Юунаас ч буцахгүй, шударга байхаас ч буцахгүй …

Өнгөрсөн долоо хоногт “Улаан бал”-ын Ч.Лодойсамбуу, Зариг-ийн Н.Өнөрцэцэг хоёр цахимаар түр тар хийгээд авчээ. Аль аль нь залуу, гэхдээ “өсч яваа” ангиллаас хэдийнэ давсан, бяр амтлагдаж үе үе чанга чанга дуугардаг хоёр. Саяхан нэг нь дөчөөс дээш насныханд сургааль айлдсан дуулдсан.

Би урт ярилцлага үзэх дургүй. Хэрэгтэй юм гарах эсэхийг цаасан дээр, эсвэл дэлгэцнээс хэдхэн хоромд гүйлгээд харчихын оронд гуч, дөчин минут, бүр бүтэн цагийг зориулна гэдэг миний хувьд тэсвэрлэшгүй. (Яриаг бичвэр болгож өгдөг “Чимэгэ бичээч” системийг шүтдэг. Даанч хаана юу гарахыг мэдэхгүйгээр элдэв нэвтрүүлгийг байнга хөрвүүлж ашиглахад арай л үнэтэй. Хэрвээ ямар нэгэн яриа, ярилцлагыг хангалттай олон хүн захиалбал тус бүрээс нь багахан мөнгө авч нийлүүлээд буулгаж өгдөг бизнес гараасай. Эсвэл хэн нэгнээс авчихна гээд бие биенээ анаад хөдлөхгүй учраас бүтэхгүй юу?)

Тэр хоёрыг муудалцаад байна гэхээр нь үүний шалтгаан болсон Лодойсамбуугийн ярилцлагыг нөхөж үзлээ. Амаргүй байсан. Бүтэн 1 цаг 42 минут! Хэд завсарласан ч би чадлаа!

“Монполимет” компанийн үүсгэн байгуулагч, саяхан УИХ-ын гишүүн байсан Ц.Гарамжав өөрийг нь cүүлийн хоёр жилийн турш буруутгаж байгаа Өнөрцэцэг сэтгүүлчийн гаргасан баримтуудыг няцаах зорилготой ярилцлага байлаа. Муу ярилцлага байсангүй, тэгээд ч Ч.Лодойсамбуу сэтгүүлч түс тас асууж чаддаг, тийм ч учраас “Улаан бал” хэдийнэ брэнд болсон. Олон чухал эрхмүүд уригдаж, дараа нь “Улаанбал”-аар ярихдаа … гэж байгаад шуугилддаг.

Гарамжав захирлын ярианаас юу ойлгосон бэ гэвэл бүр 2000-аад оны эхээр Монголбанк компаниудаас алтыг нь авч олон улсын үнэт металлын зах дээр арилжаа хийхдээ алдагдал хүлээж түүнийгээ компаниуд, тэдгээрийн дотор Монполимет-эд тохож 10 тэрбумыг нэхэмжилсэн ч шүүхээс хянаад хэрэгсэхгүй болгосон. Бас Хөгжлийн банкнаас зээл олгохдоо төгрөгөөр биш, доллараар олгосны улмаас дараа нь төлөх цаг болоход ханшийн зөрүүгээр хохироож байгаа, мөн гаалийн татварын маргаан байгаа, тэр нь хуулиас болсон. Товчхондоо, Монполимет ямар ч буруугүй. Хөтлөгч ч дэмжиж шүүх хуралд нь амжилт хүсээд өндөрлөсөн ярилцлага.

Шүүх хурал гэдэг нь Өнөрцэцэг нэр төрийг нь гутаасан гээд Хан-Уул дүүргийн шүүхэд Гарамжав хандаад заргалдаж байгааг хэлжээ.

Дараа нь Өнөрцэцэг сэтгүүлчийн фэйсбүүк-ийн лайв-ийг олж үзлээ. 35 минут. Овоо сурч байгаа бололтой, амархан дуусгав. Харин түүний үзүүлж тайлбарласан баримтууд тэс өөр агуулгатай. Монголбанк биш, Монполимет компани Монголбанкаар дамжуулж арилжаа хийсэн, мөнгийг авсан хэрнээ алтаа өгөөгүй (арай үгүй баймаар), бас 10 тэрбумыг төлөх ёстой гэдгээ тухайн үед зөвшөөрч гарын үснээ зурж байсан, гурван шатны шүүхээр шийдэгдсэн, зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас л хэрэгсэхгүй болгосон, Монгол банк өмнөөс нь төлж хаасан гэх мэт. Бусдыг орхиж товчилье.

Лодойсамбуу, Өнөрцэцэг хоёр муудалцах нэг хэрэг. Хамгийн чухал нь энэ дундаас жинхэнэ үнэн олдсон уу, түүнд хэр ойртсон бэ гэдэгт байгаа юм. Эдгээр баримтыг Өнөрцэцэг дэлгэж тавьсан нь түмэн зөв. Эс тэгвэл замхарч мэдэх байжээ. Төрийн ордонд болон энд тэнд Гарамжавыг ээрэхгүй орхисон ч хангалттай. 10 тэрбумыг Монгол банк, Гарамжав хоёр учраа олоод төлөөсэй гээд зогссон ч хамаагүй. Олон нийтэд дэлгэсэн, эрдэмтдийн ярьдагаар “эргэлтэнд оруулсан”. Баримт өөрөө ярина. Ядахдаа түүх, ой санамжинд үлдэнэ. Харин үнэлж дүгнэх нь хууль хяналтын байгууллагад хамаарна.

Иймэрхүү тохиолдолд эзний, цаад эзний асуудал заавал гарч ирдэг. Гарамжав хэлэхдээ, Өнөрцэцэгийн ард байна гэж хардаж байгаа “эрх мэдэлтэн” хүмүүсийг “зохих газарт нь бичээд өгчихсөн” гэв. Мөн 2020 оны УИХ-ын сонгууль, Сонгинохайрхан дүүрэг, тойрог булаацалдаан энэ тэрийг цухуйлгаcныг анзаарвал Зариг-ийн ард байна гэж энд тэнд ярьж бичдэг Х.Нямбаатар нар биз. Магадгүй. Тэгээд юу гэж? Сэтгүүлчид өөрийн байгууллагын хөрөнгө оруулагч, захирал, редакцийн даалгавраар буюу захиалга, гэрээний дагуу, эсвэл өөрийн итгэл үнэмшлийн дагуу ажилладаг. Тэр нь хэн нэгний төлөө, үгүй бол эсрэг байж болно. Тийм учраас Өнөрцэцэг сэтгүүлчийн гарт хэн нэгэн бизнес эрхлэгчийн баримт орж ирсэн бол түүнийхээ хойноос явах нь түүний эрх. Бас Лодойсамбуу сэтгүүлч Гарамжавыг хамгаалж дэмжихээр шийдсэн бол түүний эрх.

Гэхдээ энэ бүхний цөм нь баримт нотолгоо. Гэрээ, шүүхийн шийдвэрийн төдийн төд, төддүгээр хуудсанд тэгэж бичсэн бичээгүй, худлаа нээрээ гээд үзэж тарах. Тэгэхгүйгээр үнэлэлт дүгнэлтээ урьдчилж хийчихээд, түүндээ таарсан зорилго тавьж дайраад байвал нэг мэдэхэд сэтгүүл зүйгээс далийгаад явчихна. Мөнгө өгвөл юунаас ч буцахгүй сэтгүүлч хангалттай олон болсон. Их мөнгө өгвөл яаж ч мэднэ. (Заримдаа мөнгө өгвөл шударга байхаас ч буцдаггүй нь сайхан) Сэтгүүлч болгоныг мөнгөөр худалдаж авч болохгүй, гэхдээ их мөнгөөр бол хэнийг ч болно гэж даапаалж байхыг сонссон.

Бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч арван удаа зөв хийсэн нь нэг удаа буруу хийснийг зөвтгөх шалтгаан биш. Эсрэгээр, арван удаа буруу хийсэн нь ганц удаа зөв хийснийг далдлах ёсгүй. Зөвхөн баримт нотолгоо шийднэ.

P.S:

Хөгжлийн банкнаас төгрөгийн зээл авч байхдаа Монполимет том, чадалтай компани хэрнээ ханштай холбоотой заалтыг нягталж, маргаашаа харахгүйгээр гарын үсэг зурсан байх юм. Харин өнөөдөр асуудал үүсмэгц зөвхөн нөгөө тал буруутай хэмээн гомджээ. Нөгөө хоёр явдалд бас л Монгол банк, гаалийн байгууллага буруутай гэх юм. Үе үе бухдаг компани уу даа?