2018.12.27 ба 2008.07.01.

Монголд болж буй улс төрийн хэрэг явдлыг судлаач, тоймчид асар ухаан зарж тайлбарладаг. Ардчиллын үндсэн зарчим, шилжилтийн үе, коммунист сэтгэхүй, улс төрийн намуудын төлөвшил, намын доторх бүлэглэлүүд, хүчний харьцаа, сонгуулийн хууль, мажоритар ба пропорционал тогтолцоо, улс төрчдийн ёс зүй, намын санхүүжилт, бас мэдээж ард түмэн гэх мэт үгийг хутгаж байгаад мянган юм болдог.

Өнөөдрийн цуглаан юу байв? Том үгс огтоос хэрэггүй. Ердөө л ичсэн хүн хүн алахын үр дагавар. Жирийн оёдлын цех, цагаан идээний үйлдвэр, шинэ монгол брэнд, start-up-уудад очих байсан ЖДҮ-гийн сангаас хэдэн зуун сая, тэрбумаар нь сэмхэн бөгөөд зохион байгуулалттайгаар хуйвалдаж аваад хувийн бизнесээ тэтгэсэн нөхдийн эхлүүлсэн ажил. Бүгдээрээ УИХ-ын бөгөөд Засгийн газрын гишүүд. Тэднийг Ерөнхий сайд өөрөө манлайлснийг Н.Номтойбаяр гишүүн нэмж илчиллээ. Ингээд бараг үйлдэл дээрээ гардуулсан нөхдүүд үнэхээр ичсэндээ (сайхан чанар шүү!) бүр том дуулиан дэгдээж байгаад сонгогчдын анхаарлыг сарниулах сонирхлууд нь МАН-ын доторхи элдэв зөрчил, М.Энхболдын эсрэг У.Хүрэлсүхийн хорсолтой нийлж урвалд ороод энэхүү цуглаан болж хувирчээ.

Гэхдээ зөвхөн М.Энхболдыг онилж Монголын хамаг муу муухайг түүн дээр овоолох нь хэт үнэмшилгүй учраас МАНАН-г сонгон авчээ. МАНАН гэж юу ч юм, энэ үг Монголд болж бүтэхгүй болгоныг чихдэг хогийн тантан, сүүлдээ хоёр намын нэрний нийлбэрээс цаашгүй улиг домог болж гүйцлээ. Эзэн бие, ганц ч овог нэр байхгүй учраас чанга чангаар дүвчигнэхэд ямар ч хал балгүй. Монголын бүх асуудлын шийдэл – МАНАН сөнөтүгэй. Ашгүй М.Энхболд олдож бөөн завшаан. Ингээд хаврын хавсаргаар төдийгүй зун, намар, өвөл хэдийд ч хэзээд бэлхэн байдаг огцруулья, зайлуулья, сөнөтүгэйчүүдэд хандсанаар өнөөдрийн арга хэмжээ бүтжээ.

Зарим хүмүүс 60 тэрбумынхан ба ЖДҮ-чид  хоорондоо үзэлцлээ гэж дүгнээд байгаа. Тэр нууц ярианд М.Энхболдоос гадна У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар байлцсан гэж Ц.Сандуй нь нотолсныг юу гэхэв? Тийм учраас л цуглаан дээр 60 тэрбумын яриа огт гараагүй төдийгүй ЖДҮ-гийн эсрэг лоозон барьсан хэсэг нөхдийг индэрт гаргаагүй ажээ.

Харин ч сүрхий цуглаан боллоо. Иргэний хөдөлгөөнөөс хойш арваад жил ингэж цуглаагүй гэнэ. Хэдэн хүн цугларсан тухайд Л.Оюун-Эрдэнэ, огт зохион байгуулаагүй байхад 20 мянган хүн ирлээ гэх эхэлсэн бол Аюурзана 25 мянга, Батзандан 30 мянга гэж өсгөлөө. Цагдаагийнхан тоолсон байх, удахгүй зарлах биз.

Харин ч сайн зохион байгуулжээ. Урьд өдөр нь Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Лу.Болд нар цагдаа, тагнуулын удирдлагыг хүлээн авч хэв журам, хамгаалалт, аюулгүй байдлыг хэлэлцсэн тул талбайн эргэн тойронд хүмүүсийг шалгасхийн нэвтрүүлэв. Энэ бол 2008 оны 7-р сарын 1-ны сургамж. Тэгэхэд ялагдсанаа мэдсэн улс төрчид санал хураалтын маргаашнаас Сүхбаатарын талбай дээр гарч “сонгууль булхайтай боллоо, луйвардуулчихлаа” гэж өдөржин шөнөжин “гачаалдахад” хөөрсөн түмэн хяналтаас гарч цагдаа нарыг дийлээд МАХН-ын байрыг шатааж эхлэхэд анх уриалж дуудагсад гэртээ эсвэл албан өрөөндөө суугаад зурагтаа үзэж суусан байдаг.

Аливаа цуглаанд  халуурсан нөхдүүд заавал байлцдаг. Энэ удаад индэр дээрээс “Өнөөдөр бид ганцхан хүнийг албан тушаалаас огцруулж чадахгүй юм бол дараачийн тэмцэл гэж байхгүй шүү”, “Улсын хулгайч Энхболд Монгол Улсаас зайл”, тэр ч битгий хэл хажуунаас “Төрийн ордныг дайръя” хэмээн үе үе орилж байсан ч эрхэм гишүүд, бид аль хэдийнэ ялсан, тэмцэл үргэлжилнэ, он гараад нэгдүгээр сарын 10-нд жагсаал хийнэ, араас нь суулт, өлсгөлөн зарлана гэхчлэн амалж, МАНАН нэртэй шинэ дуугаар илбэдэж, Сүхбаатарын хөшөөг тойрч Чингэс хааны хөшөөнд мөргөөд тарья гэж уриалсныг жагсагчид бага зэрэг хэтрүүлж хөшөөг биш, Төрийн ордныг тойрч гороолоод тарах шиг болов.

Уул шугамандаа М.Энхболд огцрох хэрэгтэй. Огцрох бүү хэл, анхнаасаа дээш гаргаж ирэхгүй байсан юм. Хотын газрыг түгээж эхлэнгүүт, Туул голын ундны усны бүсийг Б.Наранхүүд өгөөд  байхад нь намаараа гар дээрээ өргөсөөр шадар сайд, Ерөнхий сайд, намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигч хүртэл явуулсан. Харин одоо ингэж огцруулахгүй ээ. Гуйгаад гувшаад ирсэн улс төрчдийг сонгогчид УИХ-ын танхимд оруулж тэндээ үзэж тараарай гээд байхад (Жишээлбэл, өргөж гаргадаг туршлагыг яагаад ашиглахгүй байна? Даахгүй л дээ) гудамжинд хальж гарч ирээд байх юм. Систем, тогтолцоо энэ тэр гээд бас л том тайлбарлах байх, гэхдээ яг одоо МАНАН байхгүй. Лу.Болдыг эс тооцвол АН-ын оролцоо байхгүй. Тийм учраас Төрийн ордны зай завсраар нь уугиад байгаа энэ бүхэн сайндаа л МАНанЦАР юм. Нарийн бүтэц, уяаны үзүүр энэ тэрийг хэн нэгэн хэлж өгөх буй заа.

Аливаа юм үргэлж сайн тал руугаа явдаг. Нурж сүйрч байгаа мэт санагдавч ухарч буцаж байгаад ч хамаагүй эцсийн эцэст урагшилдаг. Одоо ч ялгаагүй. Сүүлийн хэдхэн сарын дотор та бидний урд донгоддог нөхдүүдийн хэн нь хэн болох, хаагуур ямар юмаа хийгээд яваад байгааг мэдэж авч байна. Өдөр болгон шинэ баримт.

Хэвлэл мэдээллийн тухайд. Өчигдрийн цуглааныг телевизүүд МҮОНТ-ийн хоёр сувгаас эхлээд бараг бүгд шууд дамжуулан үзүүлж эхэлсэн боловч хэсэг явуулж байгаад залхсан мэт завсарлаж өөр нэвтрүүлэг оруулж, тэгснээ дахин харуулж, сүүлдээ больцгоов. Харин TV5 телевиз ганцаараа ганц нэг секунд ч таслалгүй бүрэн дамжууллаа. Бас TV9 яаж зүгээр байхав. Тус намын Ц.Оюунбаатар индэр дээр гараад үг мүг хэлж харагдсан. МАНАН-г лав магтаагүй байх.

P.S:

Сүүлийн үед М.Энхболдыг дэмжсэн бүү хэл хатуу шүүмжлээгүй хүмүүсийг сайтын сэтгэгдлээр будаа болгож байгаа сурагтай. Ийм учраас надад санал бодлоо хэлэх хүн байх аваас http://www.ajiglalt.mn сайт дээр зэрэг байршуулсан энэхүү нийтлэлийн дор бичээрэй. Арай дэндүү юм бичвэл би хасаад өгөмз. Дээрхэн нэг уншигч, би тантай санал нэг байна, тэр нээрээ үхсэн нь дээр маягийн юм бичээд гээд хам хэрэгтэн болгох шахсан удаатай.

Сурталчилгаа