Би Соном өвгөнийг харсан

Саявтар “Аман хуур” киноны Сономын охин Бадамын дүрд тоглосон Ц.Эрдэнэчимэг нас барсан гэж сонслоо. 1963 оны энэ кино бол түүний тоглосон бараг цорын кино. Бараг хэмээсний учир бол өөр нэг киноны жижигхэн дүрийн зурганд орсон, тэгээд болоо. Ганц дүрээрээ 1960-аад оны хотын залуу эмэгтэйчүүдийн билэг тэмдэг болж үлдсэн, тэгээд насаараа 1-р арван жилд багшилсан даруухан эмэгтэй байжээ. Бадамгарав (Дарь авгай) гуай ч урт насалсныг мэднэ.

Соном өвгөнд тоглосон жүжигчин Т.Цэрэнлхүндэвийг би яг харсан. 1970-аад оны эхээр хичээлдээ явахаар “500 айлын” автобусанд суутал кондуктор нь тэр байсан. Би мэл гайхаж бараг хөшөөд зогсож байтал “хүү минь, билетээ ав” гээд кинон дээрх шигээ жогтой харж билээ. Сургууль дээрээ очоод ангийнхандаа хэлэхэд надад итгээгүй. Тэр үеийн хүүхдүүд хичээлийн завсарлагаар өчигдөр орой Монгол телевизийн “Цаг үе, үйл явдал”-ын дараа 21 цагаас, эсвэл Орбитаар гарсан киног үг үйлдэл болгоноор мөлжиж ярьдаг байсан. “Ганс Клос буугаа гаргаад …” гээд л.

Харин жүжигчин Цэрэнлхүндэв кондуктор хийж байсан эсэхийг хэн нэгнээс асуухсан. Яах аргагүй мөн байсан даа.

Сурталчилгаа