Иргэд ээ, хорооныхоо сонгуульд оролцогтун!

Энэ удаад сонгууль гэж хэдхэн сарын дараа нүргэлэх Ерөнхийлөгчийн биш, харин хэдхэн хоногийн дараачаас сэмээрхэн эхлэх, тэгсэн хэрнээ хожим сонсоход бөөн будлиантай шуураад өнгөрсөн байдаг нийслэлийн хороодын иргэдийн нийтийн хурлуудыг хэллээ. Хурал нэртэй ч түүгээр хорооны иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч таван хүнийг сонгож, бас хорооны Засаг даргад нэр дэвшүүлдэг учиртай. Хорооны ардчилал ингэсхийгээд дуусах бөлгөө. Дараачийн дөрвөн жилд бүртгэл, шилжүүлэг энэ тэр гэж хуруу дарам удаа ороод гардгийг эс тооцвол хороо хорин бидэнд нэг их падлийгүй. Аа тийм, орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлэг гэж сүр дуулиантай эхэлсэн, сүүл рүүгээ замхарч буй нэг ажил буй.

Хорооны хурлыг намууд өрөөсөн нүдээрээ ч тоож хардаггүй мэт харагддаг хэдий ч цаагуураа бол булаацалдаад үзэж тарсан байдаг. Тэр хавиас сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн дүүргийн хурлын төлөөлөгч, Засаг дарга нарт өөрийн талын хорооны Засаг дарга тун хэрэгтэй байдаг бололтой. Уг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд баг, хорооны иргэдийн нийтийн хуралд намууд оролцох, нэр дэвшүүлэх тухай үсэг ч байхгүй. Харин бодит байдал дээр хорооны засгийн эрхийн төлөө жинхэнэ улс төрийн сонгууль болдог тул жирийн иргэд дайжиж анхнаасаа маш муу оролцож ирсэн. Арга бараад 20-30 өрх тутмаас нэг хүн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж хуулинд оруулаад орхисон билээ. Нийслэлийн 152 хороо тус бүр дунджаар 8000-9000 хүн, барагцаалбал 2000-аад өрхтэй гэж үзвэл зуу хүрэхгүй хүн цуглахад хүчин төгөлдөр болчихож байгаа. Бас хэн ямар өрхийг төлөөлж ирснийг бүртгэдэггүй, давхардсан эсэхийг тоолдоггүй эмх замбараагүй цугларалт болж өнгөрдөг.  Тэгээд завааруулж өгнө дөө.

Урьд жилүүдийн иргэдийн нийтийн хурал тойрсон адал явдлуудаас зарим нэгийг тоймолбол:

  • Иргэдийн нийтийн хурлын зарыг урьд өдрийн орой, хүмүүс гэртээ орсон хойно наадаг. Маргааш өглөө нь ажил, сургуульдаа яарсан оршин суугчид олж хардаггүй, харсан ч ажлаа зохицуулаагүй тул амжихгүй. Тэр тусмаа голдуу ажлын өдөр байдаг. “Оршин суугчид өөрсдөө идэвхгүй, голдуу ахмадууд оролцдог” гэдгийн үндсэн шалтгаан энэ.
  • Ирц хүрсэн, зааланд багтахгүй нэрээр нэмж ирсэн хүмүүсийг оруулдаггүй. Би орох ёстой гэж зөрүүдлэвэл хорооны байцаагч хэв журам сахиулаад бэлэн зогсож байх. Хуулинд “хорооны Хурлын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулж болно” гэж байдаг ч хэзээ ч тэгдэггүй.
  • Хорооны нийтийн хуралд нийслэл, дүүргийн төлөөлөгчид ирээд сүр бараагаа харуулж, бас үг хэлж чиглүүлдэг, тэр байтугай намууд хурлын тэргүүлэгчид, Засаг даргад албан ёсоор хүмүүсээ дэвшүүлж санал хураалгадаг.
  • Тухайн хороон дахь МАНАН-гийн хоёр үүр тус тусын намын гишүүдийг олонхи байлгахын тулд есөн шидийн арга хэрэглэнэ. Өөрийн намын үүрийн гишүүдэд ширхэгчлэн зарлаж тэднээр ирц бүрдүүлээд хуралддаг. Эсвэл тулгаж байгаад хурлын байр, цагаа өөрчлөхөд нөгөөдүүл нь мэдэж амждаггүй, амжсан ч олуулаа ирж чадахгүй. Намын үүрийн хурал гэж эхлээд түүнийгээ иргэдийн нийтийн хурал болгож хувиргадаг. Зарим иргэн сэжиглээд хүрч ирвэл намын үүр хуралдаж байна гээд буцаана. Ням гаригийн өглөө эрт Иргэдийн нийтийн хурлыг гэнэдүүлж хуралдуулсныг нөгөө намынхан мэдэлгүй гэртээ унтаж байгаад чадуулсан өрөвдөлтэй түүх бий. Нэгэн удаа 300-аад хүн цугларч зааланд багтахгүй байсан тул хойшлуулахаар шийдээд тараасны дараа нэгэн намын үүрийнхэн сэм тохирч үлдээд хуралдсан гэх мэт.

Иймэрхүү тохиолдолд тамга атгаж суугаа нь дийлэх талдаа, гэхдээ дүүргийн Засаг дарга нөгөө намынх бол хорооны Засаг даргыг батламжлахгүй, ажлаа өгөхийг шахна, гэнэт халагдсаны 10 саяар даллаж өргөдөл бичүүлнэ, үүрэг гүйцэтгэгч томилно гээд арга мундахгүй.

Монгол улсын хуулинд баг, хороо гэж цугтаа бичигддэг. Хөдөөний ба аймгийн төвийн багийн иргэдийн нийтийн хурлуудын талаар элдэв сураг дуулддаг, гэхдээ сайн мэдэхгүй учраас орхисугай.

Үйлдвэрчний эвлэл бол коммунизмын сургууль гэж ярьдагсан. Тэгвэл өнөө цагт баг, хороо (бас Сууц өмчлөгчдийн холбоо) ардчиллын сургууль баймаар санагдана. Харамсалтай нь тэгэж өгөхгүй байна. Харин энэ удаагийн хорооны иргэдийн нийтийн хурлууд яах бол? Маргааш, нөгөөдөр буюу энэ амралтын өдрүүдэд энд тэндгүй эхэлж байгаа даа…

Төгсгөлд нь зураг үзүүлье. Швейцарийн иргэд хуралдаж саналаа өгч байгаа нь гэнэ ээ.

swiss-democracy

Сурталчилгаа