Олон нийтийн телевизийг буцаах юм уу?

2020.10.28.

Монголдоо хамгийн том, тусдаа хуулиар хамгаалагдсан, улсын төсвөөс санхүүждэг хэрнээ реклам сурталчилгаа, захиалгат, төлбөртэй нэвтрүүлгийн маш их орлоготой, цаашилбал телевизийн бүх үеийн өв санг эзэмшдэг, бүхэл бүтэн цогцолбор барилга, өөрийн цэцэрлэг, амралтын газартай, зөвхөн тэд эх сурвалжаа нууцлах онцгой эрхтэй Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз дотроосоо гэнэт тэсрэх нь тэр.  

Хамт олны мэдэгдэл, ярилцлага, хэвлэлийн хурал, өргөх бичгүүд, ерөнхий захирал огцорсон зэрэг үйл явдлууд хөвөрсөөр цаашдаа юу болохыг тааж ядах юмгүй. Удалгүй сонгон шалгаруулалт зарлана. Зугаатай үйл явц учраас бүгд ажиглаж сатаарна, тайвширна. Хэн нэгэн ялалт байгуулна. Цалин хөлсийг лав нэмнэ. Араас нь Үндэсний зөвлөлийн гишүүдээс ирэх 12-р сард бүрэн эрх нь дуусах тэн хагасыг сольж У.Хүрэлсүхийн байлдагч, Л.Оюун-Эрдэнийн найз, эрх баригч намын ил далд пиарчдаас байршуулна. Энэ хооронд баахан нэвтрүүлгийн нэр, хаяг, хэлбэр солигдох байх. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай яриа дэгдэж хурал семинарууд хөвөрнө. Тэгэсхийгээд ээлжит сонгуультай золгоно доо. Нэг үгээр хэлбэл, юу ч өөрчлөгдөхгүй. 

Уг нь энэ хууль тун дажгүй, дарга захирлуудыг дураараа дургиад, хамт олонтойгоо муудалцаад бай гэсэн заалт нэгээхэн ч үгүй. Тэр тусмаа буцаад төр засгийн ухуулга сурталчилгааны “дайчин зэвсэг” байх, бизнесийнхэн мөнгөө бариад ирэх тоолонгоор дэлгэцээ нээгээд өгөхийг хориглосон байдаг. Саявтар Үндсэн хуулийн 6.2-ыг тойрсон маргаан дэгдэхэд уг заалтанд эргэлзэгчдийг арваад хоногийн турш Үндсэн хуульчдаар зогсоо зайгүй балбуулсан мөртлөө тэр эргэлзэгчдээс нэгийг ч цухуйлгаагүй. Нэгийг ч шүү! Нийгэмд ноцтой, төрийн өндөр албан тушаалтнуудад халтай асуудал дэгдмэгц “албаны эх сурвалж”-аас  “зөв ойлголт өгье” гэж байгаад нам дарах нь үндсэн ажил. Үүгээрээ олон нийтийн эсрэг радио, телевиз юм. Хууль, бодлого,  төлөвлөгөө, зорилт, шийдэл, уялдаа холбоо, арга хэмжээ, хариуцлага гэх мэт хал балгүй үгсээр дүүрсэн хоосон ярилцлагууд. Монголд азаар бусад олон телевиз, олон ургальч хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ байдаг тулдаа үзэгч, сонсогчид анзаарч бухимдаад байдаггүй. 

Хуулийг яаж уландаа гишгэж байгаа вэ? Олон нийтийн радио, телевизийн зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрүүлээгүй байх хуулийн хязгаарлалтыг зөрчөөгүй гэж Харилцаа, холбооны зохицуулах хорооны сар тутмын мониторингоор гардаг. Дансны аргаар буюу жижиг сажиг рекламаас бусад захиалгатай, төлбөртэй, гэрээтэй мэдээ, сурвалжлага, ярилцлага, кино, цувралын хэлбэртэй ухуулга сурталчилгаагаа бүгдийг сэтгүүл зүй, нэвтрүүлэг гээд тооцчихдог. “Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн заалт байхад шүү! Ингээд эфирийн цагаа лангуун дээр тавьж байгаад төрийн байгууллага, компаниуд, төсөл, хөтөлбөрүүдэд зарж дүүргэдэг учраас өөрийн сэтгүүлч, уран бүтээлчдээ ор нэр, хагас дутуу ажилтай, сэтгэл дундуур, илүүдэл хүмүүс мэт болгож, дайчлахаа больж, улмаар цар тахлаар далимдуулан цааш түлхсэн нь саяын зөрчил тэмцлийг өдөөсөн болов уу. Бусад учир шалтгааныг фэйсбүүкийг дүүртэл бичсэн харагдав. Олон зуун хүн үнэхээр их гомджээ.           

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй … гэдэг. Улмаар баримжаа алддаг. Тэгээд зөв буруугаа ч мэдэхээ больдог. Эцэстээ давардаг. Хуулиа уншсан ямар ч шинж тэмдэг илэрдэггүй МҮОНРТ-ийн үе үеийн захирлууд бол энэхүү үзэгдлийн сонгодог жишээ. Харин хэлж ухааруулах ёстой хүмүүс нь Үндэсний зөвлөлийн гишүүд боловч чаддаггүй. Ерөнхий захирлаар цалин хөлсөө бодуулдаг, цаадах нь нэмж өгөөд байдаг зовлонтой ажил гэнэ ээ.  

Манайх олон нийтийн телевизтэй болох гэж оролдоод, хичээгээд л байна хэмээн бид хүлээсээр өдий хүргэлээ. Харин одоо 15 жил үргэлжилсэн энэ жүжгийг дуусгасан нь дээр. Баялаг нь багтаж ядсан энэ улсыг өр зээлийн балчигт живүүлж, хамаг авлигачдаа төрд залах хүртэл монголын хамгийн том телевиз юу хийж байв аа? Жаахан харамсалтай.

Ерөөсөө муу нуухаар сайн илчлээд төр засаг албан ёсоор буцаагаад мэдэлдээ авбал яасийн? (Яг үнэндээ олон нийтэд өгсөн ч юм шиг). Эсвэл нэг сувгийг төрийн албан ёсны телевиз болгоод Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, яам агентлаг, төрийн өндөр албан тушаалтнуудын мэдэлд бүрмөсөн буцаах. Өнөөдөр олон нийтийн телевизэд багтаж ядсан Сүлд хөтөлбөр (Ерөнхийлөгчийн тамгын газар), УИХ-ын цаг (УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба), “Нээлттэй засаг” (Засгийн газрын хэрэг эрхлэх газар), “Засаг цаг – Засах цаг” (Засгийн газрыг хэвлэл мэдээллийн алба), “Эх орны төлөө” (Батлан хамгаалах яам), “Прокурорын цаг”, “Амрыг эрье”, “Онцгой дуудлага”, “Сүлдэт баганын дэргэдээс” гэхчлэн албаны бүх нэвтрүүлгийг хамж багтаагаад, УИХ-ын чуулганыг өдөржин шууд дамжуулаад, дуртай цагтаа “зөв ойлголтоо” өгөөд явбал хэн хэндээ хал балгүй. Харин өөр нэг сувгийг олон нийтээр цоллосон хэвээр үлдээгээд хэсэг хугацаанд үлгэр жишээ явуулахыг оролдох. Зарим хүмүүс үе үе санал болгоод байдагчлан хувьцаа гаргаад хөрөнгө оруулалт, хөндлөнгийн хараа хяналт, менежмент оруулж турших. Хүүхдийн, спортын гээд сувгуудийг бол хувийнханд өгөх, тэд илүү чадна.  

Гэхдээ өнөө маргаашдаа хууль хүчин төгөлдөр байгаа болохоор нэрээ ашиглуулж байгаа олон нийтийн хувьд МҮОНРТ-ээс шилэн дансаа нээхийг шаардах цорын ганц эрх үлджээ. Монгол улсын төрийн, төсвийн төдийгүй төсвөөс мөнгө авдаг бүх байгууллага, бүр хөдөөний жижигхэн цэцэрлэг хүртэл орлого зарлагаа тайлагнаж ирсэн байхад зарим жил татвар төлөгчдийн 20 хүртэл тэрбум төгрөгөөр санхүүжиж байсан МҮОНРТ өөрийгөө олон нийтийн өмч гэдгээр шалтаглан оромдож байснаас мөнгө төгрөгний асуудал гэнэт сэдэрч бид үзээгүй юмаа үзлээ. Ил тод болгож, ялангуяа орлогыг дэлгэвэл олон юмны цаад учир, буруу зөрүү илэрнэ. Бүр засагдаж эхлэхийг хэн байг гэхэв.         

Хэрвээ цаашдаа олон нийтийн радио, телевиз хэвээр байх юм бол хөндлөнгөөс хяналт тавих хараат бус механизмыг бодож олох юмсан.