Дархан цаазат Богдхан уул ба Туул голыг Байгаль орчны яамнаас хамгаалах нь

Өнгөрсөн хаврын хэвлэл мэдээллийн том сэдэв Их тэнгэрийн эсрэг талд Туулын усанд умбуулах шахам барьж буй орон сууцны хотхон байлаа. Хууль зөрчсөнийг нь Монгол Улсын Их хурлын гишүүд танхимдаа хилэгнэн шүүмжилж, дараа нь газар дээр нь очиж барилгачдыг зад загнахдаа хэвлэл мэдээллийн десант буулгасан ч зогсоож дийлсэнгүй. Улаанбаатарын төвийн урдуур буюу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх хэсэгт гэхэд хашааныхаа хаалгаар огцом гарвал шууд шумбаж мэдэхээр тийм ойрхон амины орон сууцууд, эрэг дагуу хэдэн зуун метр, километрээр нь өмчилсөн хашаа, барилгуудаар дүүрч байна. “Сөөг моддын нэгийг түшээд” биш, өрөөнийхөө цонхоор Туулын урсах чимээг чагнаж суух азтай эрхмүүд аль хэдийнэ төвхнөжээ.

Төстэй, гэхдээ багавтар дуулиан бол Богдхан уулын Зайсан толгойн барилгуудын дундуур шургалахыг оролдсон нэгэн төмөр каркас, түүнийг хэд хэдэн оролдлогоор арайхийн буулгасан явдал юм. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амны тэр олон барилга бүгд хууль бус. Өөрөөр хэлбэл, Зайсан бол Монгол Улсын байгаль орчны хууль журам, дүрэм хэрхэн дампуурч ирсний хамгийн том дурсгалын цогцолбор. Бүр Үндсэн хуулийн цэц нь тэнд бууриа хатгаж хамгаалалтандаа авсан гэж байгаа…

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар, дархан цаазат газарт зөвхөн аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж цагаан дээр хараар бичжээ.  Тэгээд Зайсангийн амыг дахин нэг эргүүлж тойруулан харцгаая. Манайхан аялал жуулчлал, судалгаа шинжилгээг үнэхээр агуу хийдэг болсон байна. Түр буудаллах Сарнайх хотхон, Viva, Royal отог гээд л … Бүгд аялал жуулчлалын зориулалтаар авсан газар дээр баригдсан. Тэгвэл Монгол улсын “Жуулчны баазын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага” MNS-4934-2002  стандартаар баазуудын хоорондын зай 10 км байхаар заажээ. Зайсангийн аманд нэг л багтах учиртай.

Гэхдээ энэ бүхэн өнгөрсөөн. Голын хамгаалалын бүс, дархан цаазат уулын нэг ч барилгыг буулгахгүй. Саяхан 28 газар эзэмших эрхийг цуцалсан нь зөвхөн шинээр баригдах барилгуудад хамаарах биз. Гуравдугаар сард Засгийн газраас ажлын хэсэг гаргаж Зайсангийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг нь өөрчлөхөөр бэлтгэж байна. Өнөөдөр Яармагийн урд дэнж тэр чигээрээ барилгын талбай болжээ. Уг нь дархан цаазтай хэвээрээ юмсан.

Ийм учраас хууль зөрчсөн барилгын эздийн хөх инээд нь хүрч байгаа. Өнгөрсөн долоо хоногоос сөрөг довтолгоонд орж тэдний дуу хоолой нь хэвлэл мэдээлэл болжээ. “Зайсан, Туул голд зөвшөөрөл өгсөн албан тушаалтнууд буруутай”, “Туул голыг хамгаалах нэрийн цаана ямар эрх ашиг нуугдана вэ?”  гарчгуудын цаана “Байшин барих зөвшөөрлийг нь төр засгийн байгууллагаас өгчихөөд, тэр дагуу бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтаа хийгээд, ажлаа эхлүүлээд явж байхад нь хэн дуртай нь очоод хувийн хэвшлийнхэнийг дарамталж, сүрдүүлдэг энэ байдал хэдий болтол үргэлжлэх вэ?” гэх мэтээр. Тэгээд буулгах бол бүгдийг нь буулгаарай, ганц нэгийг битгий онилоорой, бүгдэд нь нөхөн төлбөр өгөөрэй гэж даапаалж байна.

Хууль зөрчсөн гэдгийг өөрсдөө мэдэхийн дээдээр мэдэж буй барилгын эзэд, компаниуд яагаад ингэж пээдийнэ вэ гэвэл тэд  бүгд үнэхээр албан ёсны зөвшөөрөлтэй. Энд л хэргийн учир байгаа юм. Энэхүү “зөвшөөрөл” бол байгаль орчны яамнаас эхлээд нийслэл, дүүрэг, ерөнхий төлөвлөгөө, газрын алба, мэргэжлийн хяналт, байгаль орчны газар, сав газрын ба хамгаалалтын захиргааны хамтын бүтээл юм. Гэхдээ яам тэргүүлнэ. Хялбархнаар зураглавал,

Хамгийн эхлээд Байгаль орчны сайд зөвхөн газрыг нь олгосон. Алгын чинээ газар. Богдхан ууланд хүмүүс амарч зугаалахад тусалж буян үйлдэх маягийн тайлбартайгаар. Эсвэл байгаль хамгаалахыг сурталчлах түр ТҮЦ барих зориулалтаар. Хожим тайлбарлахдаа: Би аялал жуулчлалын зориулалтаар жоохон газар олгосон, цаашаа юу болсныг мэдэхгүй ээ …

Дараачийн сайд, эсвэл албан тушаалтан өмнө олгосон газрын хэмжээг нэмдэг. Хожим: Би газар олгоогүй ээ.  Газар нь юм хийхэд хүрэхгүй байна гэхээр нь жаахан нэмж өгсөн. Бүтээн байгуулалтыг дэмжсэн…

Гуравдахь албан тушаалтан газар ашиглах хугацааг сунгадаг. Дархан цаазат газрыг газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулдаг. Хууль зөрчвөл сунгахгүй байх эрхтэй ч хэзээ ч тэгдэггүй. Хожим: Би газар олгоогүй, зөвхөн хугацааг нь сунгаж өгсөн.  Анх олгосон хүмүүсээс нь асуухгүй юу?!…

Өөр нэг албан тушаалтан зураг төслийг нь баталж өгнө. Байгаль хамгаалах 100 хаустай хотхон, “түр зориулалт”-ын 10 давхар цамхагийн зураг байсан ч падгүй. Хожим: Тэр хүн өөрийн эзэмшлийн газар дээр юу барих нь надад хамаагүй…

Дараачийн дарга барилгын ажил эхлэх зөвшөөрөлд гарын үсгээ зурна. Бусад албан тушаалтан зураг төслөө зөрчсөнийг, эсвэл өөрчилснийг зүгээр өнгөрөөж, шугам сүлжээ, эрчим хүчинд холбох зөвшөөрлийг баталж өгдөг. Хожмийн тайлбар: Дээрхтэй адил.

Гэх мэтээр үргэлжилнэ.

Ашиглалтанд хүлээж авдаг нь хэзээд бэлхэн. Хожим: Нэгэнт барьчихсан юм чинь гэнэ. Эцэст нь өөр нэгэн дарга үл хөдлөх хөрөнгөд бүртгэж авна. Хожим: Яах аргагүй хөдлөхгүй хөрөнгө байна ш дээ…

Энэ бүхэн мөсөн чихрийг долоосоор байгаад, эсвэл хиамыг нимгэхэн зүссээр байгаад дуусгадаг шиг. Хуулийг “зөөлөн хүч”-ний аргаар эд бад хийдэг юм байна. Уг нь мэргэжлийн хяналт гэж хараат бус хүмүүс ажлаа хийх ёстой. Гэтэл тэднийг аажмаар шахаж, ТҮЦ-ны барааны хадгалах хугацаа, хуушуурны махны үнэр шалгахаас өөр үүрэггүй болгожээ. Одоо ямар ч барилгыг ашиглалтанд хүлээж авахад байгаль орчны байцаагчийг оролцуулахаа больжээ. Бизнест саад дарамт үүсгэхгүйн тулд гэнэ. Гэхдээ ямар бизнест?

Ингээд хууль зөрчсөн тухай ямар ч яриаг “зөвшөөрөлтэй” гэсэн ганц үгээр нам дарна. Буулгах гэвэл “Хувийн өмч!”.

Энэхүү зөвшөөрлийн сүлжээний толгойд Байгаль орчны яам, бүр тодруулбал сайд өөрөө суудаг. Тухайлбал, Богдхан уулын бүх газрыг аль 2001 оны “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-аар олгосон, одоо ч олгож байгаа гэдэгт та итгэх үү? 2003 онд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн,  аж ахуйн  нэгж,  байгууллага байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж  болно. Гэрээг Байгаль орчны сайд батална” өгүүлбэрийг оруулснаас хойш огт гар хүрэхгүйгээр нандигнан ашиглаж байгаа. Хуулиас давсан энэ заалтыг ашиглан компаниудад ашиглах талбайн хажуугаар түүнээс хэдэн арав дахин газрыг хариуцан хамгаалах талбай нэрээр өгч урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч, үүнийгээ хамгаалалтын захиргаа болон орон нутгийн газрын албатай байгуулах гурвалсан гэрээ гэгчээр далдлаад үзүүрийг олдохгүй болгожээ. Бас 2002 онд  Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах дээрх журмыг, араас нь “Богдхан уулын ДЦГ-ын Зайсангийн амыг 2015 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” гэдгийг баталж тэнд газар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга батлахаар зааж өгөв. Тэр нь туйлж өгсөн дөө. Аялал жуулчлалын цогцолбор нэрээр зөвшөөрөл авсан хотхонууд тэр үеэс эхэлсэн.

Яг эхлүүлсэн хүн нь 2000-2006 онуудад сайдаар ажилласан У.Барсболд бол дараачийн сайдууд шийрийг нь сайн хатаасан. Миний санаж буйгаар И.Эрдэнэбаатар (2006-2007), Г.Шийлэгдамба (2007-2008), А.Гансүх (2008-2012), С.Оюун (2012.07 – 2014.12), Д.Цогтбаатар (2013)  Д.Оюунхорол (2014.12 – 2015.09), Н.Батцэрэг (2015.09 – 2016.07), Д.Оюунхорол (2016.07-2017.11). Харин Н.Цэрэнбат 2017 оны 10-р сараас. Тэгээд хуулинд байхгүй, хуулийг зөрчсөн, давсан журмуудыг монголын бүх нам хүчний угшилтай сайдуудын хэн нь ч засаагүй. Иймээс Богдхан уул, Туулын яг хаана хэнд ямар газар олгосон жагсаалт бол Байгаль орчны яамны хамгийн том нууц.

-Та яагаад ийм зөвшөөрөл олгосон юм бэ?

-Би зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар олгосон

-Тэгвэл яагаад орон сууц босчихов оо?

-Дараачийн сайдаас уу? Би зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар олгосон.

-Тэгвэл та өмнөх сайдуудын аялал жуулчлалын зориулалтаар олгосон газарт орон сууц баригдахыг зогсоогоогүй юм бэ?

Хариулт байхгүй. Нөгөө тахиа өндөг хоёрын үлгэр. Ийм учраас л Монгол Улсын байгаль орчныг Монгол Улсын Байгаль орчны яамнаас хамгаалах тухай яриад байгаа юм. Татан буулгадаггүй юмаа гэхэд нэрийг нь Байгаль ашиглалтын яам хэмээн солиуштай. Эсвэл барилгын яамны харъяа агентлаг болгох. Уухайн тас, нээрээ тэгье, ашиглаж  байж хамгаална гэх биз, тэгвэл монголын байгалиас юм үлдэх үү?

Хууль зөрчсөн ч бай нэгэнт баригдсан бол гүйцээ. Нэг сая гурван зуун мянган хүнтэй хот байхад Туул гол, Богдхан уул дахиж хэзээ ч 100 байтугай 50, 10 жилийн өмнөх шигээ байхгүй. Гэхдээ дархан цаазат ууланд халдах, Туулын эрэгт ухах бол ядахдаа хуулиа өөрчилсний дараа тэгдэг  байх. Өнөөдрийн үйл явц хэвээр үргэлжилбэл Богдхан уулын амууд Зайсангаасаа эхлээд Улаанбаатарын төв шиг шавааралдсан барилгууд, харин нийслэлийн урдуурх Туулын иргэдийн амралт зугаалгын бүс биш компаниудын хашаа, хашаан доторх барилгууд болж дууслаа.

Сурталчилгаа