Олон нийтийн телевизийн хийдэг ажил

2020.08.31.

Аливаа сувгийг үйл явдлын мэдээ, сурвалжлага буюу мэдээллийн хөтөлбөр, улс төр, нийгмийн сэдэвтэй ярилцлага, баримтат нэвтрүүлгүүд жинхэнэ нэр нөлөөтэй телевиз болгодог. Олон нийтийн телевизийн дээрх нэвтрүүлгүүд бас тийм, гэхдээ Монгол Улсад болж байгаа үйл явдал, асуудлыг төрийн гурван “өндөрлөг”, сайд, дарга, албан тушаалтнуудын нүдээр хардаг ер бусын телевиз билээ. Энэ нь явсаар эрх баригчдыг хамгаалах, зөвтгөх, тэдний хүссэн ярьснаас өөр байр суурь, бодол санааг няцаах, буруутгах мэдээллийн машин болон хувирсан. Заримдаа хар хүний төлөө шар хүн болж гүйгээд яах нь вэ гэж бодогддог ч ажил нь тэр юм.  

Наймдугаар сарын сүүлийн өдрүүдийн хэдэн “сайхан” жишээ. 

2020.08.24-30

Олон нийтийн телевиз ээлжит захиалгаа авч гүйцэтгэв. Энэ долоо хоногийн турш орой бүр “Цагийн хүрд”-ээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон “төрийн нийтийн өмч” гэсэн томъёоллыг хамгаалсан улс төрчид, судлаачдын тайлбарыг ээлж дараалан үзүүлж сонсголоо. Энэ маш зөв. Гагцхүү нөгөө талын байр суурь,  шүүмжлэлийг илэрхийлсэн нэг ч хүнийг цухуйлгасангүй.

2020.08.25.

Сайд дарга нарыг дагаж явах нь “Монголын мэдээ” агентлагийн хийдэг үндсэн ажлын нэг. Энэ өдөр УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Амарсайхан, Ж.Мөнхбат гурав малын гаралтай түүхий эдийн “Эмээлт” төвд очиж танилцсаныг “Цагийн хүрд”-ээр сурвалжиллаа. Нэгэнт дагасных гурвууланг яриулав. Тухайлбал, Ж.Мөнхбат УИХ хөдөө аж ахуйн салбарыг анхаарна гэж амаллаа. Дэндүү чухал мэдээлэл байгаа биз?  

2020.08.30. 

Эдийн засагч Д.Ангар банкны зээлийн хүүг бууруулахын тулд яах ёстой, наад зах нь хадгаламжийн хүүгийн татварыг шатлалтай болгож нэмэгдүүлэх шаардлагатай тухай бусад сувгаар ярьсны дараа 08-р сарын 27-ны “Цагийн хүрд”-ээр зээлийн хүү буурахлаар хадгаламжийн хүү буурах хоёр хамааралгүй гэсэн утгатай Монгол банкны сөрөг тайлбар гарлаа. 

2020.08.31

МҮОНТ өнгөрсөн сонгуулийн өмнөх “Ирж буй Монгол” нэвтрүүлгийг хэд дэх удаагаа ч юм давтан гаргаж Монгол Улсын гадаад харилцаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байгуулсан гавъяаг дахиад нэг санууллаа.