Улс төрчдийн намтар

Дунд ангид багш маань гурван үеийн намтраа бичиж ирэхийг даалгаж билээ. Аав чемоданаас хэдэн цаас гаргаад, энийг хараад бич дээ гээд өгснөөс санаанд үлдэж хоцорсон нь өвөөг “лам хувраг яваагүй, хувьсгалын эсэргүү бослогод оролцож байгаагүй” гэсэн өгүүлбэр. Тэртээ 1930-аад оны цуурай!

Намтар бол хүний өнгөрсөн явдал учраас тов тодорхой зүйл. Он, сар, өдөр, нэр, хаяг, тоо дугаар яаж ч мартагдсан, өөрчилж засварласан ч цаанаа хөдөлгөөнгүй зүйл. Хэзээ нэгэн цагт гаргаад ирнэ. Нэгд нэгэнгүй нягталж өө сэвийг нь зүлгүүрдсэнээс эхлээд бусдаар улайтлаа бичүүлсэн намтар хүртэл байх.

Манай улс төрчдийн намтар бол хоёр нүүртэй өвөрмөц төрөл зүйл юм. Сонгуульд нэр дэвших болохоороо бүрэн нүцгэлж саймшрах мөртлөө сонгогдсоныхоо дараа хэдэн огноо, нэрийг хагас дутуу хэлхээд бусдыг нь далд хийчихэж байна. УИХ-ын цахим сайт руу ороод гишүүдийн намтрыг хараарай. Эмэгтэй байтугай эрэгтэй гишүүний ядахдаа төрсөн он байхгүй. Тэгвэл сонгуулийн сурталчилгааны намтар бараг л эхээс төрсөн цаг минут, хөрвөөсөн шорооноос эхэлсэнсэн. Одоо болохоор шууд дээд сургууль, хааяа арван жил төгссөнөөс эхлүүлжээ. Төрийн түшээдийг бүгд таних учраас Интернэтийн зайг гамнасан байж мэдэх ч гэтэл аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн намтар мөн тиймэрхүүгээр товчлогджээ. Одоогоор ганц баталгаатай бөгөөд бүрэн байдаг мэдээлэл бол овог нэр ба хүйс.

Өнөөдөр энд тэнд тааралдсан эрхэм гишүүд, төлөөлөгчдийн намтрыг үзээд хийсэн дүгнэлт бол манайхан намтрыг ёстой гурилддаг юм байна. Жишээлбэл,

-Нэг хүн яаж амжив аа хэмээн биширмээр олон мэргэжил, дэндүү өндөр боловсролтой. Их, дээд сургууль, магистрын сургалт, дотоод гадаадын гурав, зургаан сарын дамжаанууд сертификатын зааг ялгааг гаргахгүйгээр холиод биччихдэг. Үндсэн мэргэжлийн хажуугаар есөн шидийн хуульч юм эрх зүйч, бас “улс төрийн дээд боловсролтой”. Яаж авдаг боловсрол вэ?

-Төгссөн он байдаг хэрнээ элссэнээ орхидог. Хэрвээ бүрэн бичвэл бүтэн суралцсан, эсвэл гүйцээгээгүй, мөн сургалт дамжаа сургалт байсан эсэх нь шууд харагдана.

-Тухайн үеийн нэршлийг орчин цагийг болгож бичдэг. Марксизм-ленинизмын оройн дээд, Намын дээдийг Удирдлагын академи болгож, ОХУ-д төгссөн “коммунист” нэртэй хот, сургууль соёлынхоо нэрийг шууд “ардчилладаг”. Энэ нь “бүдүүн дуут” Цэдэндамба гуай маазрахдаа, Чингэс хаан бид хоёр Хэнтий аймгийн Дадал сумын нэг бригадад төрсөн гэсэнтэй адил юм.

-Зарим хүний намтарт хэдэн жилийг ор тас алгасчээ. Хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгээгүй бол юундаа нуудаг байна аа? Бусад монголчуудын нэгэн адил гадаадад ажиллаж амьдарсан бол бахархмаар хэрэг баймаарсан.

-УИХ-ын гишүүн, яамны сайд, даргын зөвлөх, туслахаар ажилласнаас чухам хэний гэдгээ хэзээ ч хэлдэггүй. Ж.Эрдэнэбатын юмуу Д.Эрдэнэбатын зөвлөх гэдгийн цаана том ялгаа бий.

-Төрсөн газраа (аймаг, сумаа) бичихээ бараг больжээ. “Хөдөөнийх” гэдгээ ичдэггүй баймаар. Манайд олон хүний ажил албан тушаал, томилгоо, элдэв үйлдлийн тайлал чухам энд байдаг.

-Хаана амьдардаг вэ? Улсын Их Хурлын гишүүд хөдөө, хотоос сонгогдсон ялгаагүй Улаанбаатарт суудаг учраас асуудалгүй. Харин нийслэл, дүүрэгт сонгогдсон төлөөлөгчид хаана амьдардгийг (байшингийн дугаар, хаалганы тоот байх албагүй ч дүүрэг, хороо ба хороолол, хотхоноор) мэдэх ёстой нэг шалтгаан бий. Хувь хүний нууц байж болох ч тухайн сонгуулийн тойрог буюу дүүрэг, хороо, гудамж хорооллын иргэдийг хаанахын хэн төлөөлөөд байгааг мэдэхэд хэрэгтэй.

Ажиглахад, нийслэлийн хүн амын тэн хагас болсон гэр хорооллынхон, тэр дундаа Яармаг, Баянхошуу, долоон буудал, Дэнжийн мянга, Чингэлтэй, Бэлх, Улиастайд буюу сонгогчдынхоо дунд амьдардаг төлөөлөгч олдохгүй байна. Хэрвээ олдвол, сонгогчидтойгоо утаатай ч гэсэн нэг агаараар амьсгалдаг гэж мэтээр алдаршуулах юмсан.

Ийм учраас намтар бичих стандарт биш юмаа гэхэд наад захын шаардлага тавих цаг болсон бус уу? Тийм юмгүйн улмаас фэнгшү С.Ганбаатар баахан сургуулийг дутуу төгсгөж халтуурдсан нь хожим илэрсэн. Санаснаас, яагаад фэнгшү болсноо намтраасаа бүрэн арилгажээ. Хотын Засаг дарга С.Амарсайхан 1994-2000 оны хооронд АНУ-д гурван коллежийг хоёр хоёр жилээр хувааж төгсгөөд эрх зүйн магистр болж, тэндээсээ шууд Бээжин дахь ЭСЯ-нд атташегаар томилогдсоны нууц тайлагдаагүй хэвээр.

Улс төрч хүний төгс биш юмаа гэхэд зүгээр л бүтэн намтар ямар байхыг овог нэрээс гадна дараах байдлаар төсөөлж байна.

  • Төрсөн он сар өдөр
  • Төрсөн газар
  • Аль дунд сургууль элссэн, төгсгөсөн он
  • Элссэн дээд сургууль, анги, салбар, он, төгссөн он, эзэмшсэн мэргэжил, хамгаалсан дипломын сэдэв
  • Магистр, мастер, докторт суралцсан буюу эхэлж дууссан он, эрдмийн ажлын сэдэв.
  • Ажилласан байгууллага, аж ахуйн нэгж, эрхэлсэн ажил, албан тушаал, тус бүрийн эхэлсэн ба дууссан огноо. Ямар нэгэн зөвлөх туслахаар ажилласан бол хаана бөгөөд хэний?
  • Сонгуульт ажил. Удирдлагад нь багтдаг байгууллага, аж ахуйн нэгжийн нэр ба эхэлсэн, дууссан цаг.
  • Төрийн одон, медаль, цол, шагналууд, тэдгээрийг авсан он гэх мэт.

Дараачийн ээлжинд хөрөнгө чинээ. Авлигатай тэмцэх газраас хөрөнгө орлогын мэдүүлгийг хураангуйг нийтэлдэг нь зөвхөн сэжүүр төдий юм. Одоо задалж дэлгэрүүлэх цаг болсон.

Аливаа намтар гэр бүл, хүүхдийн тоо гэсхийгээд төгсдөг.

Цаашаагаа хүссэн, хүсээгүй хэвлэл мэдээлэл, олон нийт дэлгэрүүлээд явна. Жирийн иргэний намтар хувийн хэрэг боловч улс төрч, төрийн өндөр албан тушаалтан, нэр нөлөөтэй хүмүүсийнх бол сонгогчдийн хэрэг. Юуны өмнө “Соронз”, “Гранд ньюс”, People of Mongolia, “Папараци” гээд сэтгүүлүүд тэдний хувийн амьдралыг өнгөтэйгөөр дэлгээд өгнө.

Намтарт нь орох ёстой ишлэл гэж байна. Улс төрчид буруу зөв их бурна, дараа нь мартахыг хүснэ, гэхдээ хэвлэл мэдээлэл хэзээ ч мартуулдаггүй. Хийсэн бүтээснийг нэмж болно. УИХ-ын гишүүн Ч.Улаан арваад жилийн өмнө Сэлэнгэ аймагт нэг гэр бүлийн 4 хүнийг уснаас аварсан шиг баатарлаг үйлс орох ёстой. Нөгөө талаар улс төрч болгонд байдаг нүглийн жагсаалт, жишээлбэл, ЖДҮ-гээс сэмхэн амжуулаад баригдаж АТГ-аар цолоо дуудуулсан нь багтах ёстой.

Сүүлийн үед хүний хүмүүжил 3-5 насандаа шийдэгддэг гэж их бичдэг болжээ. Цаашаагаа тэр чигээрээ явдаг. Том хүн дээр буулгаж хэлбэл хэзээ ч засардаггүй. Хулгайч байсан бол ерөнхийлөгч болсон ч үргэлжлүүлнэ. Арай боловсон бөгөөд өндөр түвшинд. Харин тэднийг тогтоож байх цорын ганц арга бол урьдах нүгэл буюу намтрыг  мэдэж байгаад тасралтгүй сануулан хянах явдал юм.

Улс төрчид юуг нууж байгаа нь тэдний жинхэнэ нүүр царай. Энэ утгаараа улс төрч;ийн намтартаа оруулахыг хүсдэггүй жижигхэн фактуудад тэдний мөн чанар оршино. Дэлгэцэн дээр хэдэн цагаар, эсвэл сонин сэтгүүлийн 10-20 нүүрээр чалчсан хэрнээ хамгийн ноцтойгоо нуугаад, эсвэл засаад, тэмээг ямаа, ямааг тэмээ болгож чаддаг хүмүүс бол улс төрчид.

Цаг өөр болжээ. Улс төрчид, нэр дэвшигчид намтраа өөрсдөө үнэн зөв бөгөөд бүрэн бичиж цэгцрэх хэрэгтэй. Урьд нь худлаа нээрээ залж байсан бол эртхэн буруугаа хүлээж уучлал гуйх. Эс тэгвэл сонгуулийн сурталчилгааны үеэр сэтгүүлчид, сонгогчид, бас дайснууд нь дурайтал бичээд өгнө.

P.S:

Улс төрчдийн намтрын асуудлаар санал сэтгэгдлээ хэлэх хүн байх аваас http://www.ajiglalt.mn сайт дээр зэрэг байршуулсан тул тэнд бичиж үлдээнэ үү. Арай дэндүү юм бичсэн хүнийхийг би хасах байх. Энд болохоор хараал ерөөл нь хэтрээд байдаг тул хүлцэл өчсүгэй.