“Үүнээс дээш албан тушаалгүй”

2020.07.24.

Дээр үед монголын их хаад газар орныг тэнгэс далайд тултал эзлээд “Үүнээс цааш газаргүй” гэдэг байжээ. Тэгээд нутаг буцдаг. Тэгвэл одоо цагт төрийн толгойд гарсан хэдэн эрхэм “Үүнээс дээш албан тушаалгүй” гэдэг ч гэртээ харьдаггүй, дахин дахин буцаж авираад салдаггүй ээ.

2006 онд Цахиагийн Элбэгдорж Ерөнхий сайдаас буумагцаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, эсвэл орлогчийн суудалд санаархсан бяцхан кампани эхлүүлэхийг оролдсон. Насан туршдаа “Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч” гэсэн тогтмол ажилтай Намбарын Энхбаярыг буулгасны дараа бас НҮБ-ын албан ямар нэгэн албан тушаалд зүтгүүлэх, эсвэл тийм аргаар зайлуулах маягийн юм шиг яриа явдаг байсан. Нацагийн Багабанди эргэж суудалдаа санаархаагүй ч Оюунтолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах удирдах зөвлөлд 2010-2013 ба 2016-2020 онд хоёр удаа томилогдон ажиллажээ. Тэд зүгээр л гэртээ хариад ажлаа хийгээд амьдарч болдоггүй юм байх даа. Пунсалмаагийн Очирбат бараг тэгэж байгаа.

Одоо 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж нэр дэвшинэ гэдгээ үгийн далимд зарласан бол 2017 онд оролдоод бүтээгүй Н.Энхбаяр өөрийн намын С.Ганбаатар гэдэг шаврын хаалтны асуудлыг шийдвэл эргэлзээгүй дэвшинэ. Тэгвэл Халтмаагийн Баттулгын сонгуулийн кампани эхлээд тэг дундаа ороод явж байна.

Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэж манайд нэр бүхий хэдэн хүн өөр хоорондоо ээлжлэхийг хэлсэн үү?