Олон нийтийн телевизийн үнэ ханш 

Манай томчууд голдуу зүв зүгээр өнгөрөөд байдаг, солонгосын жишгээр бол мянга мянган хүн Сүхбаатарын талбай дээр гарчихсан нүргэлж байдаггүйн том шалтгаан бол сөрөг сурталчилгаа явуулж аажмаар цайруулдаг арга буюу хаалтын гэрээ, захиалга төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг сэлт юм. Хамгийн том цахим сайт, сонин, телевизууд … дугаар ерөнхийлөгч тэргүүтний атганд байхад өөр аргагүй. Бүр олон нийтийн телевиз хүртэл шүү.

Үндэсний зөвлөлийг нь улс төрчид олон нийтийн биш өөрийн төлөөний хүмүүсээр улаан цайм бүрдүүлж, тэд цаашаагаа урьдчилан томилж ирүүлсэн бэлэн захирлыг сонгон шалгаруулж өгдөг хэвээрээ. (Эцсийн сонгон шалгаруулалтанд орсон Л.Нинжжамц, Б.Цондовдорж, Б.Ундраа гурвын мөрийн хөтөлбөрийг үзэх юмсан) Олон нийтийн радио, телевизийн хууль батлагдаж 12 жил өнгөрөөд байхад шүү! Үр дүнд нь юу ч өөрчлөгдсөнгүй.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд ийм заалт байдаг.

13.1. Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.

13.3. Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй байна.

Хоёр хувиас хэтрэхгүй! Гэтэл Харилцаа, холбооны зохицуулах хорооны сар тутмын мониторингийн тайланд зар сурталчилгааны хэтрэлт байхгүй гэж гардаг. Амар юм болжээ. УИХ-ын чуулганы тойм, Нээлттэй засаг, яам, агентлагын мэдлийн хөтөлбөрөөс эхлээд банкнуудын хонжворын тохирол, саяхны сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, автодилерийн үйлчилгээ, “Хөгжил шийдэл” нэртэй нэвтрүүлгүүд ядахдаа далд сурталчилгаа биш юм гэнэ. “Нийгмийн хариуцлагын хүрээнд”, “харилцагч байгууллагын ирүүлсэн”, “олон нийтэд хүргэх арга хэмжээ”, “үндэсний брэндийн танилцуулга” ч гэх шиг халхавчуудыг сөхөж үзээсэй. “Зааны торны гадна үхэр гэж бичсэн байвал бүү итгэ” гэж үг байдагсан.

13.2.2. улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх, мөн ийм мэдээллийн нэвтрүүлэгч зар сурталчилгаа бэлтгэх, бүтээх, дамжуулахад оролцохгүй байх;

13.2.5. 20 минутаас дээшгүй үргэлжлэх нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх.

Олон нийтийн телевиз дээрх заалтуудыг алхам тутамдаа дэвсэлж, улмаар өөрийгөө хэдийнэ арилжаалсны нотолгоо бол “МҮОНРТ-ийн ажил, үйлчилгээний үнэ тариф” юм. Бодвол, захирлын тушаалаар баталсан. Ингээд нэвтрүүлгүүд, тэр дундаа дээд зэргээр хараат бус байх ёстой мэдээ, сурвалжлагуудаа лангуун дээр тавиад зарж байгаа оргил цагийн зарим үнийг түүвэрлэв:

Сурвалжлага, 1 минут – 1,000,000 төг

Бэлэн нэвтрүүлэг эфирт цацах, 1 минут – 200,000 төг

Нэвтрүүлэг бэлтгэж эфирт цацах, 1 минут – 250,000 төг

MM today нэвтрүүлэг 1 удаа – 150,000 төг

Шууд нэвтрүүлэг, ярилцлага, 1 минут – 250,000 төг

“Өглөө” нэвтрүүлэгт зочноор оролцох – 350,000

“Цагийн хүрд” нэвтрүүлэгт зочноор оролцох, 1 удаа – 2,000,000

Та минь ээ, олон нийтийн телевизийн ямар ч мэдээ, сурвалжлага тэр чигээрээ цаад эзний захиалгаар дуугарч, мөнгөөрөө зодсон зочин хүртэл заларч байж мэдэх нь. Арилжааны биш олон нийтийн телевиз ийм болно гэж зүүдэлсэн ч үгүй.

Үнэ тарифаа үргэлжлүүлж ивээн тэтгэлгийн багц гэгчийг гаргажээ. Компаниуд 30 сая төгрөгөөс дээш гэрээ хийвэл “Цагийн хүрд”-ээр төлбөртэй мэдээ өгөх эрх үүснэ, 50 саяас дээш бол дуртай үедээ болно. Төрийн байгууллагууд бас тарифтай бөгөөд дураараа дургих босго нь 30 сая төгрөг. Товчхондоо, “мөнгөө төлөөд надаар юу дуртайгаа хийлгэ”. Олон нийтийн телевиз яагаад биш болсон, юуны учир энэ олон худал хуурмаг, хулгай дээрмийг зөөлөн гараараа илээд өнгөрч буйн хариулт эндээс олдоно.

Бас болоогүй, титр урсгах, хөтлөгчөөр дамжуулан амаар хэлүүлэх, логотой хувцас өмсгөх гээд санаанд оромгүй уран аргуудтай болжээ. Тэр чигээрээ сурталчилгааны сайхан далим болсон цэнгээнт нэвтрүүлэгт оролцоход гурван сая (мөнгө муутай байгууллага, хамт олонд хүртээлгүй гэсэн үг), зүгээр баярын мэндчилгээ дэвшүүлэхэд минут нь хоёр сая төгрөг. Иймээс шинэ жилээр баахан элчин, захирлууд тансаглан мэндчилсэн юм байна.

Тэгвэл их мөнгөгүй бусад нь яах вэ? Дээрх үнэ тарифийн төгсгөлд “төрийн ба төрийн бус байгууллагууд гэрээтэй эсэхээс үл хамааран төлбөрөө урьдчилан төлж мэдээ явуулах боломжтой” гэсэн тайлбар зүүжээ. Ямар сайхан боломж вэ! Олон нийтийн телевиздээ баярлалаа!