“Ард түмээн, намайг санаарай”

Дөрөвдүгээр сараас манай телевизүүдийн мэдээллийн хөтөлбөр нэгэн цуврал мэдээг угсруулж, бас нэгэн нэвтрүүлэг дэлгэцнээ хадагдчихаад байна. Агуулга нь сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд улс орны амьдрал дэндүү сайхан болсон тухай юм. Хүүхдийн мөнгийг тав дахин нэмж 100 мянгад хүргэсэн, цахилгаан эрчим хүчний төлбөрийг чөлөөлсөн, Улаанбаатарын агаарыг цэв цэвэрхэн болгосон, эрүүл мэндийн даатгалын хэмжээг хоёр дахин нэмсэн гээд үргэлжилж байгаа.

Гэхдээ мэдээ бүрийн төгсгөл хавьд хоёр гурван жилийн өмнө эдгээр аугаа шийдвэрүүдийг ёслол төгөлдөр зарлаж буй нэгэн эрхэм гарч ирснээр цаад учир тайлагдана. Нэгдүгээр сараас хойш олноо үзэгдэхээ больсон Ухнаагийн Хүрэлсүх.

Нөгөөдөх нь “Ирж яваа цаг”. Монгол Улсын гадаад харилцааны түүхийг сайхан өгүүлж явснаа У.Хүрэлсүхийг гэнэдүүлэн шургуулж, Ерөнхий сайд байхдаа түүний хийсэн хэдэн гадаад айлчлал, уулзалтын зургаар ёолкны тоглоом шиг чимэглэж орхисон энэхүү сурталчилгааны нэвтрүүлэг өнгөрсөн хоёр жилийн турш залхааж байснаа цуцсан мэт хэсэг амсхийгээд энэ сард дахин сэргэлээ.

Сар гаруйхны дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх түүний урьдчилсан сурталчилгаа “ард түмээн, би байгаа шүү” гэсэн сануулгаар эхэлжээ.