ЖДҮ: Яг юу болов?

2019.11.19.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эрх бүхий албан тушаалтан зэрэг нийт 7 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр сая нэг эхэлжээ. Тэднийг эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийн гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд дээрх сангаас маш бага хувийн хүүтэй зээл олгосон гэж буруутгаж байгаа. Тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хэргийг прокурорт буцаалаа.

Энэ долоо яаж ийгээд хөнгөхөн, эсвэл ор нэр шийтгүүлээд өнгөрөх биз. Бусад нь хаачив?

Миний хувьд тэднийг шийтгэхийн оронд ЖДҮ сангаас хэрхэн зээл авсныг шүүх хурлын явцад ил тод болгохыг илүүд үзнэ. Тухайлбал, тэд ЖДҮ сангийн хэнд хандсан, эсвэл Б.Батзориг сайдтай шууд ярьсан уу, цаадах нь юу гэж хариулсан буюу хэнд уламжилсан, сонгон шалгаруулалтын хурал дээр эхлээд хэн, дараа нь хэн юу хэлсэн, Х.Болорчулуун, Г.Солтан, Н.Учрал, О.Батнасан, Ж.Энхбаяр, Х.Нямбаатар гээд олон гишүүний зээлийн дүн ямар ид шидээр ижилхэн 950 сая байж таарсан, харин Н.Оюундарийн 800 саяыг хүртсэн хүүхэд ээжийнх нь хэлснээр “мэдээлэлд ойр” байж чадсаны нууц, харин 300 сая, 400 сая, 563 саятай арай жижиг ЖДҮ-чид анхнаасаа ийм даруухан төсөл бичсэн, магадгүй төсвөө тануулж “хохирсон” эсэхийг мэдэж авах юмсан.