МиГ-29-ыг юу хөдөлгөв?

2019.12.05.

Оросын Холбооны Улс манайд МиГ-29УБ загварын сөнөөгч онгоц хоёрыг бэлэглэжээ.  

Бэлгийн хоёр 2019 оны 11-р сарын 15-нд Буянт-Ухаад газардаж 26-ны өдөр улс тунхагласны баяраар албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. УБ нь Улаанбаатар биш, учебно-боевой гэсэн үг. НАТО-гийн нэршлээр бол “Тулах цэг”. Сургах, бас байлдах зориулалттай учраас сургагч ба нисгэгчийн хоёр суудалтай. Энэ удаад кабины хаалтыг өргөж сойсныг эс тооцвол хөдөлгөөнгүй зогсож харагдав. Нисгэж ид шидийг нь харуулсангүй. Монгол нисэгчид хараахан бэлтгэгдээгүй байх.  

1990-ээд он хүртэл ЗХУ-аас манай Ардын армид дөч гаруй МиГ-15, МиГ-17, МиГ-21-ийг нийлүүлсэн боловч оросууд буцсаны дараа лав хоёр гурав нь Улаанбаатарын эргэн тойронд осолдонгуут бүх нислэгийг зогсоож, аажимдаа үлдсэн онгоцуудын хугацаа нь дуусч, сүүлдээ ачааны нэг хоёр онгоц, хэдхэн нисдэг тэргийг эс тооцвол Монгол Улс цэргийн нисдэг хүчингүй болох шахаад байв. Гэхдээ агаарын цэргийн командлал, агаарын цэргийн командлагч гэж үргэлж байсан. Санаж явбал гэгчээр одоо л нэг бүтэж байна. Зөвлөлтийн агаарын цэргийн 23-р армийн аэродром, нисэх буух зурвас энд тэндгүй үлдсэнийг ховхлоогүй, битүү зогсоолыг хувьчилж нураагаагүй бол ашиглахад бэлэн байх ёстой. Оросууд араас нь дахиад хэдэн сөнөөгч нэмж өгнө гэсэн тул бид удалгүй жинхэнэ агаарын цэргийн нисдэг хүчинтэй улс болно.

Эгзэгтэй асуулт бол манай онгоцууд хэнтэй яах зорилготой вэ? Агаарын хилээ гаднын халдлагаас хамгаална гэдэг чинь Орос, Хятадыг хардаад байгаа юм уу? Юутай ч хоёр хөршийг даваад ирэх хэн ч байхгүй. Харин  манай нутаг дээгүүр нисч өнгөрдөг гадаадын онгоцуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай бол албадан буулт хийлгэх, бүр устгахыг чадна гэсэн үг. Сахилгагүй нөхдүүд тэнгэрт ч олдоно. Ганц хоёроор нэмэгдээд л байгаа хувийн онгоц, бүр дронуудад хүртэл сахилга бат хэрэгтэй.   

Миг-29-ыг Монгол руу юу хөдөлгөв? ОХУ гэнэтхэн 20 сая долларын онгоц хэд хэдийг бэлэглээд эхэлсний шалтгаан нь АНУ бүр илүү үнэтэй онгоц бэлэглэхээс өрссөн хэрэг биш биз? Хэрвээ америкийн цэргийн “ташаагаа тулсан” Ф-үүд ороод ирвэл монголын агаарын цэргийн нисэх онгоцны парк төдий бус хамаатай бүх техник, тоног төхөөрөмж, стандарт,  харилцаа холбоо, шифрлэлт, аэродром, навигацийн нарийн ширийн, бүр нислэгийн “школ”, нисэгчид өөрсдөө гээд бүх юм төрөл арилжина. Онгоцоо дагаад америк зааварлагч, америк засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, америк сум пуужин, энэ бүгдийг дагасан америк бүтэц, зохион байгуулалт дагаад орж ирнэ. 

Одоохондоо АНУ-аас цэргийн тээврийн онгоц авах тухай яриа цухалздаг. Ямар ч байсан арав гаруй жилийн өмнөөс америкийн цэргийн том саарал C-130 онгоц монголын энхийг сахиулагчдыг аваачих, авчрах гэж Улаанбаатарт байнга бууж хөөрч байгаа.

Шинэ мэдээ.

Варшавын гэрээний үеэс хойш хэдэн арван МиГ-29-тэй байсан Польш улс хэд хэдэн ослын дараа нислэгийг зогсоогоод байснаа дахин ашиглаж эхлэхээ зарласан байна. Бас АНУ-аас 32 ширхэг F-35 худалдан авч зөвлөлтийн онгоцуудыг солихоор төлөвлөж байснаа больжээ. Хэтэрхий үнэтэй байсан бололтой.