Хэний ялалтын баяр вэ?

2020.06.30.

Ялалтын баяр болж өнгөрлөө. Москвагийн Улаан талбайн цэргийн парад сар гаруй хойшлоод манай УИХ-ын сонгуулийн өдөртэй давхцав. Түүнийг МҮОНТ-ээр дамжуулаагүйг тойрч ерөнхий захирал Л.Нинжжамц, ОХУ-ын ЭСЯ-ын ажиглагчид хэмээх нөхдүүд хэсэг үзэлцэв. Парад үзье гэвэл өөр олон сувгаар, бүр интернэтээр үзсэн ч болох учраас санаа зовох зүйл биш. Гэхдээ манай олон нийтийн телевиз ялалтын парадыг анх удаа шууд дамжуулсангүй.

1990-ээд сүүлчээрхи нэгэн ялалтын баярын өдрийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр энэ дайнд дэлхийд ноёлох гэж булаацалдсан Герман, Зөвлөлт хоёрын зөрчил дэлхийн хоёрдугаар дайнд хүргэсэн гэсэн утгатай нэр, хаяггүй тайлбар уншиж олон хүний гайхашралыг төрүүлж байсан бол өнөөдөр тийм хандлага сөөм сөөмөөр нэмэгдэж байна.   

Эхэндээ Зөвлөлт Холбоот улс дайнд ялсныг үгүйсгэхгүй ч өөлдөг болсон. Оросууд эхэндээ аймаар ялагдаж байсан, Жуков хэтэрхий олон хүний амиар ялсан, америк туслаагүй бол ялахгүй байсан гэх мэтчилэн. Дараа нь Сталин дарангуйлагч байсан учраас Гитлертэй адил. Эцэстээ дэлхийн 2-р дайныг Сталин өдөөсөн. Эх орны дайн гэж хэлэх буруу, яагаад гэвэл ЗХУ манай эх орон биш гэж байна. Бас  дэлхийн II дайныг барууны байр сууринаас харах цаг болсон, ялалтын баярыг 5-р сарын 9-нд биш, барууныхантай цуг 5-р сарын 8-нд тэмдэглэх ёстой гэж уриалдаг хүмүүс бий болжээ. Хэсэг хугацааны дараа, тэр дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Зөвлөлт Холбоот Улсын талд орсон нь буруу байсан гэж ярьж бичих байх. Нэгэн судлаач хэлэв. Ялалтын баяр гэдэг нь оросуудын хувьд соёлт ертөнцтэй сөргөлдөн дайсагнах их гүрэн гэсэн хоосон дэмийрлийг өдөөхөөс өөр юу ч биш…

1945 оны Ялтын гэрээгээр Сталин Монголыг Хятадаас бодитойгоор салгаж дэлхийн том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлсэн нь сайндаа биш, өөрсдийгөө Хятадаас жийрэглэдэг улс болгох гэсэн ЗХУ-ын ашиг сонирхол байсан. Гагцхүү тэглээ гээд бид яах ёстой, Зөвлөлтөд ашигтай гээд татгалзах ёстой байсан уу гэсэн ганц асуулт үлдэж байна. 

XX зууныг эргэн харахад бусад бүх хувилбараар монголчууд илүү сайхан амьдрах байсан байж магадгүй. Бараг тийм байх. Ядуурал, өр зээл, хар жагсаалт, авлига гэж зовохгүй, 76 мангуугүй. Гэхдээ мангуу ч гэсэн өөрийн 76-тай байгаа нь болоо юм биш үү?