Нэг үүдийг хаагаад нөгөө үүдийг нээх …

2021.04.17.

Бид бодохдоо, Үндсэн хуулиасаа эхлээд бусад хууль, журам, дүрмээ засч сайжруулаад, элдэв цоорхойнуудыг бөглөж, дараа нь зөв хүмүүсээ олж сонгоход, тэр зөв хүмүүс нь зөв бодлого гаргаж биднийгээ зөв удирдаад явахлаар ямар ч асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэдэг.

Тэглээ гээд бүтэхгүй байгааг яах вэ? Авлигатай тэмцэх, байгаль орчноо хамгаалах, ядуурлыг бууруулах мэтийн хэмжих нэгжгүй зорилтууд, хотын замын түгжрэлийг бууруулах гээд арай баримжаатай, бүр барьцтайгаас 5-р цахилгаан станц байгуулах ажлыг чадаагүй хэвээр байна. Гэтэл бүр том юм аяндаа бүтчихсэн байх. Монголчуудыг Солонгос, Америк руу явуулж ажиллуулах, хүн болгон нэгээс хоёр гар утас бариулах, айл бүр машинтай болгох гэх мэт. Тийм зорилт дэвшүүлэх ухаан төрөөс гараагүй ч хүмүүс дэвшүүлээд, зах зээл гялс шийдчихсэн. Жам ёсны үйл явцыг зогсоох арга байхгүй. Тиймээс нийслэлд барилга барих бус бариулахгүй байх нь хамаагүй хэцүү болжээ.

Нарийн түвэгтэй, орооцолдсон дундаас гол гогцоог буюу хамгийн чухлыг олж харахад хэцүү байдаг. Бүр хожим ойлгогдох нь бий. Жишээ баримт хайлаа.

18,19-р зууны Америкийн Нэгдсэн Улсын зам харилцааны шийдвэрлэх хүчин зүйл нь кинон дээр гардаг сүйх тэрэг, газар нутгийг нь хэрсэн төмөр зам биш, харин Миссури, Миссисипи гээд хэдэн зуу, мянган гол мөрнөөр замнасан усан замын тээвэр байсныг нотолсон судлаач Нобелийн шагнал хүртжээ. Марк Твены Том Сойер, Гекльберри Финны тухай хоёр романы үйл явдал дандаа том голын эрэгт өрнөдгийг энэ дашрамд саналаа.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа нуранги болж хамаг чадлаа шавхсан ЗХУ атомын бөмбөг хийж чадна гэж хэн ч төсөөлөөгүй. Яаж хийх нууцыг Америкаас хулгайлсан байж болох ч яг хийж чадна гэдэг бол огт өөр зүйл. Оросууд онгоц, танк, буу зэвсэг үйлдвэрлэж байсан ч цөмийн зэвсэг бол технологийн дараачийн түвшин. Төсөөлөхөд, нүд эрээлжлэм үй олон тоног төхөөрөмж, шугам хоолой, багаж хэрэгсэл, хэмжүүр, хянах самбарууд, цаана нь нүдэнд үл харагдах протон, нейтроны урвал, хамгийн гол нь тэдгээрийг эзэмшсэн инженер, техникчид Зөвлөлтөд байгаагүй ч тэд чаджээ. Яаж чадав гэсэн асуултанд хариуг эрсэн судлаачид дүгнэхдээ, Эх орны дайны үед фашистууд Германд хүчээр аваачиж үйлдвэрт ажиллуулсан оросын иргэд хамгийн нарийн багаж хэрэгсэл, технологийг эзэмшиж, бүгдийг герман стандартаар хийж сурсан, дайны дараа чөлөөлөгдөж ирэхэд нь тэднийг цөмийн үйлдвэрт ажиллуулсан, тэд чадсан.

1990 онд Монгол Улсад дэлгүүрийн лангуу бүрэн хоосрох үед Ерөнхий сайд Д.Бямбасүрэн “Монголчууд аа, би та нарыг бүсээ чангал гэж хэлэхгүй ээ, харин ханцуйгаа шамлаад ажиллая” гэж уриалсан билээ. Өмнөх ажлаа сайн хийцгээ гэсэн утгаар. Харин монголчууд түүний үгнээс зөрж Хятадаас “гахай зөөсөн” билээ. Дөнгөж сая улсын үйлдвэр, албан конторт ажиллаж байсан хүмүүс яаж үүнийг чадав аа? Төмөр замын ачаар! Бүгд галт тэргэнд сууж эхлээд “гахай”, дараа нь купе дүүрэн “гахайнууд”, төдөлгүй контейнер… Хэдхэн сарын дараа Монгол Улсыг хоол хүнстэй залгуулж, нэг жил өнгөрөхөд хүнсний картыг хэрэггүй цаас болгов. Хойтон жилээс бараан зах, тохиролцооны дэлгүүрээр бүгдийг хангаж, нэг мэдэхэд галт тэрэгнээсээ ч буухгүйгээр хойшоо хил давж Сибирь, Уралыг дөрөв тав хоногийн турш хувцасласаар Москва хүрсэн түүхтэй. Хэрвээ төмөр зам байгаагүй бол төр засаг хоол хүнсээр хангах бодлого боловсруулж, наймаа хариуцсан яам байгуулж эхлэх байсан.

Зарим шийдэл өөрөө олддог. Хот хоорондын нийтийн тээврийн жишээ. Өнгөрсөн зуунд зөвхөн урагш хойш огтолсон ганц төмөр замтай болсон манай орны хувьд нэг хоёроос бусад аймгийг морин өртөө, тэмээн жин, дараа нь автомашин холбож байсан. ГАЗ, ЗиЛ-ийн тэвшин дээр модон авдар, пүүгээ, шуудайн дээрээ сууж хот орж ирсэн түүх ихэнх ахмадын дурсамжинд багтдаг. Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн С.Тойвгоо гуай 1966 онд Увс аймгаас 12 хоног явж ирсэн тухайгаа ярьж байв. Хүрээ хол, хүний амь бөх, жолооч нь замын айл амьтнаар айлчлаад явсан учраас гэнэ. Нисэх онгоцоор хот хөдөөг, бүр сумдыг холбосон, ерээд онд нислэг зогсоход сайн муу машины тэвш, чахарсан автобусанд ачаа бараатайгаа шпрот шиг явсан жилүүд байсан. Харин өнөөдөр хот хоорондын нийтийн тээвэр жуулчны автобус болжээ. Ойрын аймгууд руу бол хотын төвөөс Баянхошуу руу таксидах мөнгөөр хүргэдэг. Яаж ингэж чадав? Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон, ачаагаа доороо хийдэг суудлын автобусыг Хятадаас оруулж ирсэн нь нэг хэрэг. Тэгээд суудал бүрт нэг зорчигч тасалбарын дугаараар суудаг болсон нь тэрүүхэндээ хувьсгал байв. Энэ бүгдийг хувийн хэвшил өөрөө шийджээ. Төр өөрөө тээвэр хийгээгүй нь хамгийн зөв болсон. (Яг одоо хөл хорионоос болж хот хоорондын тээвэр зогссон нь түр зуурын хэрэг)

Нэг үүд хаагдахад нөгөө үүд нээгдэнэ гэдэг.  Энэ бол нэг үүдийг хаагаад нөгөө үүдийг нээх тухай юм.

2011 онд батлагдсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийг яг 10 жилийн ойн дээр нь шинэчилж Нийтийн мэдээллийн хуулийг УИХ-аас батлах гэж байна. Төслийг уншиж үзэхэд төрийн байгууллагууд мэдээллээ хэрхэн ил тод болгохыг улам нарийвчилж журамлах зорилготой нь илт байна. Төр улам хаалттай болно гэсэн үг.

Төрийг ингэж ил тод, нээлттэй болгохгүй ээ. Өөр гарц хайх цаг болсон. Энэ бол төрийн байгууллага, албан тушаалтнуудын гаргасан шийдвэрийг нээлттэй болгох явдал юм. Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоолоос гадна Төрийн яамны сайд, тамгын газрын дарга, агентлаг, төрийн өмчит компанийн захирлын тушаал, орон нутагт бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаал, бас мөн Засаг даргын харьяа агентлагуудын даргын тушаалыг бүгдийг нэрбүрчлэн, дэс дугаар алгасахгүйгээр. Хавсралттай нь. Монгол улс сайн муу ч гэсэн төртэй, хуультай учраас зөв буруу бүх шийдвэрийг заавал хэн нэгэн албан тушаалтан гаргаж гарын үсгээ зурж тамгаа дарахад бичиг хэрэг нь огноо, дугаар тавьж албажуулдаг. Тэнд бүх юм бий. Хэрвээ төрийн нууц, хааяа хувийн нууц агуулсан тушаал шийдвэр гаргавал тайлбар хийгээд агуулгыг нь нууцалж болно, санаа зоволтгүй.

Хэрвээ ингэж чадвал зуу зуун саяар жип авсан, арван саяар тансагласан, 9 саяыг үрснээ хоёр хуваагаад 5 саяын босгоны доогуур оруулж Шилэн данснаас нууж хоцроосон зэрэг хөрөнгө мөнгөний асуудал, арын хаалгаар шалгаруулсан, ажилд авсан гээд буруу үйлдлүүд хянаж шалгадаг байгууллагууд, эсвэл иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн хараа хяналтаас гадуур өнгөрөхгүй. Энэ бүхэн шууд бүтэхгүй байж магадгүй ч тэр зүгт хөдлөх цаг болсон.

Монголын армид цэргүүдийг социализмын үед ч, зах зээлийн шилжилтийн үед ч, одоо ч зодож алсаар байна. Саяхан Батлан хамгаалахын сайд, жанжин штабын генералуудын яриаг сонсоход, авах арга хэмжээ нь офицер дарга нарыг хүмүүжүүлэх талдаа байв. Бүтэхгүй ээ. Нам, эвлэл, коммунист хүмүүжил байгаад ч таслан зогсоож чадаагүйг хүлээн зөвшөөрч америкийн армид цэрэгт гар хүрч болдоггүй (ийм учраас кинон дээр түрүүч нь Форрест Гамп-ын нүүр хүртэлх ганц нэгхэн сантиметрийн зайг давж чадахгүй орилоод байдаг уу?) шиг тов тодорхой бөгөөд энгийн арга, зарчмыг нэвтрүүлж болдоггүй юм уу?

Өөрөөр хэлбэл шийдэж чадахгүй бүтэлгүйтээд байвал бэрхшээлийг тойроод гарах хэрэгтэй. Өөр гарц байж л таарна. Гогцоог олчихвол тайлж болдог. Асуудлыг шийдэхээс өөр аргагүй болговол толгой ажиллаж эхэлнэ.