Манай сэтгүүлүүд

Сэтгүүлч гэдэг үг бол сэтгэдэг барьдаг гэсэн лаг утгатай биш, зүгээр л өртөө хооронд довтолгодог хурдан тэмээ буюу сэтгүүл тэмээний нэрнээс гаралтайг доктор Л.Норовсамбуу судлаад тогтоосон бий.  Яваандаа тийм тэмээг унаж мэдээ занги хүргэдэг хүнийг заадаг, сүүлдээ манай мэргэжлийн нэр болсон хэрэг. Гэхдээ сэтгүүл тэмээ нь улаа нэхэхэд тохирсон ер бусын урт хөлтэй учраас хэвтэхэд таваг нь гэдэсний голд тэвхдэж биеийг тулж хэвлий доогуур гэрэл сэтгэж харагддаг учраас тэгэж нэрлэсэн, харин сэтгэх гэдэг үг нь бөглөрсөн юмыг сэтгэх (гаансны толгой гэх мэт), ухаж гаргах, цаашилбал аливааг нээх, ургуулж тунгаан бодох гэхлээр бас ч хоосонгүй мэргэжил бололтой.

Одоо сэтгүүлийн тухай.

Аль нэг улсын хөгжил цэцэглэлтийн дүр зураг болгож тэнгэр өөд сэтгэсэн өндөр барилгуудыг харуулдаг. Минийхээр бол хэвлэлийн лангуу, тавиур дээр дөрвөлжилсэн үй олон сэтгүүлийг нэмэх хэрэгтэй. Урьд цагт улс орон тэнцвэрээ алдаж бужигнахлаар цаг үеийн шуурхай талруугаа сонин, ухуулдаг хуудсууд давамгайлдаг бол цэгцэрч урагшлахын хэрээр сэтгүүлүүд урагшаа гарч ирдэг байсан. Өнөөдөр хамаг мэдээлэл цахимжиж цаасан хэвлэл шахагдсаар нэг улсад, ганц хотод ийм олон гардаг юмуу хэмээн гайхашруулсан өдөр тутмын сонинууд ганц хоёроор хорогдож, шар гэгдэх сонинууд бол нэлээн шингэрчээ. Харин сэтгүүлүүд нэг хэсэг оволзсон нь цаг хугацааны хувьд Монгол Улс мөнгөтэй болсон 2010-аад онтой таарч, одоо намжаад буй. Хямрал, хямрал, хямрал. Манайд сэтгүүлүүд рекламан дор оршин тогтнох учраас тэр.

Сэтгүүл бол төрөлжилт. Өмнөх нийгмийн үед ч мөн адил. “Намын амьдрал” хүртэл дарга нарт, “Ухуулагчийн өврийн дэвтэр” намын үүрийн дарга, идэвхтэнүүдэд, “Сурган хүмүүжүүлэгч”, “Шинжлэх ухаан, амьдрал”, “Залуу зохион бүтээгч” гээд бүгд тус тусын уншигчтай байв. Сэтгүүл бол сонголт. Хүний хэрэгцээг дагаад сэтгүүлүүд түмэн янз болжээ. “Монгол шуудан” компанийн хэвлэлийн захиалганд орсон зуу шахам сэтгүүлээс гадна нийтэд зориулаагүй учраас тэнд жагсдаггүй, салбар, мэргэжил, эвсэл холбоо, эрдэм шинжилгээ,  төсөл, хөтөлбөрийн болон сурталчилгаа, бүр байгууллагын гээд дахиад зуугаад сэтгүүл лав байна. Энд тэндгүй нарийн мэргэжлийн сэтгүүл. Элэг, бөөрний эмч нарын бүү хэл шүдний эмчийн сэтгүүл байна гээд бод доо.  Хүмүүс ямар ажил хийнэ, юуг сонирхоно, түүгээр сэтгүүл гаргаж байна. Гурван жилийн өмнө Hair World гэж англи нэртэй, гэхдээ яах аргагүй монгол, “Эрэгтэй, эмэгтэй үсний” гэж тодотгосон сэтгүүл гарсан. Нэг дугаараас хэтрээгүй ч сонин жишээ. Ер нь 7,14 хоног, сар, улирал тутмын жижиг сажиг сонин бичиг, сонингуудын дийлэнх нь үнэн хэрэгтээ сэтгүүл болох бяр дутсан хэвлэлүүд юм

Аливаа улс орнуудын сэтгүүлүүдийн манлайд улс төрийн нийтлэг сэтгүүлүүд байдаг. Дотоодын ба дэлхийн үйл явдлыг долоо хоногоор тоймолдог Америкт бол  Time, Германд Stern, Spiegel, Их Британид Economist, хойт хөршид Огонек гэх мэт. Энэ орон зай нэг хэсэг эзэнгүй байснаа 2010 онд “Үндэстний тойм” мэндэлж, хорвоод аливаа юм хос байдаг зарчмаар “Титэм” гэрэг” сэтгүүлийг дагуулсан ч эхнийх нь ноднингоос хойш гарахаа больж сонгуулийн сурталчилгаанд оролцохоос хэтрэхгүй байснаа энэ намар сэргэсэн бол нөгөөдөх нь цахим хэлбэрт бүрэн шилжсэн. Хааяа цаасан дугаар хэвлүүлдэг гэсэн шүү.

Хавтсан дээрээ юуг гаргаж тавьсан нь сэтгүүлийн тавин хувь. Санаанд үлдэж хоцрохын хувьд бараг 100 хувь. Ерөнхийлөгч Х.Баттулгын эхний 76 хоногийн тухай “Ерөнхийлөгч я.ав? (л үсэг нь мултраад унаж буй) гэж асуусан “Үндэстний тойм”-ын хавтсыг харсан хэн ч мартахгүй биз. Гэхдээ манайд болж буй үйл явдлууд дэндүү марзан бөгөөд хурдан, иймээс намба заасан сэтгүүлүүд дагахад хэцүү учраас улс төрийг тоймлох үүргийг телевиз, цахим сайтуудад алдчих шиг боллоо. Харин мөнгөө дагаад бизнесийн, тэр дундаа уул уурхайн гайгүй явж буй хэдэн сэтгүүл бий.

“Эх орондоо оруулж ирлээ”. Барууны бараа, үйлчилгээг Монголд авчирдаг тэр хөдөлгөөн сүүлийн жилүүдэд сэтгүүлийн зах зээлд өрнөсөн. Ерөөсөө сэтгүүл гэдэг бол тэдний бүтээл учраас төгс болтлоо зүгширсэн загвар, бүтэц, бизнесийн загвар, үг хэллэгийг хүртэл бэлнээр авдаг. Тод жишээ бол Forbes Mongolia. Уг сэтгүүлийн алдартай жагсаалтууд манай бизнес манлайлагчдыг дэлхийн жишгээр өргөмжилж байгаа юм. “Газрын тосны мятаршгүй магнат” (Ж.Оюунгэрэл), “Нугаршгүй хатан зүрхтэн” (Ц.Гарамжав), “UBS – энтертэйнмент бизнесийн вант улс” (Ц.Балхжав), “Монос”-ын Хүрэлбаатар – Монголын Томас Эдисон”, “Хүнд үйлдвэрлэлийн магнат” (Б.Нямтайшир), “Худалдааны хаан” (Ш.Баярсайхан), “Мөнгөний хаан” (О.Орхон) гэсэн хавтаснуудыг харахад дотор нь юу бичсэнийг унших ч шаардлагагүй мэт ойлгомжтой. “40 хүртэлх 40 манайлагчид”-ийн жагсаалтанд орсон монгол залуучууд зүгээр нэг баярын бичиг, өргөмжлөлтөнгүүдээс хамаагүй дээгүүр.

Гэхдээ гаднын угшилтэй сэтгүүлүүд бүгд амжилттай биш. National Geographic тэгэсхийгээд зогссон. Playboy явсангүй. Харин Cosmopolitаn найм дахь жилдээ оршин тогтнож 70 гаруй дугаар гарчихаад байна. Гоё сайхан, гоо сайхны амтыг хүүхнүүд нэгэнт мэдэрсэн, тэд хүсч байгаа бол хямрал мямрал юу ч биш.

Тэгвэл хэдийнэ есөн нас хүрч, одоо хоёр долоо хоног тутам, нийт 176 дугаар гаргаж амжсан “Соронз” өөрсдийгөө папараци гэж тодорхойлдог хэсэг сэтгүүлийн манлай нь.  Элдэв эрхмүүдийн хувийн амьдралыг “хичнээн удаан  ганц бие явахав, ханьтай болсон байна, ашгүй дээ” гэж байгаад зураг хөрөгтэйгээр дэлгэдэг төстэй сэтгүүлүүд гэвэл “Гранд” (саяхан 100 дахь дугаараа гаргажээ), Like, People of Mongolia гээд үргэлжилнэ.  Хоорондоо төстэй, заримдаа сэтгүүлийн нэрнээс өөр ялгаа олдохгүй.

Энэ олон сэтгүүлийг тоймлох ч арга алга, гэхдээ нэгийг онцлоё. Энэ бол “Зиндаа”. Монголын хамгийн зузаан, бас хамгийн үнэтэй (50 мянган төгрөг) сэтгүүл. Ноднин мэндэлсэн хэрнээ жилийн дотор тус бүр хэдэн зуун хуудастай 7 дугаар гаргажээ. Арвин агуулгатай, зузаан боть шиг  уншаад байх сэтгүүл.

Боть гэснээс заримдаа сэтгүүлийн сайн өгүүлэл бүхэл бүтэн номноос дутахгүй. Ингэж ном болгох, арайхийж хэдхэн ширхэгийг хэвлүүлэх, тэгээд борлуулах гэж зовохын оронд холбогдох сэтгүүлд өгүүлэл болгоод биччихээсэй гэж бодох мөч бий. Жижигхэн товхимол баймаар бичвэрийг хүртэл сунгаж, шохойтой цаасан хэвлүүлж, зузаан хавтсанд оруулаад “номон хөшөө босгов” байх юм. Бүх ном тоосго шиг хүндэрснээс болж шог зураач С.Цогтбаярын номын сангийн тавиур гэнэт хугарч аюул болсон бол С.Дулам докторын номнуудыг харсан бэр нь “За аав минь, байшин барилга гэдэг чинь даацын хэмжээтэй. Таны номын сан нэг мэдэхэд доод айл руу буучих вий” гэж ноцтой анхааруулсан гэдэг. Гэхдээ энэ хоёр эрхэм дэндүү олон номтой учраас тэр биз. (Дашрамд сонирхуулахад, миний цуглуулсан сэтгүүлүүдийн жин нэлээд хэдэн зуун кг-д хүрсэн байх өө. Ажил руугаа цөлж санаа амарсан шүү)

Ном бол нэг удаагийнх. Цуврал ном байлаа ч нэг нэг удаагийн. Харин сэтгүүл бол үргэлжилсэн цаг хугацаа: анхны дугаар, хоёр дахь дугаар, гуравдахь дугаар… Дэлхий дээр зуу насалсан, одоо ч амьд сэтгүүл зөндөө бий. Даанч манайд социализмын үеэс тэсч үлдсэн сэтгүүл нэг ч алга. “Шинжлэх ухаан амьдрал”, “Эрүүл мэнд”, “Залуу үе”, ялангуяа “Залуу зохион бүтээгч”-ийг сэргээхийг хэдэн ч удаа оролдов, бүгд бүтээгүй. Саяхан “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 26 жилийн ойг тэмдэглэснийг зарласан ч  тэр бол үнэн хэрэгтээ сэтгүүл биш. Одоо цагийн сэтгүүлийн дундаж нас дэндүү богинохон.  Сэтгүүлчид юу чаддагаа харуулах гэж, янз бүрийн ажил мэргэжлийнхэн өөрсдөд нь хэрэгтэй учраас, оргилуун залуучууд гадаадын гоё хавтсуудыг харж зоригжин тус тусын сэтгүүлийг эхлүүлж анхны дугаараа №01, эсвэл №001 хэмээн дугаарлаж бүр 999-ыг гаргахыг хүсдэг  ч ихэнх нь сураг алдардаг. Гэхдээ энэ хооронд хэвлүүлж амжсан хэдхэн дугаар тухайн тэрхүү он, сар, өдрүүдийн гэрч, харин хавтас нь бэлгэ тэмдэг болж үлдсэн байж таарна.

Миний хувьд ирэх 2018 онд сэтгүүлийн зах зээлд юу болж байгааг анхааралтай ажиглах санаа байна. Магадгүй,  технологи бүгдийг залгиж сэтгүүл гэж айпад шиг цахим хавтан болох зүгт яваа байж мэднэ. Интернэтэд залгаад шинэ дугаарыг юүлээд авдаг ч юм уу…  Юу ч болсон тийм сэтгүүлийн дугаар бүр хавтаснаас эхлэнэ гэж найдья.

Сурталчилгаа