Бие даагчдын баг ба “Электорат” хөдөлгөөн

Саяхан “Электорат” нэртэй хөдөлгөөн байгуулагдсаныг зарлалаа. Тэд зорилгоо ингэж тодорхойлжээ.

1.Төрийн эрх баригчдын дотор эзлэх хууль зөрчигчдийн тоог огт үгүй болгож чаддаггүй юм гэхэд цөөлөх.

2.Нэгэнт улс төрийн намуудын нэр хүнд унасан энэ тохиолдолд тэдний хүртэж чадахгүй суудлыг эмх замбараагүй байдлаар талын нэг тараачихгүйн тулд бие даан нэр дэвшихээр шийдсэн хүмүүсийг аль болох төвлөрүүлэх.

3.Нэр дэвшигчийг олон түмнээр хэлэлцүүлэн ил тод байдлыг эрхэмлэх төдийгүй, сонгууль болгоноор нэр дэвшигчид сонгогчиддоо хэлдэг улиг болсон үл бүтэх хий хоосон амлалтыг биш, хувь хүнийхээ хувьд ямар зарчим болон ёс суртахуунтай байх андгай тавиулах.

Тэгвэл энэ хөдөлгөөн сонгууль дөхөхөөр дэлгэрдэг шилдэг 76, улс орноо аврах 99-ээс юугаараа ялгаатай вэ?

Улс төрийн намууд гэж авч ч болохгүй хаяж ч болохгүй юмнуудтай боллоо. Намгүй ардчилал, сонгууль гэж байхгүй ч манай намууд бүтэхгүй ээ. Сүүлдээ дотоод хэрүүл, алдаа дутагдал, мөнгө санхүүгээ хүртэл төрөөр шийдүүлдэг, төрийг багалзуурддаг болж байна. Намууд задарч бутрах нь маньдаа түй ч хамаагүй боловч тэднийг хөл толгойгоо олохыг хүлээх цаггүй болсон тул “Электорат” хөдөлгөөн бие даагчдад найдаж байна гэж би ойлгосон.

Бие даах хүмүүсийг одооноос нэрлэх нь хоёр талтай. Муугаас нь эхэлбэл, сонгуулиас жилийн өмнөөс хэл амны бай, довтолгооны объект болно, дайрна, гутаана, илчилнэ. Гэхдээ үүнийг нөгөө талаас нь харвал сонгогчиддоо сайн. Тэд гэнэдэхгүй. Учир нь сонгуулийн кампанит ажлын улам бүр богиноссоор байгаа хэдхэн хоногт нэр дэвшигч хичнээн гоё ярьж, агууг амалсан ч зөвхөн тэдний урьд хийсэн үйлдлүүд хэн болохыг нь харуулна. Сурсан юмыг сураар боож болохгүй. Урьд нь хулгай хийсэн л бол дээш гарсан ч заавал үргэлжлүүлнэ. Хэрвээ үнэхээр том но-той бол эртхэн больсон, болиулсан нь дээр. Хэрвээ алдаа дутагдал байгаа бол түүнийгээ эртхэн мэдүүлэх. Хэнд ч но байна, но биш гэж бодсон зүйл нь но байж мэднэ. Хожим Их хурлын гишүүн болчихоод яг сайхан мандах гэж байтал хэн нэгэн заавал илчилж таарна. Урьтаад “Миний амьдралдаа хамгийн харамсаж явдаг зүйл бол … Надад үнэхээр сургамжтай зүйл болсон… Дахиж алдахгүй” гээд очих нь жинхэнэ шударга бус уу? “Миний хамгийн том дутагдал бол худлаа ярьж чаддаггүй, бас хэлэх гэсэн юмаа шулуухан хэлчихдэг, үүнээсээ бол нүд үзүүрлэгддэг” гэх мэт марзан яриануудаа эртхэн шүүлгэсэн нь дээр.

Системийн онолоор бол дан сайн хүмүүсийг баг болж цуглуулахаар тэр дотроо дахиад сайн муу болж ялгардаг болов уу. Төгс хүнийг хаанаас ч олохгүй, гэхдээ арай тулхтай, илүү зөв хүмүүс Их хуралд орог. Мөнгө, боловсрол, туршлага, нэр нөлөө дутвал дутаг, хамаагүй. Яагаад гэвэл цол дагаж бяр нэмдэг учраас нэгэнт үүрэг хариуцлага хүлээсэн хүн түргэн өсдөг. Харамсалтай нь худлаа ярих, хуурах, хууралцах нь хамт өсөөд байдаг ч гэхдээ сонгогчид өмнөхийг мэддэг, шалгасан, тэгээд айлгаж сэрэмжлүүлсэн байвал бас учиртай.

Энэ бүх шалгуурыг давж чадсан нь бие даагчдын багт орох байх. Харин тэднийг яаж нэг баг болгож эвлүүлэх нь сонин санагдаад байна. Хэрвээ 500, 1000 бие даагчийн нэр цуглавал яаж цөөлөх вэ? Бодож байгаад саналаа бичнэ ээ.

Төгсгөлийн хачир:

Ерээд оны сумын сонгуульд нэгэн нэр дэвшигч цорын ганц санал авсан буюу эхнэр нь хүртэл түүнд өгөөгүй тухай онигоо шиг юм сонсоод жигтэйхэн өрөвдөж билээ.