Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн асуудал

2021.06.06.

Санал хураалтын өдөр ойртох тусам чи хэнийг дэмжиж байна гэж асуух хүн олширсон тул зарласугай:

Би Дангаасүрэнгийн Энхбатын төлөө саналаа өгнө.

Миний яах хэнд хамаатай, бас ямар хэрэгтэй юм гэж бодож явсан ч бусдын жишгийг дагалаа. Янз бүрийн хүмүүс энэ тэр нэр дэвшигч сайн, дэмжээрэй, амжилт хүсье гэж байгаа нь түүнд саналаа өгнө гэсэн үг хараахан биш. Харин би яг өгнө. Дараачийн асуулт бол яагаад? Яагаад гэвэл би Д.Энхбатыг сайн танина. Сэтгүүл, нэвтрүүлэг, Иргэний холбоо гээд холбоотой явлаа.

Хүмүүс хэнд яагаад саналаа өгдөг, өгдөггүйн шалтгаан маш энгийн. Өөрийн хүндээ л өгдөг. Ах дүү, хамаатан садан, найз нөхөд бол баталгаатай. Харин эрх баригч талд албан ёсоор чангаар уриалж дуудаад байгаа бусад хүмүүсийн хувьд үүрэг нь юм. Өөрийг нь ажил, албан тушаал, хангамж дэмжлэгэд хүргэсэн буюу хүргэх намынхаа нэр дэвшигчийн төлөө дуугарч байгаа хэрэг. Эрх мэдэлгүй шахам АН, ХҮН-ын тухайд нэр дэвшүүлсэн хүнээ дэмжих нь бас л үүрэг, намын ажил. Дэмжинэ гэдэг бол дутагдлыг нь харахгүй байхыг хэлнэ. Яг үнэндээ өрсөлдөгч талын зүгээс дайрч довтлоод, бүр “гүтгээд” байгаагийн ихэнх нь үнэний ортой байдаг.

Тухайн нэр дэвшигчийг дэмжихийг ажлаа буюу бизнес болгосон хэсэг хүмүүс бий. Хэдийчинээ их мөнгө тэдэнд зарцуулна, төдийчинээ чадалтай хүмүүс хөлслөгдөж тэр хэмжээгээрээ үр дүнд хүрнэ. У.Хүрэлсүхийн сурталчилгаа хамгийн хүчтэй, бараг төгс байгаа нь ийм учиртай.

Нэр дэвшигчээ сурталчилгаа гэхлээр хамгийн түрүүнд мөрийн хөтөлбөр ярьж энд тэндээс нь ишлэдэг. Би бас уншиж үзсэн. Тал нь Ерөнхийлөгчид хамаагүй ч буруу юм алга. Гурвууланг сонгосон болмоор. Гэхдээ “Мөрийн хөтөлбөрийг уншиж үзэхэд бусдаасаа илүү санагдсан” гэж хүмүүс ярьдаг нь ихэнхдээ худлаа. ХX зууны эхэнд Марк Твен “Гурван янзын худал байдаг: ердийн худал, улаан цайм худал, статистик” гэж бичсэн дээр “сонгуулийн мөрийн хөтөлбөр” гэж дөрөвдэх худлыг нэмэлтэй. Худлаа нь юунд вэ гэвэл мөрийн хөтөлбөрийн гоё сайхан үг өгүүлбэрийн цуглуулгаас болж хэнд өгөхөө шийдэх ёстой буюу өгдөг гэдэгт байгаа юм. Тэр их эрээн мяраан цаасыг судалж, бас харьцуулаад сууж байдаг хүнийг харсан уу?

Монголын сонгууль бол шууд амлалт ба түгээлт. Эрх баригч тал монголын газар доорхийг бүгдийг ухаж гаргаад хувааж хүртээхийг амлаад зогсохгүй аль хэдийнэ түгээж эхэлсэн. Энэ 14 хоногт хүртэл 100, 200 мянгыг зарим ахмадад атгуулсаар байгаа гэлцэнэ. Ийм учраас ялах магадлал хамгийн өндөр.

Саналаа өгөх тал дээр манай монголчууд өндөр боловсролтой. Бараг зуун жилийн өмнө Ази тивд анх удаа эмэгтэйчүүдийг оролцуулж, социализмын үед коммунистууд болон нам бусчуудын эвслээс ганцхан нэр дэвшигчийн төлөө сонголтгүй саналаа хүртэл ямар ч байсан нууцаар өгч, түүнийг нь бас зөв тоолсоор өдий хүрчээ.

Энхбатыг сонгуулах өөр нэг шалтгаан байна. Миний “таньдаг”-аас хавьгүй том шалтгаан.

Монгол Улсад эрх мэдэл хэт төвлөрч байна. 2016 оноос хойш гэхэд сонгогчдын 40 хувийн санал авсан МАН эрх мэдлийн 90 хувийг авч, улмаар үүндээ дулдуйдан нийслэл, дүүрэг, бараг бүх аймагт эзэгнэж, одоо лавшруулаад Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй нь, тэр тусмаа энэ гурав, тэгэхдээ бүр энэ нөхөр авах гэж байна. Ийм учраас МАН-д “хэлдэг”, заримдаа саад хийдэг (ядахдаа оролддог) Ерөнхийлөгч зайлшгүй хэрэгтэй. Нэр дэвшигч С.Эрдэнэ бол хоёр хуваагдсан АН-ын хагасын төлөөлөл. Сонгогдлоо гэхэд 2017 онд намаасаа нэр дэвшүүлж сонгуулсан Ерөнхийлөгчтэйгээ дайтсан явдал давтагдана. Үүний оронд эрх мэдлээсээ түр завсарлага авч намаа засаад дараа нь төрөө зассан нь хавьгүй дээр.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн асуудал энэ болой.

P.S: Би Ухнаагийн Хүрэлсүхийн төлөө хэзээ ч саналаа өгөхгүй шалтгаан бол тэрбээр 2019 онд гэнэт Чингэс хааны нэр барьж сагсууран Байгалийн түүхийн музейн барилгыг нураалгасан учраас. Улс орны ирээдүй, том улс төр ярьж байхад дэндүү жижиг шалтаг уу? 2021 оны 1-р сард нэгэн эхийг эмнэлгийн хаалганаас түргэний машин хүртэлх хэдэн метрт таавчигтай алхуулснаас болж Засгийн газраа огцруулж сүржигнэсний хажууд?

Хүмүүс хэнд яагаад саналаа өгдөг, өгдөггүйн шалтгаан маш энгийн.