даргаар эхлүүлсэн хэрнээ түүгээр дуусгах шахаж будилсан ч З.Энхболд, Н.Энхбаяр хоёр М.Энхболд руу байн байн дайрч (гуравдахь ерөнхийлөгч маань бас дөрөвдэхийгөө чимхээд амжив), нөгөөдөх нь няцаахыг оролдсоноор бага сага мэтгэлцэх шинж орсон. Гүтгэж доромжлохгүй тухай зааврыг Н.Энхбаяр сүүлд нь “Би хэн нэгнийг дайрч шүүмжлэхийг бодсонгүй, харин буруу үйлдлийг шууд хэлж сурах хэрэгтэй” гээд нясалчихаж байгаа юм. Манай улс төрчид мэтгэлцэх түвшинд хүрсэн атал олон нийтийн телевиз гэж бөөн садаа …

Сурталчилгааны хугацаанд олон нийтийн телевизээр гаргасанн УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн “мэтгэлцээн” нэртэй ярианууд өөр өөр тойрогт нэрээ дэвшүүлсэн, хоорондоо өрсөлдөөгүй эрээвэр хураавар нөхдийг (мөнгө төлснөөр нь юм болов уу) цуглуулж ээлжлэн яриулсан нь ямар юмны мэтгэлцээн байхав. Хэрвээ 60-р тойрогт нэр дэвшсэн Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил, эсвэл 61-р тойргийн С.Батболд, М.Батчимэг хоёрыг гэх мэтээр зэрэгцүүлж зогсоогоод (эсвэл суулгаад) үзэлцүүлсэн бол өөр хэрэг. Гаднын сонгуулийг ажиглахад, том намын юм уу өндөр рейтингтэй улс төрчид доошоо орж холилдох ашиггүй учраас мэтгэлцээнд ирэхгүй байх магадлалтай ч тойргийн бусад нэр дэвшигчид бүгд хүрээд ирнэ, ингээд ядахдаа гуравдагч нөхдийг хэн нь хэн болохыг сонгогчид харьцуулж харах байсан.

Хэзээ нэг манай олон нийтийн телевиз мэтгэлцээн зохион байгуулж сурах юм бол? Дахиад нэг дөрвөн жилийг алджээ.