Төрийн сэлфи телевиз

2020.02.01.

Яах гэж тийм их ажил болж олон нийтийн телевизийг байгуулсан юм бэ гэвэл төрийн байгууллага албан тушаалтнуудаас хараат бус байлгах гэж. Тэгвэл 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль гаргаж Монгол телевизийг тийм болгосноос хойш 15 жилийн дараа сэрээд харвал бүх юм бахь байдгаараа, зүгээр нэг сурталчилж өгдөг биш, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн байгууллага, албан тушаалтнууд өөрсдийгөө хүссэнээрээ харж гоё болгож хардаг, харуулдаг сэлфи телевиз болсон байна. 

Өнөөдөр олон нийтийн телевизээр гарч төрийн байгууллагуудын тогтмол нэвтрүүлгүүд

  • Сүлд хөтөлбөр (Ерөнхийлөгчийн тамгын газар
  • УИХ-ын цаг (УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас бэлтгэв)
  • “Нээлттэй засаг” (Засгийн газрын хэрэг эрхлэх газар)
  • “Засаг цаг – Засах цаг” (Засгийн газрыг ажлыг магтсан, гэхдээ нэвтрүүлэг гэхээс илүү сүржигнэл)
  • “Эх орны төлөө” (Батлан хамгаалах яам)
  • Батлан хамгаалах яамны дэргэдэх “Дуулга” студиэс бэлтгэсэн
  • “Бүтээн байгуулалтын цаг” (“Зам тээврийн хөгжлийн яам үзүүлж байна”)
  • “Прокурорын цаг” нэвтрүүлэг
  • “Амрыг эрье” (Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн нэвтрүүлэг. Дуулга студиас бэлтгэв)
  • “Онцгой дуудлага” (Онцгой байдлын ерөнхий газар)
  • “Сүлдэт баганын дэргэдээс” (Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх “Хилчин” студиэс бэлтгэдэг нэвтрүүлэг)
  • АТГ-ын мэдээлэл гэх мэт. 

(Төрийн байгууллага, төсөл хөтөлбөрөөс хамааралтай зарим нэвтрүүлгийг энд дурдсангүй)  

Олон нийтийн телевиз Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн албан тушаалтан, байгууллагуудын тухай нэвтрүүлэг гаргах хэрэгтэй, бүр үүрэгтэй нь мэдээж. Гэхдээ тэдний бэлтгэснийг юм уу бэлтгүүлснийг биш. Хэрвээ энд өөрсдөө хараат бусаар ажиллахгүй юм бол Олон нийтийн телевиз гэж байхын хэрэг юун.

Бүр 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар Төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон бол одоо МҮОНРТ хэмээх нэгдсэн редакцитай болжээ.        

Үүний хажуугаар төрийн захиргааны төв байгууллага, төрийн өндөр албан тушаалтнууд дуртай цагтаа дуртай нэвтрүүлгээ захиалдаг. Үүний жишээ бол УИХ-ын дарга Г.Занданшатарын Парламентын шинэчлэл-1, Парламентын шинэчлэл-2 цуврал, түүний ажлын тайлангын нэвтрүүлгүүд юм. Бас УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа – 25″. Урт хугацааны хөгжлийн бодлого” нэртэй, заримдаа түүнтэй ярилцсан, заримдаа янз бүрийн албан тушаалтнууд, судлаачидтэй хамт оролцсон, заримдаа бүр өөрөө хөтөлж байгаа мэт харагдаж хоёр он дамжин хэдэн сарын турш үргэлжилсэн нэвтрүүлэг юм. Нэг удаагийн захиалгат нэвтрүүлгүүд бол тасрахгүй.