Хэнийг хэн хэрхэн төлөөлдөг тухай

Хоёр.

Одоо биднийг албан ёсоор төлөөлдөг хэсэг хүмүүсийн талаар бичье. Үйлийн үртэй 76, бүр дээр заларсан нэг нөхрийг биш, харин орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг хэлж байна. Саяхны мэдээгээр Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэл, түүний 9 дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр 8066 хүн сонгогдон ажиллаж байна. Би сонгогчдоо төлөөлөх эрхтэй гэж хэлэх бүрэн эрхтэй хүмүүс, тэд. Эрх нь тус тусын орон нутгаар хязгаарлагддаг хэдий ч тэндээ яах аргагүй эрхтэй.

Нэгэн дүүргийн ИТХ-ын хэдэн төлөөлөгч бааранд согтож эрүүлжигдсэнийхээ маргааш дүүргийнхээ цагдаагийн даргыг “танай цагдаа нар төлөөлөгчөө таньдаггүй, хүндэтгэлтэй хандах ёстой байсан” хэмээн загнасныг санав. Тэд орон нутгийнхаа төсвийг хэлэлцэж баталдаг, хамгийн гол нь ямар ч Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд дарга нарт байдаггүй – газар олгох эрхтэй Засаг даргыг томилох эрхтэй хүмүүс. Газар бол улсын үндэс гэсэн шүү. Бас  нэг дүүргийн төлөөлөгчид хуралдаанаараа Төв аймгийн Баянчандмань сумын нутагт өөрсөддөө зориулж газар авах тухайгаа ярилцаж байсан. “Төлөөлөгчдийнхөө нийгмийн асуудлыг шийдэх” гэсэн томъёоллоор.  Хоёр засаг даргаар дамжуулж тохиролцлоо гэж ойлгогдсон.

Мартсанаас, Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд бас Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч гэж тус бүрт нь 5 хүн сонгогддог. Орон нутгийн 1615 баг, нийслэлийн 152 хорооны тоогоор үржүүлбэл дахиад 8835 иргэдийн төлөөлөгч бидэнд байна.

Барагтай улс ийм ардчилсан байж чаддаггүй биз. Саяхан америк судлаачийн ярьснаар бол, тэндхийн хот, хөдөө нь засаг захиргааны нэгжүүдэд хуваагддаг хэдий ч намуудаас өрсөлдөн сонгуульдсан том том хурал гэж үгүй. Хот, дүүрэг, тосгоны зөвлөл нь голдуу тав, арван хүнээс хэтэрдэггүй цомхон. Хуульч, бизнес эрхлэгч, эмэгтэй.. тэгэсхийгээд гүйцдэг гэнэ.

Хэрвээ үнэхээр тийм бол орон нутагт төлөөллийн ардчиллаар манайх Америкийг хол ардаа орхижээ. Даанч ид шидийг нь үзэж чадахгүй юм. Нийслэлд газрын маргаан дэгдэхэд, хөдөөд малчид нутаг усаа хамгаалж тэмцэхэд сонгосон төлөөлөгчид үзэгдэх нь өдрийн од шиг. Ноднин Битлз-ийн хөшөөтэй Цэрэндоржийн гудамжийг хавь ойрын оршин суугчид барилгын компаниудад алдах шахсан тэр өдрүүдэд УИХ-ын гишүүн байтугай (том даргад жижигдсэн асуудал гэж бодьё) нийслэл, дүүргийн ИТХ-д суугаа төлөөлөгчид, бүр хорооны нийтийн хурлын төлөөлөгчдөөс ч үзэгдээгүй. Номоороо бол, хаа хамаагүй идэвхтэнүүд, дараачийн сонгуулиа хүлээж суугаа сөрөг хүчнийхэн, Даяар Монгол энэ тэр биш, яг тэндээс сонгогдсон нөхдүүд өөрсдөө ирчихсэн, “яахуу?” гээд зогсож байх учиртайсан.

Ажиглаад байхад тэд сонгогдсоныхоо дараа төрөл арилжиж, иргэдийнхээ төлөөлөл байхаа больж, дарга нарын талд гараад суучихаж байна.

Нийслэлийн ИТХ-ын цахим сайт руу шагайв. Тэргүүлэгчдээс гэхэд Д.Мөнхжаргал сургуулийн захирал байснаа 2016 онд төлөөлөгчөөр сонгогдоод удалгүй Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн дэд зохицуулагч, МАН-ын улс төрийн ажилтан байсан Н.Батсүмбэрэл “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын даргаар очжээ. Бас “Нарантуул” захын дэд захирал байсан С.Эрдэнэтуул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар томилогдож, намын судлаач байсан Ц.Байгальмаа нь АХБ-ЕХОБ- УБ-ын гурвалсан санхүүжилттэй Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн дэд зохицуулагч болжээ. Бусад төлөөлөгчдийн дундаас Хот тохижилтын газрын дарга, Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал, Нийслэлийн ЖДҮД-ийн төвийн дарга, нийслэлийн ОСНААУГ-ын дарга,  Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын дарга, нийслэлийн Геодези, усны барилга байгууламж НӨААТҮГ-ийн дарга, УСУГ-ын дарга, бүр нийслэлийн Засаг даргын орлогч хүртэл мэндэлсэн байх юм. Сонгогчид өөрсдийгөө төлөөлүүлж, дарга нарыг хянуулах гэж илгээгээд байхад шүү! Бас тэдний нийслэлийн албан байгууллага, нийслэлийн өмчит компаниудын зөвлөл, ТУЗ-д орсон нь тоймгүй. Давхар дээлийн орон нутгийн хувилбар нэг иймэрхүү.

Нутгийн өөрөө удирдах ёс гэж сайхан юм бий. Харин үүнийг тэд юу гэж ойлгож ирсний нэг жишээг хэлье. Өнөөдөр орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчид өөрсөддөө урамшууллын мөнгө баталж авцгаадаг нь хавтгайрч тоо нь өссөөр. Зарим жил нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгч тус бүр 80 саяыг авсан удаатай. Нэг нь түүнийгээ халааслаад Азийн 3, 4 орноор зугаалаад ирсэн байдаг. Ер нь огт тайлагнадаггүй учраас бусад нь юунд зарцуулсныг хэн ч үл мэднэ. Дүүрэгт бол арай даруу, гэхдээ зарим газарт 20 сая хүрдэг болжээ. Зугуухан ахиж л байна. Хааяа нэг хуралддаг хэрнээ байнгын ажиллагаатай парламент болох УИХ-ийн гишүүдтэй барьцаж байгаа хэрэг.

Бичээд байх уу? Бичихгүй ээ. Яагаад гэвэл барагдахгүй. Уудлаад байвал их юм гарна шүү. Нийслэлд иргэд, оршин суугчдөө төлөөлөх эрхээ ингэж эдэлдэг хүмүүсийн дээр нийслэлийн утаатай тэнгэр биш, сонгосон иргэд нь байх ёстой юм шиг байгаа юм.

Аймгуудад ч ялгаагүй.

Сурталчилгаа