Хэнийг хэн хэрхэн төлөөлдөг тухай – 1

Нэг.

Ижил цагаан малгайгаар гоёсон гурван мянган эмэгтэйг цуглуулсан Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тавдугаар чуулганыг тойрсон бөөн маргаан, төрийн дэд сайдыг хүртэл оруулаагүй тухай мэдэгдэл, Интернэтээр шаагисан live-уудыг анзаарваас бүх монголчуудын биш юмаа гэхэд лав тавин хувийнх нь хувь заяа шийдэгдэж байгаа мэт түгшүүртэй хоёр өдөр өнгөрөв. Ашгүй, хуучин нь тамга тэмдгээ бултуулж барихгүйгээр шинэ Ерөнхийлөгчдөө ажлаа хүлээлгэн өгснөөр манай эхнэр хүүхнүүд аврагдах шиг болов.

Эмэгтэйчүүдийн эрх ашгийг одоо л жинхэнээсээ хамгаалахаар шийдсэнээ зарлав. Ялангуяа хүчирхийлэлтэй зад тэмцэх ажээ. Хожимдсон ухаарал! 1924 онд байгуулагдсан энэ холбоо 94 жилээр хоцорсон байна. Шинэ үеийн эмэгтэйчүүдийн байгууллагууд бүр хорин хэдэн жилийн өмнөөс тэмцэж эхэлсэн билээ. Миний мэдэхээр Ч.Сосормаа, Д.Энхжаргал нар зүтгүүлснээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд гаргуулж, тэгснээ дутуудсан байна гэж үзээд 2016 онд шинэчлэн батлуулснаар авгайдаа гар хүрсэн нөхрүүд шууд л ачигддаг болсон билээ. (Чухам ийм нөхдөөс болж биднийг дээрхэн үе “хар хүн” гэж дажгүй дууддаг байсан одоо шууд л “хар юм”: Нөгөө “хар юм чинь” согтуу ирээд … гэх мэт). Бас арав гаруй жилийн өмнө агсан, согтуу, харгис нөхрүүд, аав нараас хамгаалах байрыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв дэргэдээ анх байгуулж тэр нь удалгүй улс даяар дэлгэрсэн. МЭХ одооноос хүч нэмэхээр зориглосон нь юутай завшаан.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэхлээр УИХ-ын эрхэм гишүүн хатагтай нараас эхлээд бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн эмэгтэйчүүдийг нэгтгэсэн лут дүр зураг нүдэнд харагдана. Үнэн хэрэгтээ МЭХ нь эмэгтэйчүүдийн 70 шахам байгууллагын дээвэр юм байна. Энэ утгаараа гишүүнчлэлтэй ч юм шиг. Тэгсэн хэрнээ хувь эмэгтэйчүүд элсдэггүй учраас эмэгтэйчүүдийн байгууллагуудын холбоо гэвэл илүү зохилтой. Нарийн яривал, дээрх далаад байгууллага бас л хувь гишүүнчлэлгүй, нийгэмд үйлчилдэг гэсэн статустай, тус бүрийнх нь цаана үүсгэн байгуулагч цөөхөн хүн бий. Нэмээд үзвэл хэдхэн зуун эмэгтэйн байгууллага юм. Дээрх 3000 төлөөлөгчөөс зөвхөн 160 нь санал өгөх эрхтэй байсан нь ийм учиртай.

Төстэй хувиралтын өөр нэг жишээ бол Монголын залуучуудын холбоо. 1991 он гэхэд 300 гаруй мянган гишүүнтэй, хүүхэд залуучууд тангараг тавьж элсдэг байснаа больсон тул үлдсэн гишүүдийн нас хэтэрсээр яваандаа тэднээс салж чаджээ. Одоо аймгууд дахь залуучуудын холбоо нэртэй (тэд бас гишүүн элсүүлдэггүй) байгууллагуудын холбоо юм. “Гишүүдээ цуглуулж чуулганаа хийнэ”, “гишүүд сонгоно” гэх мэтээр ам бардам ярьж явдаг.  Магадгүй Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын нэр дээр бүртгэлтэй байж ч мэднэ.

Төрийн бус байгууллагууд юугаа хийх, хийхгүй нь бусдад падгүй боловч ганц асуултанд бүгд хариулах хэрэгтэй. Тэд Монголын … мөн үү? Хятадын биш, оросын биш, монголынх гэдэг нь ойлгомжтой ч зарим нь монголын нэрийг урдаа зүүдэг, бусад нь тэгдэггүйн учир юу вэ? Хэдэн аймаг, сум, байгууллага, хүнээс төлөөлөлтэй байж Монголын … байх тухайд ямар нэгэн босго, шалгуур алга. Арваад жилийн өмнө хуулийн этгээдийн нэр авахаар очиход Монголын …, Үндэсний … гэсэн үг оруулж болохгүй гэсэн.  Тэгтэл араас Монгол нэртэй телевиз, сонин, компани (ганц жишээ: Монголын санхүүгийн групп), холбоо гэсэн хуулийн этгээдүүд эцэс төгсгөлгүй цувахлаар тухайн үед сайн хөөцөлдөж, арга барагдвал тулж ажиллах хэрэгтэй байснаа хожим ойлгосон.

Та өнөөдөр Монголын гэж эхэлсэн …. явган зорчигчдын холбоо, ер нь юуг ч хамаагүй байгуулахад хорихгүй байх. Хамаг Монголын байсан ч яахав. Эзэнт гүрний театр хүртэл сонсогдсон. Таны амбицийн хэмжээ мэдэх хэрэг. Сүүлийн үед байн байн хурал цуглаан хийсэн Монголын худалдаачдын холбоонд Баян-Өлгий юм уу, Дорнод аймгийн төлөөлөл лав ороогүй. Гэхдээ цаадуул нь Монголын казах худалдаачдын юм уу Дорнод Монголын худалдаачдын холбоо, бүр томоор сэтгэвэл “Монголын худалдаачдын нэгдсэн төв холбоо”-г санаачлах чөлөөтэй. Цаашилбал, нэрээ тодотгох чөлөөт, хараат бус, шинэ, 21-р зууны, залуучуудын, мэргэжлийн, эсэхүл төгсгөлд нь зүүх нийгэмлэг, ассоциаци, эвлэл, төв, хөдөлгөөн гээд боломж хязгааргүй. Харин спортын болон нарийн мэргэжлийн холбоодын тухайд хүмүүс нь тодорхой учраас асуудал үүсдэггүй байх.