“Төр бол би”

2020.05.04.

Тэртээ 2002 онд Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны захирагчийн албаны нэгэн залуу “Дэлхийн зөн”-д ажилд оржээ. Монголд хүүхэд, гэр бүл, орон нутгийн иргэдэд чиглэсэн буяны үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагын нэрэнд их учир байжээ. Тэр залуугийн зөн чанар гэнэт идэвхжиж “Алсын хараа” хэмээх ном бичлээ. Алс гэдэг бол цаг хугацаанаас гадна орон зай тул төдөлгүй Улаанбаатарт шилжин ирж Баянзүрх дүүргээр дамжаад МАХН-ын шинэ ордонд тухлав. Цаашихыг бид мэднэ. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2016 онд МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Гэвч тайвширсангүй. 2018 оны төгсгөлөөр УИХ-ын даргаа огцруулах тэмцэлд босч, хачирхаж гайхсан хүмүүст “Би албан тушаалд дурлаагүй, яасан ч дарга болохгүй” хэмээн тангарагласан боловч дурлана, болно гэдгээ зөнгөөрөө мэдэж байжээ. Сарын дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болов.

Тэгтэл Л.Оюун-Эрдэнийн холын хараа огцом хурцдаж Монгол Улсад ирээдүйн замыг нь зааж өгөх ажилд идэвхийлэн орлоо. Ингээд ноднин намраас хойш “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг даргалан боловсруулж энэ өдрүүдэд УИХ-ын хурлаар хэлэлцүүлэн батлуулж байна. Түүнд оролцсон гэх 1500 эрдэмтэн мэргэд хэдий аугаа байж болох ч 30 жилийн алсыг хардаг хүмүүс лав биш хэрнээ эрх мэдэлтэй даргыг дуулгавартай дагалаа. Олон нийтийн телевиз түүний алсын харааг тойрсон мэргэн цэцнээр дүүрэв. Улс орон хэтдээ яаж амьдрах талаар ярьж хэлэлцэн, бүр цаасан дээр буулгаж байх чухал хэдий ч гурван сарын дараах короновирусын цар тахлыг харж бараагүй нөхдүүд гучин жилийн турш яаж амьдрахыг зааж өгөв.

Ийм онигоо байдаг. Хамтралын хурал эхлэхэд дарга босч,

-Нөхөд өө, өнөөдөр хоёр асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, малын саравч барих тухай, хоёрдугаарт, коммунизм байгуулах зорилтын тухай. Гэхдээ саравч барих банз байхгүй учраас шууд коммунизм байгуулах асуудалдаа орцгооё.

Харин эрхэм гишүүн, сайд Л.Оюун-Эрдэнэ хоёуланг нь чадлаа. Өөрийн сонгогдсон Хэнтий аймагтаа түүхэн аялал жуулчлалын бүс гэсэн алсын харааг бодож өгөөд сүүлийн гурван жилийн турш мөнгөөр усалжээ Зөвхөн 2020 онд улсын төсвийн 130 тэрбумын хөрөнгө оруулалтыг хуваарилсан нь бусад аймгуудынхаас хэд дахин их. Монголд эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас олгосон 38 сая долларын хөнгөлөлттэй зээлийн тэн хагасыг Хэнтий рүү урсгав. Ингээд баахан хөшөө дурсгал босгож өгч байна.

Аялал жуулчлалын салбарын нэг бус судлаач, эрдэмтдийн ярихыг сонсоход, манай аялал жуулчлал өвөрмонголынхоос тэс өөр, тэднийг дууриан хиймэл хөшөө дурсгал босгож үй олон жуулчин авчирвал монголын байгаль сүйрнэ. “Манай байгаль өөрөө хамгийн сайхан хөшөө” гэж нэг нь хэлжээ. Тэгсэн хэрнээ амаа хамхиж ирсний учрыг сая оллоо.

Жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы хуралдаан дээр Л.Оюун-Эрдэнэ ингэж анхааруулсан байна.

… энэ төслийг зориудаар сатааруулах ийм итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг юм байна гэдгийг би олж харсан өнөөдөр би бас тэр хүмүүсийн нэр төрд халдаад яахав нэрлээд яахав цаашаа энэ төслийг хэрвээ ийм байдлаар гацаах ийм бодлого явуулах юм бол тэр хүмүүсийг би хэвлэлийн бага хурал хийж дэлгэнээ. Чингис хаантай холбоотой энэ бүтээн байгуулалт зөвхөн Хэнтий аймгийн асуудал биш монголын асуудал ч биш байхгүй юу. Энэ бол дэлхйин асуудал. Хоёрхон мянган жил байгаа нэг мянган жилийг нь суут хүн… .Өөрсдөө түүхийн өмнө төрийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа хүмүүс гэж цаашдаа үзэх болно шүү… Үндэсний аюулгүй байдалтай холбоотой Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал ш дээ. Ер нь бол хангалттай шүү. Энэ гурван үсэгтэй хэдэн компаний гар хөл уmсан хүүхэлдэй болсон хүмүүс та нар аятайхан байна шүү Монголд бас төр гэж байгаа шүү Компани төрийн дээр гарч байсан ийм түүх байхгүй шүү … Хатуу тэмцэх болно шүү энийг бас сануулчихий цаашаа хэрвээ энэ төслийг ийм байдлаар ямар нэг байдлаар Монгол улсын түүхийн эсрэг ийм үйлдэл явуулах юм бол улс төрийн хатуу тэмцэл хийнэ шүү энийг би хариуцлагатай мэдэгдье.

Хэн ч төрийн эсрэг гэмт хэрэгтэн болохыг хүссэнгүй. Маргаан, мэтгэлцээн, хэлэлцүүлэг юу ч болсонгүй. Зөвхөн ганц хүний эрх мэдлээр шийдэгджээ. Хэрэв Л.Оюун-Эрдэнийн алсын хараа хөдлөөгүй бол 2050 он гэсэн тэр баримт бичгийг хэн ч нэхэхгүй байсан. 400 сая жуулчин бол зөвхөн түүний ганцаараа бодож гаргасан тоо. Ичсэн хүн алав гэдэг шиг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулган дээр дэлхийн аялал жуулчлалын байгууллагын даргаас эхлээд Монголын эзэнт гүрний нэрийн өмнөөс баахан дүвчигнөсөн ч тоогоо нотолсонгүй. Магадгүй хэт холыг хардаг тулдаа зуун жилийн дараахыг хэлсэн байж болох.

Юутай ч Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний хувийн зөн Монгол төрийн бодлого болох нь тэр. Тэртээ XVII зуунд Францын 14-р Людовик хаан “Төр бол би” гэж хэлсэн нь зөвхөн тухайн цагтаа байсан бол манай хүн цаг хугацаанд ч баригдсангүй.

Хэнтий аймагтаа бол тэрбээр үнэхээр төр болжээ. 4000 гаруйхан хүнтэй өөрийн төрөлх Бэрх тосгондоо цутгаж байгаа хөрөнгө оруулалт зарим аймгийнхтай дүйсэн. Мөнгөө  багтааж ядаад Далд уурхайн музей, сургалт судалгааны төвийг тэнд байгуулах гэж байна. ТЭЗҮ-г нь дөнгөж сая баталжээ. Айхтар холыг хардаг хүн учраас Оюутолгойгоос гадаад дотоодын гүний уурхайчид очиж хичээл заалгана гэж тооцоолсон байж магадгүй.  Адилхан далд юм чинь. Дэргэд нь кембрижийн стандартыг хэрэгжүүлэх том сургуулийг тэнд барьж эхэлсэн. Зүүн гурван аймгийн хүүхдүүдийг энэ тосгонд цуглуулж сургана гэж ярьжээ. Гэхдээ үүнээсээ өөрөө ч гэсэн үл мэдэг санаа зовсон бололтой “шаардлагатай тохиолдолд дахин би тэр тойрогт чинь нэр дэвшихгүй гэдгээ амлая” гэж мэдэгдэж байсан ч сийхгүй дэвших алсын хараа түүнд бий.

АСЕМ байна. 2004 онд Вьетнамд, 2012 онд Лаост илүү дутуугүй болж өнгөрсөн арга хэмжээг зүв зүгээр явуулахын оронд манай нэг нөхөр төрийн өндөр албан тушаалаасаа буухын өмнө өөрийгөө ганц сайн рекламдья гээд хэтрүүлсэн билээ. Тэртээ найман зууны өмнө Чингэсийн монгол дэлхийн талыг эзэлж Ази, Европын улсуудыг хурааж удирдагчдын толгойг бөхийлгөсөн бол одоо Цахиагийн Элбэгдорж хоёрдахь удаагаа цуглуулах нь … гэж эхэлсэн дээ. Хэдэн зуунд цуурайтах арга хэмжээ гэж бодогдсон шүү. Гэтэл өнөөдөр АСЕМ-ийг төсвийн мөнгийг зөв буруу зарцуулсныг шалгасан аудитынхнаас өөр хэн ч дурсахаа больжээ. Үр ашиггүй үрсэн нэрээр хэсэг нөхдийг шоронд хийчих шахсан.

Ноднин дараачийн чингэсчин гарч ирсэн нь Ухнаагийн Хүрэлсүх. Чингэсийн төрсөн нутгаас сонгогдсон нь багадсан түүний толгойд Чингэс хааны музейг санаачлан байгуулж түүнтэй нэрээ хавсрах мэргэн санаа орж ирэв. Эрх мэдэл байхад тооцоо судалгаа, тэр тусмаа олон нийтийн санаа бодол хэрэггүй. Ингээд хамгийн түрүүнд нүдэнд өртсөн Байгалийн түүхийн музейн барилга руу дайрч оров.

Хэрвээ Чингэс нэрийг үнэхээр хүндэлсэн бол ямар ч орон зайгүй, зогсоолгүй, ногоон байгууламжгүй энд биш, уул ус тэгширсэн, өндөр тэнгэрийн дор холоос сүр жавхлантай харагдахуйц, ойртохийн хэрээр амьсгаа давхцах тийм уужим орон зайг сонгох байсан юм. Гэтэл хажуугийн орон сууцнуудын дундах хүүхдийн тоглоомын талбай, бяцхан цэцэрлэгийг булааж босгосон хувийн “Хүрээ” төвтэйгээ Чингэсийг хөрш буулгалаа.

Төрийн том шийдвэрийг мэргэн түшмэд, ухаантнууд туйлын нарийн бодож тооцоолон гаргадаг гэж иргэд боддог байх. Заримдаа тийм. Заримдаа бол үгүй. 2006 оны алт, зэсийн үнийн гэнэтийн өсөлтийн татвар бол фортуна Батбаярын сэдсэн санаа гэх. Тэрхүү 68 гэсэн тоог тогтооход хорин мянган байтугай хоёр хувьсагчтай ч томъёо бодох шаардлагагүй, зүгээр л телевиз үзээд японы сумод Асашорюү хэд дэх аварга болсныг мэдэхэд л хангалттай. Дубайн гэрээ гэгчийн буруу зөвийг орхиж хэлэхэд энэ бол “шийдлийн” Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэдэг ганц хүний “зоримог шийдэл” байжээ. Ийм гэрээг УИХ-аас нууцаар хийх эрх түүнд байгаагүй учраас шалгагдаж буй.

Хэвтээ төмөр зам, Сайншандын цогцолбор, Майдар хот бол Халтмаагийн Баттулга гэдэг ганц хүний санаа. Тэрнээс биш “Женко” компанийхан судалж судалж эзэндээ санал болгосон юм биш. Ноднин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурав хуралдаад тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан нь 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгохдоо иргэдийн зээл тэглэхийн төлөө ажиллана гэж амалсан зөвхөн түүний шаардлага. Түүнд дөрлүүлсэн Улсын Их Хурал, Засгийн газар дуулгавартай дагажээ. Ноднин Хятадад огцом бэлэглэсэн 30000 хонь бол зөвхөн Ерөнхийлөгчийн “гоё” санаа. Жирийн иргэн ийм санал дэвшүүлсэн бол онигоо болох байсан.

Бид тэднийг яагаад зогсоож чаддаггүй вэ? Ерөөсөө тийм дур зоргоороо хүмүүст анхнаасаа эрх мэдэл өгөхгүй, эсвэл тэр дор нь буцаагаад авчихаж болохгүй юу? Болохгүй, наад зах нь дөрвөн жил тэвчихээс өөр аргагүй. Яагаад гэвэл тэднийг бид сонгосон, харин улс төрийн намууд бидэнд санал болгосон. Өөрөөр хэлбэл, манай намууд зөв хүмүүсийг шилж дэвшүүлдэг бус, худалч, хулгайчид, бүр дээрэмчдийг сонгогч бидэнд шахдаг болсон байна.