Олон нийтийн телевизийн ширэн данс

2020.01.05.

Мөнгөтэй бол ямар ч байгууллага, хувь хүн олон нийтийн телевизээр селфидэж болно. Өнгөрсөн жилийн турш олон нийтийн телевизээр гарч байсан компаниудын гэрээт (байнгын) болон захиалгат (нэг удаагийн) нэвтрүүлгүүдээс тэмдэглэж авснаа жагсаавал,

– Оюутолгой компанийн сурталчилгааны нэвтрүүлэг

-“Хүдэр дагасан сурвалжлага” (Эрдэнэт үйлдвэрийн сурталчилгааны нэвтрүүлэг)

-“Энержи ресурс” үзүүлж байна”

-“Интермед эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд”

-“Махимпекс үзүүлж байна” гэх мэт. 

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн яг эхэнд Худалдаа хөгжлийн банкны лого гардаг нь “Цагийн хүрд” ХХБ-аар эхэлж байна гэсэн үг юм. 

Яг одоо МҮОНРТ-ийн mnb.mn сайтад төлбөртэй нэвтрүүлгийн үнэ тариф тавигдсан хэвээр байна. Хэрвээ тэд хууль дээдэлдэгсэн бол Олон нийтийн телевизийн хуулийн үг үсэг болгоныг зөрчсөн тарифыг харуулах битгий хэл, бодож гаргахаас ч ичих байсан биз. Гэвч үе үеийн удирдлагууд аль засгийн үед томилогдсоноос үл хамааран тоосон шинж өчүүхэн ч алга.  

Эндээс ганцхан жишээг онцлоход, “Цагийн хүрд”-ийн зочин уригдахын тулд хоёр саяыг төлдөг нь бараг “бизнес класс” ажгуу. Энэ тарифаар хичнээн орлого яаж олсныг хэзээ ч тайлагнаж байсангүй. Цорын ганц найдвар бол Шилэн данс боловч МҮОНРТ-ийн тийм данс гэж байхгүй.

P.S:

Олон нийтийн телевизээр 2020 оны шинэ жилээр гаргах компаниудын нэвтрүүлгийн тариф 1 минут нь 5 сая төгрөг байжээ. Он солигдонгуут үзүүлсэн “Шилдэг компаниудын мэндчилгээ”-ний тариф илүү “шилдэг” байж таарна.