Яг мэдэх

Гадуур ширүүн юм болоод өнгөрчээ. Монголоос гадуур гэсэн утгаар хэлэв. Оросын тагнуулын ажилтан байгаад урвасан нэгэн хурандааг өнгөрсөн гуравдугаар сард Солсбери хотод охинтой нь хамт хордуулсны буруутнаар Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй шууд ОХУ-ыг нэрлээд хэсэг дипломатчийг нь хөөснийг барууны бусад орнууд дэмжин нэмж хөөж, оросууд хариу хөөж хэсэг бужигнав. Урьд нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд нөлөөлөхийг оролдсон гэж зарласны дараа төстэй явдал болсон билээ. Дөрөвдүгээр сард Сирийн Засгийн газрын цэргийг Дума хотод энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгасан Англи, Америк, Франц гурван улс бөөн пуужин харваж шийтгэлээ.

Гэтэл тэр тагнуулчийг оросууд хордуулсны нотолгоо байхгүй, Сирид хордуулсан нь шал худлаа болж таарав. Одоо барууны хэвлэл мэдээлэл худалч улс төрчдөө балбах нь гэтэл тэгсэнгүй. Хордсон хүүхдүүдийг усаар шүршин аварч байна гэсэн бичлэгийг CNN, BBC-гээр зогсоо зайгүй үзүүлж, зургийг нь сонинууд тэргүүн нүүрэндээ нийтэлж улс төрчдийг хөөргөсөн хэрнээ тэр явдал жүжиг байсныг илчилсэн бичлэг гарч ирэхэд таг дуугүй өнгөрч байх юм. Ерэн оноос хойш бидэнд хараат бус байдал, гурваас доошгүй эх сурвалж, гарцаагүй баримт нотолгоог заасан багш улсууд яав аа?

Манайхны тавьдаг “энэ олон телевизийн аль нь үнэн, аль нь худлыг мэдэх юм алга” гэсэн гомдлыг “энэ хэдэн улсуудын аль нь үнэн …” гэж өөрчлөхөд хүрлээ. Монголын нэг, хоёр, гуравдугаар хөршүүд болох том гүрнүүд хоорондоо муудалцаад байхад бид аль нэг талд орж цод цод хийхгүй, дуугүй байгаа.

Телевиз үзэхэд даян дэлхийд энх тайван биш fake news – хуурамч мэдээ мандаж байна. Тийм мэдээг илчилдэг тусгай нэвтрүүлэг, сайтууд гарчээ. Тэр нь бас хуурамч мэдээгээр дүүрэн. Өнөө цагт ямар ч мэдээ секундын дараа дэлхийг бүрхдэг, мэдээгээр хүний толгойг эргүүлэх арга ухаан дээд цэгтээ хүрсэн учраас дайн дэгдэж, дайныг дэгдээж ч мэдэхээр байна. Манайхны хувьд худлаа нээрээ ярих нь ихсэж багасгаагүй хэвэндээ л байгаа. Гэхдээ бусдыг хэлэлтгүй, дотроо болж буй элдэв явдлыг бид яг мэдэж, үнэн мэдээлж чадаж байна уу? Хуурамч гэхийн оронд шууд худлаа мэдээ гэвэл илүү ойлгомжтой байна.

Эрдэнэтийн 49 хувийн талаар хоёр жил шуугилаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ээлжит төлбөртэй нэвтрүүлэг бүх том сувгаар цацагдав. УИХ-аас асуух ёстой юмыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дур мэдээд хувь хүмүүст аваад өгчихсөн хэрэг билээ. Улс дамнасан ер бусын хувьчлал учраас эсвэл эдийн засаг, бизнесийн сурах бичигт орох үлгэр жишээ, эсвэл XXI зууны шилдэг луйвар. (XX зууных бас Эрдэнэтийнх байжээ). Одоо УИХ, Засгийн газар ба компанийн тал шүүхдэлцэж байна. Үнэн олдох уу? Шүүх бол аливаа хэргийг хуулийн заалттай тулгаж үздэг байгууллага учраас хуулинд харыг цагаан, цагааныг хар гээд бичсэн бол түүгээр шийднэ. цоорхой байвал түүгээр гоожуулна. Энэ хооронд эрх мэдэл ба их мөнгө бие биенээ он жилээр гацаана, эцэстээ “улс орны эрх ашгийн төлөө” талууд буулт хийж хувь процент дээр тохиролцоод салах, биш ээ нийлэх байх. Мөрдөн шалгалт (хэрвээ явж байгаа бол) хүрсэн тэр цэгтээ зогсоно.

Эрдэнэт үйлдвэрийн манай талын 51 хувийг цэнхэр тасалбараар түгээх, бас хувьчлах тухай яригддаг байсан. Харин Оросын 49 хувийг очоод авах санаа үнэхээр хосгүй учраас нэгээс илүүгүй хүний толгойд орсон байж таарна. Тэгээд хоёр, магадгүй гурван хүн маш нууц уулзалт болсон. Тагнуулын ерөнхий газрын даргыг дуудаж үүрэг өгсөн… Ажлаа хуваарилж бизнесийн тал мөнгөө яаж босгохоо, Ерөнхий сайд УИХ-ын “садаа”-нуудыг яаж аргалахаа хариуцсан. Хэлэх хэлэхгүй, итгэлтэй итгэлгүй хүмүүсийн жагсаалт гаргасан… Энэ бүх үйл явдал тов тодорхой овог нэр, ажил, албан тушаал, он сар өдөр, минут секунд, амнаас гарсан үг, албан бичгийн өгүүлбэр, гарын үсэг, үнийн дүнтэй. Гагцхүү энэ түүхийг бид мэдэхгүй өнгөрнө.

Нэн шинэ түүхийн олон үйл явдлын жинхэнэ түүх нь бичигдээгүй байна. Хэрвээ цагдаа шүүхээр орсон, гэрч оролцогч нь сонин хэвлэлд ярьж амжсан бол тэр хэмжээндээ үлдсэн. Яахав, зарим нэг нь уран сайхны кино болсон. 90 саяын Гансүхийн хэргээр “Бодлын хулгайч”-ийг хийсэн. Бас 2007 оны Ми-8-ын ослын мөрөөр “Ми-15” (амиа алдсан аврагчдын тоогоор) нэртэй кино гарчээ.

1991 оны алдарт 20-р тогтоолын нууц задарсан, 1993 онд Ми-8-ыг хил зөрчиж оруулаад улсад шахсан, 1993-1994 оны Айбекс-Молам-аар тэнгэрээ зарах шахсан эсэх, 1995 онд ажил хаясан багш нарыг тагнасан, Гүнтийн буудалцаан, төрийн өмчийн хачирхалтай хувьчлалууд (өөрөө өөртэйгээ өрсөлдөж ялсан тендер, шөнийн 02 цагт гарсан шийдвэр, эгзэгтэй мөчид тог тасарсан, танд арай үнэтэй заржээ гээд тал мөнгийг буцаасан гэх мэт), 1997-1998 онд нам даруулсан казино, 2002 оны Центрпойнтын зодоон, 2003 онд монголын тагнуулчид Европоос иргэнээ хулгайлсан, 2004-2006 онд Хадгаламжийн банкны 14 тэрбумаар казинодож чадсан, 2007 онд Симба Батаа дахиад нэг нисдэг тэрэг унагасан гээд дуулиант хэрэг явдлуудыг бид ерөнхийд нь сонссон, гэхдээ яг мэдэхгүй. Зарим дурсамж ба захиалгат дурсамжууд бүтэн үнэнийг хэзээ хэлэхгүй. “Арван долоон чингэлэгийн нууцыг тайлахуй” мэтийн жинхэнэ бестселлер номнууд зохиогчоо хүлээсээр. Цаг нь хараахан болоогүй байж магадгүй, гэхдээ 20,30 жил тийм ч бага хугацаа биш.

Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг 17-18 жил  мөрдөсний эцэст хэдэн хүнийг баривчилж шүүхээр оруулж ял сонсгосон ч яг юу болсныг бид мэдэхгүй. Хүн амины иймэрхүү хэргээс бид юу мэдэж авдаг вэ гэвэл тэр өдрийн төдөн цагт гэрт нь очсон, тэнд тийм хүмүүс байсан, хутга шөвгө гаргасан, амь насанд хүрсэн, гараад зугатсан. Ердөө л энэ. Хэдхэн өгүүлбэр. Гэтэл хамгийн дуулиантай энэ хэрэг дээр байхгүй. Гүйцэтгэх ажлын нууц гэнэ. Уг хэргийг илрүүлэхийн тулд тагнаж чагнасан нууцыг хэн ч нэхээгүй, зөвхөн аллага хүртэл юу болсныг товчхоон дурдахыг хүлээж байгаа.

2008 оны 7-р сарын 1-ны түүх огт бичигдээгүй. Таван хүний амийг хөнөөсөн, бөөнөөр баривчилсан, тэдэнд ус өгөхгүй зовоосон, дараа нь өршөөсөн бүхэн 7-р сарын 2-ны 00.00 цаг буюу Онц байдал тогтоосны дараа болсон хэрэг.  Яг долдугаар сарын нэгний түүх байхгүй. Улс төрчдийн намтар хагас дутуу, бүр худлаа учраас нүглээ наманчилж Ганданд насаараа суух ёстой хүн нам төр толгойлоод манаргаад явж байх шиг.

Сүүлийн өдрүүдэд Их тэнгэрийн амны эсрэг талд, Туулын эрэг дээр “Зүүнбаян рефайнери” компани хууль зөрчин барьж байгаа орон сууцны хотхон анхаарлын төвд байна. Ноднин газрын эрхийг нь цуцалсан ч барьсаар байгаа. Байгаль хамгаалагчид байтугай сайд, сайд байтугай УИХ-ын гишүүн очоод зогсоож чадаагүй. Бас 2016 онд нийслэлийн ИТХ-аас тогтоол гаргаж энэ барилгыг голын хамгаалалтын бүсээс гаргасан байна. Ямар мундаг эрх мэдэл, далдын хүч вэ? Хаяг нь “Оюуны ундраа” групп, нэр нь нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан,  бас УИХ-ын гишүүн асан, хамгийн сүүлд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга байсан С.Отгонбаяр нар гэж бүгд мэднэ. Монголын нэг, хоёр, гуравдахь засаглал яаж ч чадахгүй байна. Дөрөвдэх засаглал? Бусад орны жишгээр ийм эрхмүүдийг ажлаасаа, гэрээсээ гарахад нь камер, аппарат, диктофоноо агсаад хүлээж баймаар.

Уг нь манай сэтгүүлчид эгзэг нь таарвал улс төрчдөөс сүрхий асуудаг. Иймэрхүүгээр.

-Энэ тендерийг авсан компанийн ард таныг бий, урьд орой нь үнэлгээний хорооны даргатай таныг уулзсан гээд байх юм?

Одоо хэдэн секундын пауз авч хариугаа хүлээх хэрэгтэй. Гэтэл чухал эрхмийг эвгүй байдалд оруулахаас санаа зовдог уу, бүү мэд, залгуулаад,

-Та олон жил бизнес эрхэлсэн үү? Тантай холбоотой иймэрхүү яриа гарахад хэрхэн хүлээж авдаг вэ?

Улс төрч маань аврагдах нь тэр. Хэнгэнэтэл санаа алдаад бүх амьдралаа базаж,

-Тийм ээ, олон жил чөмгөө дундартал зүтгэлээ. Яахав, миний үүсгэн байгуулсан компанийг ах дүү нар маань авч яваа. Тэд ямар тендерт оролцож байгааг би ямар мэдэх биш. Улс төрд орсноосоо хойш элдвээр хэлүүлж явна. Миний эсрэг яриа гаргасан хүнийг мэднэ, одоохондоо нэрийг нь хэлэхгүй

Ам нь халбал,

онголын төр өөртөө зүтгэсэн хүндээ халтай гэж үнэн шүү.

Бүр халбал,

-1937 оны хэлмэгдүүлэлт битгий эргэж ирээсэй … 

Уг нь жижигхэн баримт асуусан юм шүү дээ. Бид юу ч мэдэж авсангүй. Уул шугамандаа мэднэ, тэр тусмаа яг мэднэ гэдэг бол мянган үгний таглаа.

Сурталчилгаа