Түүхийг бүтээхүй

Бид түүхээ шинээр бүтээж байна. Цаг хугацааг туулж, байгуулж, тэмцэж, алдаж оносны араас бичиж бүтээхийг хэлж байгаа санаатай. Хэвлэн нийтлэх хялбар болсноор ураг удам, сум нэгдэл, төгссөн сургуулийнхаа түүх, хувийн дурсамжаа бичих хөдөлгөөн өрнөжээ. “Манай захирлаар Дондог гэж цэрэг ногоон хувцастай залуу ирж билээ” гээд л. Тэдний ачаар монголын шинэ түүх мөр мөрөөр бичигдэж байна.

Миний үеийнхэнд хол ойрын түүхийг хамгийн сайн мэдүүлсэн нь романууд. “Тунгалаг тамир”, “Их нүүдэл”, “Спартак”, “Сүүлчийн могикан”, Яны “Чингэс хаан” гэх мэт. Халх голын тухай “Зам” роман. Зарим нь шал худлаа байж таарсан. Зарим нь гайгүй. Бас кино. “Цогт тайж”-аар хүмүүжсэн бид өөр хувилбарыг хүлээж аваагүй биз. Би сурагч байхдаа 1913 онд Монголын цэрэг Өвөр Монгол руу таван замаар нэвтэрч хар хятадуудтай байлдсаныг сурах бичгээс биш, С.Дашдэндэвийн “Улаан наран” романд бүдэг бадаг бичсэнээс анх мэдэж бахархсан шүү. Урдаас улаан хамгаалагчид дайрч магадгүй санагддаг байсан тэр цаг. Түүхийн номнууд цөөхөн байжээ. Ц.Дамдинсүрэнгийн буулгасан “Монголын нууц товчоо”-гийн дөчөөд оны эхний хэвлэлийг (хар бараан хавтастай санагдана) хэн нэгэн олж ирээд ангиараа дамжуулан уншицгаасан. Нандигнаж, зарим нь цаасан хавтас зүүгээд дараачийн хүнд өгч байсан. Далаад он хүртэл дахиж хэвлээгүй байжээ. Партизан Ж.Дамдины “Үймээний жил” дурдатгал тэр үед гайхалтай санагдаж байлаа. Тэрбээр 1921 онд Нийслэл хүрээнээс Хиагт хүртэл өртөөлөхдөө гамингуудын харгислалыг үзэж харснаа заримдаа сэрдхиймээр дүрсэлсэн байдаг.

Өнөөдөр түүхэн роман, кино асар олноор гарч байна. Гэхдээ хааны царай барайж дуугаа хураахад гэрт нам гүм болов. Гадаа тэртээ хол морь малын чимээ … гэж уншихад зохиогч маань тэр гэрт Sony камераар зэвсэглээд (муу камераар яасан ч тэгэж ялгахгүй) сууж байснаас зайлахгүй. Хүн дотроо юу бодсоныг протоколдсон зохиол ч зөндөө. Уран зохиол гэж юу байдгийг би нэг муу юм мэднэ, гэхдээ л … Сүүлийн үед Их эзний хэлсэн үгний ишлэл  тоймоо алдлаа. Бидний мэдэх ихэнх зүйр цэцэн үгс түүнийх болжээ. Удахгүй Чингэсийн 1-р боть хэвлэгдэх байх.

Хажуугаар нь жинхэнэ түүхийн номнуудыг сайн унших хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хангалттай олон гарчээ. XX зууны  эхээр Монголоор явсан гадаадынхны бичсэн номнууд олон орчуулагдав. Баримт жишээ, бичиж тэмдэглэх соёл гэж тэдэнд байна аа байна.

Сурталчилгаа