ЖДҮ яав?

2019.10.25. 

Улсын Их Хурлын гишүүд хэтэрхий шударгаар буюу 950 саяар эв найртайгаар хувааж авцгаасан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудал яг жилийн өмнө монголын хамгийн том дуулиан байсан бол өнөөдөр “шалгагдаж байгаа” нэртэйгээр тэгэсхийгээд замхардаг ангилалд шилжив ээ. Анх төрийн түшээд болон сайд дарга нарын олон арван нэр дуулддаг байсан бол өнөөдөр гурав дөрөв болж цөөрсөн сураг байна.  “Нэхүүл” нэртэй хөдөлгөөн хүртэл нэхэхээ больж, бусад нь амаа хамхижээ. Одоо Монгол улсад нэг л хүн тэдэнд ЖДҮ-г нь сануулах, сануулаад зогсохгүй магадлал бий. Гэхдээ зөвхөн үгэнд нь ороогүй тохиолдолд. 

Өнгөрсөн хугацаанд ЖДҮ санг жаахан засварлаад 2019 оны шалгаруулалтыг үлгэр жишээ явуулжээ. Бүр зурагтаар шууд дамжуулсан гэж байгаа. Тэглээ гээд шударга болж чадах уу? Хөрөнгийн баталгаа бэлэн, өө сэвгүй баримт бичиг бүрдүүлж чадахаараа дараачийн ферм, бүхэл бүтэн уулын хөндийг хашаалсан тариалан, шинэ салбараа тэтгэх гэсэн компанийн эзэд тэртээ тэргүй авч таарна. Нөгөө яриад байдаг шинэ санаа, инноваци, стартап-ууд яагаад ч давж гарахгүй.