Уг нь төр засгийн биш байлгах гэж л…

2019.12.15.

Уг нь төр засгийн биш байлгах гэж л 2005 онд Олон нийтийн радио, телевизийн хууль гаргасан ухаантай. Гэвч одоо зүсээ хувиргасан ЗГ-ын телевиз буюу төрийн байгууллагуудын телевиз, радиогийн нэгдсэн редакци гэж хэлмээр санагддаг. Би арай хэтрүүлж байна уу? Магадгүй. Олон нийтийн радио, телевиз улс оронд болж байгаа олон үйл явдлыг сурвалжлан мэдээлж сонин сайхан хүмүүстэй яриа өрнүүлж, уянгалсан, санан дурссан, өргөмжилсан, огшоосон нэвтрүүлэг үзүүлдэг нь үнэн. Гэхдээ гавьяа биш, хийх ёстой ажил нь.

Хэдэн жилийн өмнө МҮОНРТ-ийн төсөв 7-9 тэрбум төгрөг байсан санагдана. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш улсын төсвөөс жил бүр арав гаруй, зарим жил 20 давсан тэрбумыг олгожээ. Зөвхөн 2017 онд 8,4 тэрбумын хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс авч, түүгээр барилга байшингаа алаг эрээнээр будаж, өрөө тасалгаагаа нь шил толь болгож, техник тоног төхөөрөмжөө шинэчлэн гаралтаа HD болгожээ. Одоо ингэж санхүүжүүлж байгаа татвар төлөгчиддөө ядахдаа нэг удаа баярлалаа гэдэггүй юм аа гэхэд шилэн дансаа ном ёсоор нь хөтөлж эхлэх цаг болсон.

Монгол Улс ийм сайн олон нийтийн телевизтэй юм бол өнөөдөр яагаад хулгайчид төрийн толгойд гарч, сайдууд нь ЖДҮ-ээс 950 саяар хуваагаад аваад, хууль ёс дампуурсан тухай бүгд ярьж нотлоод байна вэ? Мэдээ сурвалжлагууд гэж нэг л их хурал, хэлэлцүүлэг, түүгээр ухаантай ярьсан, бүгдийг мэдсэн, ингэх тэгэх ёстойг заасан хүмүүс. Яг үнэндээ том бодлого, зорилт ярих нь амархан, аюулгүй. Чухал чухал сэдвийг хоосон сүр, усан яриа болгож хувиргадаг хосгүй чадвар МҮОНРТ-д байна. Эрэн сурвалжлага хэмээн сүржин нэвтрүүлгүүд сонин хэвлэл, сайтуудаар бичигдсэн зарим мэдээллийг дүрсжүүлж баахан шогшрохоос хэтэрдэггүй. Авлигыг муулсан үгсийг хэлхэж сүртэй хөгжим тавихлаар авлигийн нэвтрүүлэг болчихдог хэрэг үү? Уг нь Монгол улсад эх сурвалжаа нуух онцгой эрхтэй цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллага билээ. 15 жил өнгөрөхөд ганц олигтой эрэн сурвалжлага хийгээгүй, нэг ч авлигыг илчлээгүй өдий хүрчээ.

Зоригийн хэргийг биш юмаа гэхэд 60 тэрбумчид, тэр тусмаа ЖДҮ-чдыг хүн тус бүрээр, төгрөг болгоноор илчлээд ичээгээд байж чадах ёстой телевиз. Гэвч ЖДҮ-гээр ганц үг ган хийгээгүй ч гайхалтай. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын тансаглал, үрэлгэн зарцуулалт, наад зах нь албаны унаа гээд сэдвүүд олон нийтийн телевизэд бүрэн хаалттай байна. 2020 оны төсвийг хөрөнгө оруулалтыг нэг аймагт 130 тэрбум,, нөгөө аймагт 2 тэрбумаар хуваарилсныг мэдсэн болов уу?