Албан ёсны мафи

Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл буюу мафийг их Наран улсад якуза гэдэг. Ямар ямар бүлгүүд байдгийг япончууд байтугай бид мэддэг болсон байх. Гагцхүү тэднийг японы цагдаа нар шоронд байршуулалгүй тэвчээд байдгийг ойлгоход бэрх. Энэ бүлгийн якуза нар цуглаад тэрийг толгойлогчоо болгов, эсвэл хоорондоо муудалцаад алалцаж байна гэхчлэн дэлхийгээр нэг цацаад байхад шүү. Би бага сага уншаад юу ойлгов гэвэл тэдний хэн нь хэн болох, хаагуур ямар юмаа хийгээд яваад байгааг мэдэж байхын тулд тэвчдэг юм шиг байна. Нэг ёсондоо, үргээдэггүй. Хар шилээ зүүж, шивж эрээлсэн бие хаагаа цухуйлгаад явж л байг. Харин даварвал шууд бариад авна. Мэдэж байгаа юм чинь.

Тэгвэл манайд тийм “сайн эрчүүд” байна уу? Хаантай бол хаантай, харцтай бол харцтай улс юм хойно байж л таараа. Дээрхэн хэд гурваараа нийлж зодоон, хулгай дээрэм хийдэг байсан бол зах зээлийн эхээр дэл сул юмыг үгсээд сэмхэн туучихдаг, харин одоо татгалзахааргүй санал тавьдаг, тэгээд чаддаг хэсэг бүлэг хүмүүс яах аргагүй байна. Гэхдээ тэд гудамжинд алга. Утасны үзүүрийг хайхлаар явсаар байгаад дээшээ хөврөөд харагдахаа больсон байх юм.

Ерээд онд Өмнөговь аймаг дахь “Таван толгой” хувьцаат компанийн хувьцаагаар тараасан 49 хувийн ихэнхийг бөөн зарга заальхайн дунд цуглуулсан, дараа нь Өмнөговь аймгийн Засаг даргын зөвлөх болж орон нутгийн мэдлийн 51 хувийн өмнөөс төлөөлөн удирдах зөвлөлд орж дарга нь болсон, тэрбумын татвараас зугтсан зэрэг олон дуулианы эзэн эрхэм 2012 оны сонгуулийн дараа Батлан хамгаалахын сайдаар томилогдсоныг сонсоод Монгол улсын зэвсэгт хүчний генерал, офицер, байлдагчид түүний өмнө тэвхийтэл ёсолж зогсоно гэж бодоход сонин санагдаж билээ.

Одоо сонин биш болжээ. Мэдсээр байж “мэргэн сонголт” хийцгээж байна. Монгол жижиг улс болоод тэр үү үргээчихсэн бололтой. Тэд далд ороод гоё хувцсаа өмсөөд боловсон дүрээр гарч ирсэн байна.

Урьд нь тэд буруу зөрүү юм хийж амжаагүй байхдаа өндөр албан тушаалд очоод дараа нь задардаг байсан бол одоо амжуулчихаад очиж байна. Саяхан нийслэлийн ИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдов. Түүний эзэмшдэг “Оюуны ундраа” компани тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын Зайсан толгойг таллан эмтэлж аваад “Хувьсгалт Монгол” танк, Зөвлөлийн дайчдын хөшөөг цэнгээний газрынхаа манаач томилсон билээ. Тэрбээр одоо өндөр суудалд очоод ариун мөрийн замд орох болов уу? Бараг үгүй биз. Ийм хүмүүс урьд нь хууль зөрчөөд хийж байсан үйлдлээ өнөөдөр тушаал, захирамж, тогтоол, бүр хууль болгож байгаад хийж чадна. Албан ёсны мафи гэмээр санагдаад явчихлаа.

Сурталчилгаа