Дунд сургуулийн сурах бичгээс санаанд үлдэж хоцорсон

2019.10.02.

Хүн болгон сурагч байсан. Тэгээд бага, дунд, ахлах ангийн сурах бичгүүдийн зарим нэгийг ийм хавтастай, дотроо тийм зурагтай гэх мэтээр санадаг биз.

Барагцаалбал 6-7-р ангийн физикийн бодлого, дасгалын хураамжийн ном миний нүдэнд шууд бууж байна. Бусад сурах бичгээс арай жижиг, улаан хавтастай, орос зохиогчийн нэртэй, тэгэхээр зөвлөлтийн сурах бичгийн орчуулга байж таарна. Тэгээд хүндийн жин, газрын татах хүч, хурдасгал мэтийн уйтгартай дасгалуудаас ганцханыг одоо ч мартаагүй. Утга нь, эх орны дайны үед дайсанд оногдож гал авалцсан онгоцоо аврахын тулд нисэгч нь улам хурдалдаг байсан нь яагаад вэ гэж. Шууд л байлдаантай кино нүдэнд дүрэлзэхэд номын арын хуудсууд руу (хариутай, сайн ном байжээ) яаран хүрснээр, онгоц хурдлахад агаарын хүчтэй урсгал галыг цохиж унтраадаг болохыг мэдэж авсан.

Дундад зууны дэлхийн түүхийн сурах бичигт оросын хотуудыг эзлэхээр ирсэн “царцаа шиг олон монголчууд” гэж бичсэнийг уншаад анх удаа сурах бичигтэйгээ санал нийлээгүй. Орчуулгын сурах бичиг байсан болов уу. Манай монголчууд анхнаасаа цөөхөн, одоо ч (1970-аад онд гэсэн үг) нэг хавтгай дөрвөлжин километрт нэг хүн ногддог гэсэн цээжилсэн байсан болохоор “оросууд ялагдчихаад л тэгэж байхгүй юу даа” гэж.