Олон нийтийн телевизэд юу дутав?

Өнгөрсөн сард УИХ-аар МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг нөхөн томилсон нь С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Н.Жанцан, Д.Өлзийбаатар, Д.Батсүх нар. Олон нийтийн телевиз маань улс орны хувь заяа шийдэгдэж байгаа мэт, бусад нэвтрүүлгээ цуцалж байгаад хоёр сувгаараа зэрэг, шууд дамжуулж, дундуур нь хуулийн заалт уншиж сүржигнэсэн хуралдаан дээр гишүүд их олон юм ярьсан ч бүх юм “намын бодлого” ба Ерөнхийлөгчийн тааллаар болж өнгөрөв. Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлээд шударгаар өрсөлдөөд гарчихаж магадгүй гэж их санасан хорин хэдэн эрхмийн гэнэн цайлганыг гайхаад баршгүй. Лав Үндсэн хуулийн цэцийн асан Жанцан “таны онол ба практикийн мэдлэг хэрэгтэй гээд санал тавихад нь зөвшөөрлөө” маягийн юм ярьж сайрхав. Уул шугамандаа дээрээс санал тавьдагүй, дороос нэр дэвшүүлдэг учиртай юм ш дээ.

Ингээд нийтлэлч Д.Батбаярын оношилсноор, хаашаа ч дагаж харвахад бэлэн болсон сүрэг дахин нэг удаа сумаа ярсхийтэл тавилаа. Гэхдээ О.Баасанхүү (“Манайх Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь харагдаж байна”), Ц.Даваасүрэн (“Зарим нэг улсыг харж байхад улс төрийн нөлөө орсон харагдаж байна… Тархи угаадаг гол хэрэгсэл чинь үндэсний телевиз”). Л.Болд (“Олон нийтийн телевиз олон суваг нээгээд бүх арилжааны телевизтэйгээ өрсөлддөг CCTV болчихлоо”) гээд хоёр гурван тэрслүү гишүүн байсан.

Амаараа шударга загнах аюулгүй юм чинь үлдсэн гишүүд магтаж шүүмжилж, гомдож, тал зассаныг тоочихгүйгээр дүгнэхэд, хар барааныг багасгаж, “стрессийн тойрог”-оос гаргах, нийгмийн гэгээрэл, энтертэйнментыг цагийг нэмэгдүүлэх, соён гэгээрлийн төв байх, ёс суртахууны бодлого явуулах, монгол хүнээ өнгө оруулах тухай захиа даалгавар зонхилж байлаа.

Эрх мэдэлтнүүдийн төдийгүй нийт үзэгчдийн асар том эндүүрэл бол телевизийн дэлгэц тэр чигээрээ хар бараанд автсан гэх явдал юм. Яг үнэндээ муу муухай агуулга ямар ч телевизийн эфирийн цагийн өчүүхэн хувийг эзэлдэг. Олон нийтийн телевизийн тухайд гэвэл тэр чигээрээ ажил төрөл, ололт амжилт, бүтээн байгуулалт, тууз хайчлалт, нийгмийн хариуцлага, түүх уламжлал, концерт, найр наадам, зугаа цэнгэл. Төр, засгийн нэвтрүүлгүүд, хуулийг улаан цайм зөрчсөн сурталчилгаа, захиалгат төлбөрт, хулгайн нэвтрүүлгүүд бүгд эерэгт орно. Хар бараан нь хаана байна? Эсвэл авлига их байна, уялдаа  холбоог сайжруулах хэрэгтэй, бодлого дутагдаад байна гэсэн хэдэн өгүүлбэрээс төдийлөн хэтрэхгүй, хал балгүй, хоосон яриа хэлэлцүүлгийг хэлээд байна уу? Хэрвээ Их хурлын гишүүдийн хэлснээр МҮОНРТ дахиад гэрэл нэмэх юм бол цайраад юу ч харагдахгүй болно.