Бид агуу ….

Бид агуу. Хүний түүхийг хэсэг зуур манлайлсан болоод тэр үү, өнөөдөр хоёр гүрний завсарт хавчуулаастай хэрнээ хүзүү сунган шоволзож, юм л бол монгол хүний генээс эхлээд дуучныхаа хоолойг дэлхийд зарлаж, Гиннесийн ном, Дэлхийн банк, стратегийн ордоос доош, их наядаас бага, 2030, 2040 оноос нааш юм ярихаа больжээ. Дээдсийн захиснаар мориноосоо буугаад тогтож хайрлахын оронд сав л хийвэл буцаж мордсоор өдий хүрлээ.

Бид том үйлтэй улс байж магад. Ер нь зорьсон хэрэг өчүүхэн аваас юу хүлээхэв. Их ашиг том наймаанаас л унах нь гарцаагүй. Оготнын нүх сахивал оготно л гарч ирнэ гэж үг бий. Даанч монголын том, их, агууг дандаа жижигхэн юмаар баллачихаад байна. (Англиар The devil is in the detail, оросууд “Дьявол в деталях” гэдэг, харин манайхны орчуулснаар “Чөтгөр жижиг юмны цаана нуугддаг” гэж яг үнэн) Тэр жижигхээн юм бол ердөө л ганц хүн, өчүүхэн санаа, бяцхан худал хуурмаг сэлт байх юм.

Бид агуу юм чинь дээрээс эхлэе. 2016 оны УИХ-ын сонгуулиар хэдэн зуун мянган хүний санал гээгдэж нэг нам хэт давамгайлсны шалтгааныг сонгуулийн тогтолцоо гэж бүгд оношлоод байна. Хуулиа эхний удаад батлахдаа сонгуулиас өмнөх 6 сарын дотор өөрчилж болохгүй тухай заалтыг А.Бакей нэртэй ганц гишүүн далд санаагаар сэмхэн хасч мэдэн будлиагүйсэн бол хавар нь УИХ-ын дарга З.Энхболд бүх суудлыг сөрөг хүчиндээ амсуулалгүйгээр хамах ховдог тооцоогоор шургуулсан өөрчлөлтүүд орохгүй, улмаар өөрсдөө онхолдохгүй байсан. “Болохгүй” гэсэн хуулийн ганцхан өгүүлбэрийн үнэ цэнэ!

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Риогийн олимпын чөлөөт бөхийн 65 кг-ын төгсгөлийн хэдхэн секундэд хөөрцөглөж байж медальгүй хоцорсон Мандахнаранг шүүгчид шийдчихээд байхад эсэргүүцэн хувцсаа тайлж шидэлсэн хоёр дасгалжуулагчийг зад өмөөрсөн билээ. Ерөнхийлөгчийнхөөр бол, тэд эх орноо нүцгэн цээжээрээ хамгаалсан баатрууд. Золтой л улсын баатрын тэмдэг зүүсэнгүй. Гэхдээ барилдаан яавч 5 мин 41 секунд биш, бүр 5 минут 56 секунд ч биш, яг 06 минут 00 секунд үргэлжилдэг дүрэмтэйг хааш нь хийх вэ? Дөрөвхөн секунд!

Наймдугаар сарын 30-нд Хөвсгөл нууранд 26 настай залуу хамгийн бага нь зургаан настай дөрвөн жаалыг суулган зугаалж явсан моторт завь хөмөрч бүгд амиа алдсан билээ. Ослын мөрөөр телевизийн хэлэлцүүлэг болов. Хянаж шалгадаг хүмүүсийн тоо цөөддөг хэмээн арай баримжаатай эхэлснээ завины дүрмийг монголоор орчуулья, эрх зүйн орчин дутуу байна, нуурын эргээрх жуулчны баазуудыг холдуулах хэрэгтэй гэхчлэн дээш хөөрсөөр Хөвсгөл нуурын аялал жуулчлалыг хөгжүүлэх Азийн хөгжлийн банкны гурван том төсөл хэрэгжүүлэхийг зарласнаар өндөрлөв. Завинд суусан хүн бүр аврах хантаазийг гэрээсээ гарахдаа гутлаа угладаг шигээ заавал өмсөх, бас өмсүүлж байх аргыг банк манкнаас өмнө олох ёстой байсан биш биз? Нөгөө осолдсон хүүхдүүдийн хэн ч тийм хантааз өмсөөгүй, гэтэл завины урд хайрцагнаас хүүхдийн 4, том хүний 5 хантааз гарч ирсэн гэж тэнд очсон сэтгүүлчид ярьжээ. Азийн хөгжлийн банк уу, аврах хантааз уу? (Найзыгаа уснаас аварсан сурагч хүүгийн нэгэн түүх. Багш нь ангийнхний нь өмнө баатарлаг явдлыг магтахын хажуугаар, ийм сайн хүү хичээлээ давтдаг, үймүүлдэггүй байх ёстой гэх мэтээр далимдуулахад бяцхан гомдсон хүү тэсгэлгүй хэлсэн нь: усанд сайн сэлдэг байхад болохгүй юм уу?)

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчийн хэдэн өдөр хэвлэл мэдээллээр замын хөдөлгөөний шинэ хууль журам 9-р сарын 1-нээс хэрэгжинэ, зөрчвөл хатуу шийтгэдэг болох тухай шуугисан билээ. Нэг нь эхлүүлж бусад нь давалгаалуулсан хэрэг. Хайлтын системд үлдэж хоцорсон зарим мэдээний гарчгийг огноотой нь дурдваас:
“Aug 30, 2016 – Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль нөгөөдрөөс буюу 9-р сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Шинээр хэрэгжиж эхлэх энэхүү хуулиудтай …”
“Sep 1, 2016 – Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхийг хориглосон. 9-р сарын 1-нээс мөрдөгдөх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн …”
Aug 4, 2016 – Есөн сарын 1-нээс мөрдөгдөх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Aug 30, 2016 – 9 сарын 1-нээс ЖОЛООЧ таны баримтлах 24 дүрмийг танилцуулж байна
2016 оны 08-р сарын 30. Есдүгээр сарын нэгнээс Замын хөдөлгөөний дүрмийн хатуу чанга 24 заалт … 1. … Гэрэлтүүлэг бүрэн бус хөдөлгөөнд оролцвол 48.000 төгрөгөөр торгоно…
Замын цагдаагийн газраас арга буюу залруулга гаргаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь 2015 оны 9-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2016 оны 9-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ямар нэгэн шинэ хууль, дүрэм байхгүйг анхааруулсан. Хүчин төгөлдөр болоод бүтэн жил өнгөрсөн хуулийг бидний нэг хэсэг огт мэдээгүй тууж явсан байна. Юун хэрэгжүүлэх…

“Хэн нэгнийг буруутгахдаа биш, гол нь тогтолцоог өөрчлөх хэрэгтэй” гэж гоё тайлбар биднийг эзэмджээ. Ингээд хамаг улсаараа бодлого, хөтөлбөр, стратеги, хууль ярих ажилтай. Шинэ хууль батлангуут боловсронгуй биш, цоорхойтой тухай дуугарч эхлэнэ. Яг хэрэгжүүлэх болохоороо өөрчилж орхино. Эцэстээ гол буруутанг олж тогтоогоод давшилж буй нь Үндсэн хууль гуай. Нэгэнт тогтолцооны буруу юм чинь хэн ч хариуцлага хүлээхгүй. Нам дамнасан олигархууд гэж том цоллодог ч нэрлэдэггүй. Эрдэнэт үйлдвэрт 10 жилийн цаас шахсан, шахуулсан нөхдийг зарлахад л бүх асуудал шийдэгдэх байтал “хэн нэгнийг буруутгаад яахав”. Элдэв эрхмүүд зурагтаар “энэ хэний шидсэн чулуу болохыг мэднэ” гэж даналзах авч төдөлгүй мэдэхээ байчихна.

Нийслэлд барилга байшин чихэлдэж зам бөглөрсөн явдал 30-40 жилийн өмнө зөвлөлтүүд Улаанбаатарыг 600 мянган хүн амьдрахаар тооцоолсноос болсон гэж гомдоллодог монгол заншил дэлгэрчээ. (Нээрээ яагаад 1,3 сая хүний орон сууцыг барьж бэлтгээд түлхүүрийг нь хүлээлгэж өгөөд яваагүй юм бол? Бүр машины зогсоолтой нь!) Ингэж хэлмэгц 1990 оноос хойшхи нийслэлийн бүх Засаг дарга нар хөөрхий хохирогч болцгоож байгаа юм. Газрын мафи гэж байх ч үгүй. Уг нь газар, барилгын зөвшөөрөл тус бүрийн дор гарын үсгээ тавьдаг албан тушаалтнуудаас ядахдаа цор ганц нь хууль, журам, норм стандартын хэдхэн тоог ягштал бариад “үгүй” гэсэнсэн бол нийслэлийн бүх орон сууцны тоглоомын талбай бүтэн, тухайлбал, Зайсангийн ам чигжигдэхгүй байсан. Хуулиараа бол тэндхийн барилга, байгууламж аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон учраас хоорондоо 5 км-ийн зайтай байх ёстой, гэхдээ өнөөдөр ядахдаа 5 метрийн зайтай баригдсан нь яамай даа. Бас Туул голын хамгаалалтын бүс дотор хайрга олборлохгүй байсан. Өнөөдөр эксковатораар ус самардах нь холгүй ухаж байгаа. Саяхан УИХ-аас байгуулсан ажлын хэсэг түүгээр үүгээр явж үзээд голын сав газар, түүний ойр орчимд элс хайрга олборлохыг зогсоох хэрэгтэй гэжээ. Агуу нээлт хийсэн байна шүү! Анх зөвшөөрөл хүсэхэд нь Ашигт малтмалын юмуу байгаль орчны хэн нэгэн албан тушаалтан “болохгүй ээ, хууль зөрчинө” гээд зогсоож болох байсан. Хувь хүний түүхэнд гүйцэтгэх үүрэг гэж энэ. Заавал эзэн хаан юмуу жанжин байх албагүй.

Саяын сонгуулиар нэр дэвшигчид Монгол Улсыг хямралаас аврах аргыг уралдан хэлж өгсөн билээ. Тэр арга бол: НАМАЙГ СОНГОЧИХ. Даанч УИХ-ын орон тоо ердөө 76 тул бусдыг нь унагаад үлдээсэн хэд маань сонгуулийн дараа олигтой мэдэхгүй болж таарлаа. Чухам мэдэхгүй байгаа учраас хаа сайгүй нэвтрүүлэг, чуулган, уулзалт, клуб, өглөө оройны цай ундаар энэ асуудлыг хэлэлцэж, хөрөнгө оруулалт татах, зээлийн хүүг бууруулах талаар уралдаан тэмцээн хүртэл зарладаг болов. Юу хийх ёстойг бүгд хэлж байна, гагцхүү чадах уу? Өнгөрөгч есдүгээр сард нэгэн арга хэмжээн дээр германы элчин сайд Монгол Улс “гайхамшгийг бүтээх” гэхийн оронд “гэрийн даалгавраа сайн хийхэд л хангалттай хөгжинө” хэмээн зөвлөжээ. Учиртай хэлсэн байна. Хууль, дүрэм, журмын яг заалт, түс тас овог нэр, алгасаагүй бүртгэл, хөдөлшгүй тоо цифр, минут, секунд мэтийн “жижиг сажиг” асуудал Монголыг аврах болж байх шиг …

Бидний агуу арай хэтрээд байна.

Сурталчилгаа