Хэрвээ … тохиолдолд … ба хэзээ … эсэх

2021.02.26.

Монголчууд буруу ярьж зөв ойлгох чадвараа хөгжүүлсээр байна. Үлгэр жишээ үзүүлж байгаа нь хэвлэл мэдээлэл. Өчигдөр уржигдрын аль нэгэнд олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр “Хэрвээ вакцин хийлгэсэн тохиолдолд …”, харин “Ийгл”-ийн сурвалжлагч мэдээгээ “Хэрвээ QR код байхгүй тохиолдолд …” яахыг хэлж өглөө. Энэ буруу хэллэг засагдахаасаа өнгөрчээ.

2021.02.27.

“Цагийн хүрд”-ийг нэвтрүүлэгч Чимгээ тод сайхан, золбоотой хөтлөхдөө “ОХУ-д суралцаж байгаа оюутнууд хэзээ сургуульдаа явах эсэх нь тодорхойгүй байна” гэв. Тэр яахав, удахгүй тодорхой болно. Харин Чимгээ юун дээр алдсанаа ойлгосон эсэх л тодорхойгүй үлдлээ.

Бас нэг ажиглалт. Нөгөөдхийг чинь короновирусын биш, “короновирусны” гэж телевизээр өглөө, оройгүй ярьдаг болжээ. Бичихдээ “короновирусний” гэсэн өөр нэг хувилбартай. Удахгүй хамарны, чихэрний, хэлтэсний болох нь. Зөвхөн Амбасэлмаа эмч мэдээлэл хийхдээ “короновирусын” гэж ярьж сонсогдсон. Аль нь зөв бол? Зөв бичих дүрмийн журамласан толь, алдаа засагч хоёр энэ үгэн дээр муудалцаад байна гэсэн.

Ерөөөсөө бууж өглөө. “Коронавирус”-тайгаа эвлэрч хамт амьдарсан нь дээр юм байна.