Д.Занданбат чадах уу?

2020.04.03.

Арваад хоногийн өмнө арван таван нам, дөрвөн эвсэл 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт гардуулснийг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, бас санхүүгийн эх үүсвэр шаардсан зорилтуудыг хэрэгжүүлэх зардлын хэмжээ Төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг хянаад 2020 оны 04 дүгээр сарын 25-ны дотор дүгнэлт гаргах ёстой.

Нарийвчилсан тоонууд одоогоор хаалттай ч тэр өдөр эрх баригч болон бусад намууд урьдчилан танилцуулснаас үзэхэд тэд сонгогчиддоо гар татсангүй. Монгол Ардын мөнгөний тооноос зайлсхийсэн ч нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүр орон сууцанд орох боломжийг бий болгоно гэжээ. Эхнэр, нөхөр, бас ажил хийдэг хүүхдүүд тусдаа байртай болох нь ээ?

Тэгвэл Ардчилсан Нам дундаж цалин, орлогыг 3 сая төгрөгт хүргэнэ.  Орон сууц амлаагүй, гэхдээ иргэд өөрсдөө орон сууцтай болох юм гэнэ. Сарын 3 саятай хүн шууд ипотекийн зээлэнд шууд орох учраас амалснаас ялгаа юу байхав. 

Харин МАХН, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намын гурвын эвсэл хоёрын хооронд нарийлаад байлгүй, цалин орлогыг шууд 5 сая төгрөгт хүргэхээр болжээ. Тэд ноднин үнэгүй орон сууцны бүртгэл явуулж эхэлснээ энэ удаад давтаагүй ч цуцлаагүйг бодоход албан ёсны мөрийн хөтөлбөрийн хажуугаар хууль зөрчихгүйгээр хүч нэмээд явах шинжтэй. Энэ бол байр горьдсон хүмүүсийн ачаар Н.Энхбаяр нарын ганц хоёр дарга сонгогдоход хэрэгтэй, бас аюулгүй. Учир нь тэртээ тэргүй олонхи болохгүй учраас “та нараас олонхи болгоогүй учраас” гээд ам таглана.  

Намын биш бөгөөд нэр дэвшихгүй эдийн засагчдын хэлж буйгаар арай дэндүү амалжээ. Хэрвээ тийм бол дээрх хэдэн намыг залилан мэхлэх аргаар Засгийн эрхийг хууль бусаар авахаар завдсан гээд татан буулгах учиртай. Саяхан М.Энхсайхан Тавантолгойг яахыг ч юм завдсаний төлөө хэрэг үүсгэсэн билээ. 

Цалин орлогын тоог нэмэх дэндүү амархан. Наад зах нь мөнгө хэвлээд тараахад ханш унаад талх 5 мянгад хүрчихвэл дундаж цалин аяндаа нугараад явчихна. Гагцхүү “2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийг яаж төлөхөө намууд мөрийн хөтөлбөртөө итгэж болохуйцаар тусгасан уу? 

Одоо Үндэсний аудитын газар яахыг харья. Дарга нь Д.Занданбат. Намтрыг нь үзтэл 2017 оны 7-р сард Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж явцдаа НӨАТ-ын буцаан олголтын журам дүрмийг зөрчин арилжааны банкуудтай гэрээ хийж татвар төлөгчдийн хувийн мэдээллийг өгсөн үндэслэлээр 2019 оны 1-р сард Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түүнийг халж орхижээ. Энэ эрхмийн карьер ингээд дуусдаг байжээ гэтэл 2019 оны 5-р сард Үндэсний аудитын газрын даргаар томилсон байх юм. Бүр УИХ-аар шүү. Хэлэлцүүлгийн явцад тэрбээр “Энэ ажлыг хариуцлагатай, сэтгэл гаргаж хийнэ гэсэн ийм зорилготой байгаа” хэмээн мэдэгдэж байжээ. Нэг л итгэл төрөхгүй байна.

Тэгэж хэлэх бас нэг шалтгаан байна. 

2008 онд нийслэлийн Иргэдийн Хурлын сонгуулиар Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн МАХН-ын хорооны дарга Доржсүрэнгийн Занданбатын удирдсан сонгуулийн штаб “Өрх бүрт 30 сая төгрөг олгоно” хэмээн амлаж сурталчилгаагаа эхлүүлсэн байдаг.  

Иргэд тайлбар, задаргааг шаардахад хариулсан нь: Бэлнээр олгохгүй ээ, эхлээд Хан-Уул дүүрэг байгаа сөнөсөн үйлдвэрүүдийг сэргээж ажилд оруулна, тэр үйлдвэрүүд ажилчин авна, нэг айлаас нэг хүнийг ажилд оруулна, тэд цалин авна, сард төдийг авна, жилд 12 сар байдаг болохоор 12-оор үржүүлэхээр төд болно, бүрэн эрхийн 4 жилээр үржүүлэхээр 30 сая болно…

Сонгогчид салаавч өгч Хан-Уул дүүрэгт МАХН хиартал ялагдсан нь мэдээжийн хэрэг. Д.Занданбат нар залилангийн хэрэгт татагдаагүй нь их юм. Ингээд дараачийн найман жил Хан-Уул дүүрэг Ардчилсан намын гарт орсон билээ.