“Мэдээллийн урсгал”-аар цагаатгав

2021.04.28.

Монголд хэтэрхий олон сонин хэвлэл гарч байна, 100 гаруй сая хүн амтай Япон улстай адил тооны телевизтэй гэж байнга шүүмжилдэг. Гэхдээ чухамдаа энэ олон мэдээллийн хэрэгсэл, сувгууд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний баталгаа билээ.

Өнөөдөр бидэнд хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд, олигарх, жижиг компани, хэн нэгэн сэтгүүлчийн өөрийн, МАН, АН, МАХН-ын шууд ба шууд бус харъяалалтай, байр суурийн хувьд сэтгүүл зүйн зарчмыг дагаж чаддаг, чаддаггүй, гэрээ, хаалтаар хүлүүлсэн, захиалга төлбөр орж ирвэл яахаас ч буцдаггүй, бүр шударга байхаас ч буцдаггүй, эсвэл мөнгө санхүүгийн хувьд арай ядан дэнжигнэж яваа, хувь хүний, цэвэр хоббины, дуртай цагтаа нээж хаадаг гээд бүх төрлийн хэвлэл мэдээлэл байна. Ингэж олон ургальч, өөр өөр байр суурь, хандлага, өнцөгтэй, өрсөлдөөнтэй байсан цагт хэвлэлийн эрх чөлөө хангагдана.

Хэвлэл мэдээлэлд эрх мэдлээр хутгалдах муухай. Ийм учраас найман телевизийн хамтарсан гэх “Мэдээллийн урсгал” хөтөлбөр нийгмийн сүлжээнд шүүмжлүүлж байна. Тавилт бэлтгэлээр зодсон, нэртэй хөтлөгч, залуу, чадалтай сэтгүүлчдийг дайчилсан хэрнээ зардал чирэгдэл хаанаас гэдэг нь тодорхойгүй, эзэн хаяггүй. Эхлэл төгсгөлд нь титр алга. Яг манай телевизүүдээр сонгуулийн өмнө олширдог захиалгат нэвтрүүлгүүд шиг.

Одоо нэгэнт яваад эхэлсэн нэвтрүүлгийг үзэж сайшаах юмуу шүүмжлэх үлдэж байгаа юм. Магтахыг “Мэдээллийн урсгал”-ынхан өөрсдөө сайн хийж “шударгаар ярина”, “шууд асууна”, “хараат бус байна”, “үнэнийг хэлнэ” гээд бөөн сүр.

Эхний “Мэдээллийн урсгал”-ыг бүгд сонирхож үзсэн байх. Тэр дундаа УИХ-ын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхантай хийсэн ярилцлагыг. Ажил авснаас нь хойш цар тахал хяналтаас гарсныг сануулж сэтгүүлчид ширүүн эхэлжээ. Тэгснээ С.Амарсайханы гэр бүл Халдвар судлалын улаан бүсэд нэвтэрсэн, Сургалтын төрийн сангаас хүүдээ зээл авсныг анхааруулаад байцааж гарав. Ажил ярина гэж дуудаад гэнэдүүлчихэв үү? Үгүй ажээ. Эхнийхийг ХӨСҮТ-ийн эмч нарын зохион байгуулсан гүтгэлэг хэмээн ноцтой няцаав. Ямар нэгэн баримт хэлээгүй (Ичинхорлоо нэвтрүүлэгч хөл хорионд орсон гэх хугацаанд Налайхын болон Улсын төв эмнэлэгт шинжилгээ өгсөн баримтыг сэтгүүлчид мэдээгүй бололтой. Эсвэл асуугаагүй) Дараа нь бакалаврын оюутанд зээл олгох 2013 оны журам 2020 онд гарсан магистр доктороор суралцахад зээл олгох тухай журмаар хүчингүй болоогүй учраас хүү нь хууль зөрчөөгүй гээд мад тавьж орхив. Энэ хоёр журмыг судалж нягталсан сэтгүүлч бас байсангүй. Ингээд сэтгүүлчид биш С.Амарсайхан гэнэдүүлсэн болж таарав. Бүр хувийн компаниараа олон хүүхдийн (1200 гэсэн үү?) төлбөрийг дааж сургасан талаар бүхэл бүтэн танилцуулга авчраад дэлгэцэн дээр харуулж уяруулав. Дөрвөн шилдэг сэтгүүлч харсаар байж энэ даргыг цагаатгахад оролцлоо. Нэгэн зэрэг найман сувгаар!

“Мэдээллийн урсгал”-ын хоёрдахь дугаарт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг цагаатгав. Сэтгүүлч Б.Отгон баримт үзүүлж хэсэг зуур үзэлцээд бараагүй. Харин “Монос”-ын захирал Л.Хүрэлбаатар, АШУИС-ын дэд захирал Г.Батбаатар хоёр маш сайн ярилцагч юм байна. Сэтгүүлчдийн хэрэг нэг их гараагүй, тэдний ид шид харагдаагүй.

Нэмэлт:

“Мэдээллийн урсгал”-аар “Жүр үр” компанийн захирал эмэгтэйг урьж тэр дөрөвтэй ярилцуулахад цар тахал дэгдэж хөл хоригдоод хэцүү байхад ажлын байраа хадгалж үлдсэн төдийгүй цалингаа нэмсэнийг магтаж биширсээр өндөрлөв. Үүний нууц нь хүнсний үйлдвэрлэл, худалдааг огт хязгаарлаагүйгээс гадна тэнд хамгийн их зардал татдаг цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн явдал гэдгийг жинхэнэ сэтгүүлчид юм хэлэх ёстой байсан. Бялуу, жигнэмэгийнхээ үнийг яагаад буулгахгүй байгааг асуухад ч болох байсан.