Пиар ба сэтгүүл зүй

2021.01.10. 

Өнгөрсөн намар эхэлсэн МҮОНРТ-ийн ажиллагсдын тэмцэл үр дүнгүй шувтарч байх шиг. Үндэсний зөвлөл дахиад л УИХ-ын гишүүдийн тааллаар сэлбэгдэж, Ерөнхий захирлаар эрх баригч намын шилдэг ухуулагч томилогдож ирэв. Бүх юм хуулийн дагуу явагдсан гэж байгаа. Юун нээлттэй хэлэлцүүлэг, нийтийн сонсгол… 

Өнгөрсөн Ням гаригт хөтөлбөр дайран орж ирсэн Ерөнхий захирал, Ерөнхийлөгч хоёрын ярилцлага бол зөвхөн эхлэл. Амралтын өдөр Ерөнхийлөгчийн Херо студиэр тайз засуулж, Ерөнхийлөгч оффшорын асуудлаар ямар нэгэн ноцтой чухал мэдэгдэл хийхийг зарлан анхаарал татаж байгаад МҮОНРТ-ийн хоймрыг эзлэн авснаа Ерөнхий захирлын хувьд зарласан пиар ярилцлага байлаа. Ингээд Н.Дэмбэрэлийн ярилцлага хэмээх шинэ брэнд мэндлэв. Одоо салахгүй. Дараачийн сүртэй ярилцлагууд хөвөрч энэ байтугай элдэв юм хийнэ. Олон нийтийн радио телевизийн ухуулга сурталчилгаа дараачийн түвшинд гарна.  

Тэр ярилцлага Ерөнхий захирлын сэлфи сурталчилгаа учраас мундаг асууж харагдах гол зорилготой. Тийм учраас Ерөнхийлөгчөөр ямар нэгэн шинэ юм хэлүүлээгүй, лавшруулж нэхээгүй бөгөөд хариултыг дуулгавартай залгисан яриа. Сэтгүүл зүй биш пиар. Харин Ерөнхийлөгчийг тойрсон, түүнтэй холбоотой бүх сэдвээр асуулт хэлж амжсан, зөвхөн үүгээрээ МҮОНРТ-ийн сэтгүүлчдээс хавьгүй илүү байсныг хэлэх хэрэгтэй. 

“Ноцтой дүгнэлт хийх хэрэгтэй” гэж хэллэг бий. Үүнийг МҮОНРТ-ийн сэтгүүлч, уран бүтээлчдэд хандаж хэлэх нь зүйтэй. Энэ олон жил дарга, захирлуудаа дуулгавартай даган баясаж төрийн өндөрлөгүүд, сайд дарга нарын амыг сахин, заримдаа элдэв компани, мөнгөтэй эрхмүүдийг дагаж гүйсээр нэг мэдэхэд олон нийтийн телевизээ пиарчдад бүрмөсөн булаалгаж, сэтгүүл зүйтэйгээ хамт шахагдлаа шүү! Одоо үлдээд байгаа цорын ганц гарц бол “редакцийн хараат бус байдал” гэж яриад байдаг тэр юмыг чадвал олж авах. Бие даасан хуультай, түүгээр хамгаалагдсан хэрнээ хууль муу, дарга загнаад байна, дээрээс зөвшөөрөхгүй, сүлжээ, төлөвлөгөөнд оруулахгүй гэж гомдоллохоо болих. Мэдээж үүрэг даалгавар биелүүлж хий гэснийг хийнэ, гэхдээ бас өөрсдөө санал гаргаж санаачилдаг байх, тэдгээрт оруул гэсэн хүмүүсийг оруулна, хэлсэн асуултыг нь тавина, гэхдээ өөрсдөө мэдээд асуухаа асууна, бүр асуухгүйгээр сурвалжилж сурах цаг болсон. Тус байгууллагын тухай хуулийн 5.1-д “Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакци Yндсэн хууль болон энэ хуулийн үзэл санаанд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, олон нийтийн радио, телевизийн удирдлага хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж бичиж өгөөд 15 жил өнгөрчээ. Жишээлэхэд, улс төрийн намуудын, 2020 оны сонгуулийн санхүүжилтийг Монгол Ардын намаас эхлэн эрэн сурвалжилж яагаад болохгүй гэж?