Нэг удаагийн зориг

2021.01.07,08 

Номхон (дөлгөөн гэсэн утгаар) далайд хэн ч хөлөг онгоцыг залж чадна, шуурга эхлэхээр хэр далайчин болох нь танигддаг. Ердийн үйл явдлыг мэдээлэхэд ядаад байх юмгүй. Харин эгзэгтэй асуудлаар хэрхэн дуугарч байгаа нь тухайн телевизийн чадлаас гадна байр суурь, хараат бус байдлыг харуулдаг.

Нэгдүгээр сарын 6-ны “Цагийн хүрд”-ээр Солонгос Улсад гацсан монгол иргэд Сөүл дэх ЭСЯ болон консулын хэлтсийн байранд суулт хийж байгааг тусгай сурвалжлагчаараа дамжуулан үзүүлсэн нь олон нийтийн телевизийн хувьд энэ сэдвээр бараг анх удаа зориглосон хэрэг. 11-р сарын тусгай үүргийн нислэгээр ирэх гээд чадаагүй тэдний яриаг үзүүлж сонсгосноос гадна солонгосын визийн журмыг зөрчин саатуулагдсан дөчөөд монгол иргэн нутагтаа ирэхийг хүсч өлсгөлөн зарласныг мэдээлэв. Харин тэднийг авчрах асуудлыг ОБЕГ тусгаарлах байрны нөөц ба халдварын байдлыг харгалзан шийдвэрлэнэ гэсэн тайлбарыг араас нь залгав.   

Дэлхийн баян ядуу ямар ч улс өөрийн иргэдээ заавал татан авсан, манайд ч гэсэн урин дулааны улиралд багтааж авчрахыг бүгд шаардаж ирсэн бүх хугацаанд олон нийтийн телевиз сайд дарга нарын няцаалтыг дамжуулахаас хэтрээгүй байснаа одоо хожимдсон ч гэсэн дуугарсан бол сайн хэрэг. 

Яг энэ үдэш Солонгосоос буусан огт зарлагдаагүй онгоцоор гадаадынхантай хамт хэдэн монгол, тэдний дотор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд эхнэрийн хамт багтсаныг “арилжааныхан” тэр дор нь илчиллээ. Маргааш нь эрх баригчид түргэн авч ирэх тун удалгүй Сөүл рүү тусгай үүргийн нислэг хийж суулт хийгчдийг авчрах болсноо зарлав. Үйл явдлын энэ бүх өрнөлийг маргаашийн “Цагийн хүрд” үргэлжлүүлэх нь үү гэтэл тэгсэнгүй. Нэг удаагийн зориг байжээ.  

Бас нэг зүйл. УИХ-ын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн тухай сурвалжлагаар М.Оюунчимэг гишүүн “…ажилчны төлөөлөл хэрвээ зөвшөөрсөн тохиолдолд” гээд сийхгүй авч байна.