Засаг даргын “зогсоох гэж байгаа” барилгууд

2021.08.25.

Өнгөрсөн Баасан гаригт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нээлттэй Улаанбаатар” нэртэй хэвлэлийн хурал зарлаж хэт төвлөрөл, түгжрэлийг бууруулах зорилгоор улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах Засгийн газрын тогтоол гарсныг мэдээлээд цаашид хуулийн цоорхойг бөглөсөн дүрэм журам гаргана, иргэндээ ээлтэй, нэгдсэн стандарттай болно, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ, уламжлал дээр суурилсан шинэчлэл хийнэ, цогц арга хэмжээнүүд авна, нийтийн тээврийн паркийг шинэчилнэ, эхлээд дэд төвүүд дараа нь дагуул хотуудыг байгуулж асуудлыг нэгмөсөн шийднэ гэх мэтээр ярьсан байна. Хорин жилийн өмнөөс эхэлсэн ч мэлхийн хурдаар урагшилж буй ажлууд. Богдхан уулын өвөр, Туулын хөндийд шав тавьсан газарт босгосон мэлхийтэй хөшөөнд нийслэлийн удирдлагууд жил бүр хүндэтгэл үзүүлэн ёсолж ирснийх байх.

Харин энэ удаад Засаг дарга нэгэн шинэ саналыг дэвшүүлсэн нь үндсэндээ Их тойруу дотор түгжрэл байгаа учраас төрийн захиргаа, худалдаа, хувийн хэвшлийн байгууллагуудыг энэ бүсээс гаргах, ингэхийн тулд тэдэнтэй уулзалтын ширээний ард суух тухай юм. Өмнөх Засаг дарга С.Амарсайхан дүүжин тээвэр, тэнгэрийн тойргоор толгой эргүүлж, Д.Сумъяабазар өөрөө Энх тайвны гүүрийг дөрвөн эгнээ болгохыг сэдэж цочоосны үргэлжлэл болой.

Яаж ч уриалж ухуулж хөөргөсөн Монголын хамгийн үнэ цэнэтэй байрлал – Улаанбаатар хотын төвийг сайн дураар орхиж гардаг тэнэг байхгүй. Ганцхан нөхцөл байж болох, тэр нь маш их мөнгө буюу түүнтэй тэнцэх газар, тусгай зөвшөөрөл, онцгой эрх мэдэл гэх мэт.

Төрийн ба төсвийн байгууллагыг захиргаадаад нүүлгэж чадлаа ч мөнгө хэрэгтэй. Хаана очих тэр газарт дэд бүтэц татаж барилга байшинг босгох, албан хаагчдын ажиллах, магадгүй амьдрах нөхцлийг хангах үүрэгтэй. Тэгсэн ч буруу. Төрийн байгууллагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвд төвлөрсөн хэвээрээ үлдэхэд буруу юм байхгүй. Нийслэл хүрээнээс эхлээд анхны яамд, ардын засгийн газар, намын төв хороо, Засгийн газар, төрийн яамд, хотын захиргаа, улсын сургууль, соёл, театр урлаг гээд барилга байшин, гудамж талбай бол монголчуудын XX зууны монголын сэргэн мандлын ой санамж, үнэт зүйлс. Манайд Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХХААХҮЯ, Батлан хамгаалах яам тийм түүхийг авч үлдээд, үүгээрээ хадгалж хамгаалж байгаа. Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, тагнуул, гааль, татвар, улсын бүртгэл, цагдаагийн газрууд энд тэнд шинийг босгоод орцгоожээ. Гэтэл засч сайжруулаад, багадвал өргөтгөөд сууж болох байсан зөндөө олон барилгыг буулгаад дууслаа. Үнэхээр өөр аргагүй бол түүхэн төвийн дүр төрхийг хадгалсан намхавтар барилгуудыг босгож болох байсан. Ухнаагийн Хүрэлсүхийн сүр нь гэнэт хөдөлж нураагаагүй бол Байгалийн түүхийн музей шиг барилгад Соёлын яам, бүр харъяа агентлагуудтайгаа багтах байсан гэж бодогдлоо. Нэг хэсэг Соёл, спорт аялал жуулчлалын яамны байсан эвтэйхэн барилгыг банкинд зарчихжээ. 25-хан тэрбумаар зарсан Хэвлэх үйлдвэрийн барилгыг тордоход ямар ч том яам, бүр 90 тэрбумын Чингэс хааны музей ч багтах байлаа.

Хотын захиргаа төвдөө байснаараа байг. Төвдөө буйн ачаар нийслэлчүүд тал талаас жигд хуваагдан цугларч, буцаад зүг зүгт сарнин буцдаг. Нийслэлийн төр захиргааны бүхэл бүтэн цогцолборыг Яармагт яаравчлан босгож тийш нүүлгэхэд бэлэн болгосон ч бурууг ойлгоод цуцалсан. Төсөөл дөө: бүгд Яармагийг зүглэж машинтайгаа оочирлоно, дараа нь Яармагаас буцаад оочирлоно.

Шинэ мянганы эхээр улсын их дээд сургуулиудыг Багануурт шилжүүлэх кампус мампус гэж баахан хөөрсөн. Бүтэхээ больмогц Налайхыг нэрлэж ашиглалтын өмнөх захиргаа хүртэл байгуулж үзсэн. МУИС-ийн байрыг хэн аваад яах тухай хачин сонин яриа чих дэлсдэг болсон. Бүтээгүй. Нийслэл Улаанбаатар хотыг Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны төв болгож ирсэн МУИС, УБДС буюу МУБИС, ПДС буюу ШУТИС, АУДС буюу АУИС, бас ХААДС-ийг зуун мянган оюутан, багш нар, тэдний гэр бүлийн хэдэн зуун мянган хүнтэй хамт тийш цөлж чадахгүй.

Төр, захиргаа, боловсрол, соёл, үйлчилгээ, хувийн гээд ямар ч байгууллагыг чирж гулдраад ч хамаагүй хотоос зайлууллаа гэхэд суларсан барилгуудад дараачийн байгууллага, компаниуд орно. Ихэнхийг буулгаад илүү өндрийг босгоно. Бетон ширэнгэ улам өтгөрнө.

Хэвлэлийн хурал дээр Засаг дарга Д.Сумъяабазар өөр нэг чухал мэдэгдэл хийлээ. “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх арванхоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэх хүртэл, Улаанбаатар хотод барилга, байгууламж барих асуудлыг түр хугацаагаар зогсоох захирамжийг өнөөдөр би гаргах гэж байна” гэж. Гагцхүү энэ захирамж яг юу гэж гарахыг хэлсэнгүй. Зогсооно гэдэг нь яг одоо босч буй барилгуудад хамаарах уу? Баригдаж эхлээгүй ч зөвшөөрлөө авсан барилгуудыг болиулж цуцлах уу?

Захирамжийг “өнөөдөр гаргах гэж байна” гэсэн нь 8-р сарын 20-ны ажил тарахаас өмнө багтаад гарын үсэг зурах нь гэж ойлгогдсон ч шинэ долоо хоногийн эхний өдрүүдэд захирамжийн сураг тасрав. Сумъяабазар дарга хэлснээсээ буцав уу?

Анх 1950,60-аад онд Улаанбаатар хотыг Сүхбаатарын талбайгаас урагш Богдхан уул харагдаж байхаар төлөвлөснийг “май чи” гэж байгаад дандаа өндөр барилгуудаар тагласан бол одоо тэр ханаа улам зузаалж байна. Улаан-Үдийнхэн манайхыг Нью-Йорктой андуурдаг болсон юм гэсэн. Санкт-Петербург төвийн өмчлөлийн маргаан шийдэгдмэгц гялс манас буулгана, оронд нь лав хоёр давхар хэвээрээ босохгүй. Талбайгаас баруун урагш Энх тайвны гүүр хүртэлх Чингэсийн өргөн чөлөөг багалзуурдсан International Finance Center 27 давхартаа хүрчээ. Зэргэлдээх Business tower 21 давхар бол Ахмадын холбооны буурин дээрх боссон Алтай трэйд-ын Х.Бат-Эрдэнийн барилга “дөнгөж” 18 давхар. Драмын театрын ард гозойж буй УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн “Соёмбо” нэртэй цалин цагааны өндрийг 32 давхар гэж тооллоо. Замын эсрэг талд Сарны титэм-ийг төв замаас тагласан Бишрэлт-ийн Б.Ундармаагийн-ийн Central парк-ийн өндөр 20 давхар. Урд нь Хүүхдийн паркийн хашаанд Мон-Ураны Б.Наранхүү япон түнштэйгээ нийлж 68 давхрыг босгох тухайгаа Ерөнхийлөгчид танилцуулахыг бид харсан. Төв шуудангийн урд, НАХЯ-ын гурван давхрын булаасан Эко констрашн-ы С.Нямдаваагийн цамхаг 27 давхар болно. Талбайгаас зүүн урагш харваас Олимпийн гудамж дагуу хоёр талаас өнгийсөн цамхагууд дунд дахиад нэг нэмэгдэж байгаа нь 1937 онд ЗХУ-д цаазлагдсан Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн байшин буюу Хэлмэгдэгсдийн музейг газар дээр нь цаазлаад барьж буй ач нарынх нь Minister Tower. Анх Genden Tower хэмээн нэрлэж байв. Лав 23-25 давхар болов уу.

Засаг даргын хэлснээр “эндээс гараач” хэлэлцээрт уригдах учиртай Их тойрууг оруулж яривал дэндүү урт болох учраас Бага тойруу, түүний дотор нэгэнт боссон бус, яг одоо баригдаж буй барилгуудаас нүдэнд өртсөнийгөө хэлье. Уул шугамандаа 8-р сарын 20-ноос “зогсоож байх” учиртай.

Хөрөнгийн биржийн ард, хуучин шүдний эмнэлгийн хоёр давхрын буурин дээр 18 давхар оффис баригдаад дуусах дөхжээ. (Хажууханд нь саяхан боссон Хууль зүйн яамны шинэ оффис наймхан давхар, гэхдээ ордон. Хаяа нийлсэн, Монгол банкны, төсөвт өртгөө нууцалсан хайрцган барилгыг өндрийг чамин хийц, цонхны улмаас яг тоолж чадсангүй. 20 орчим гэж үзлээ) Хойшоо Ус, цаг уурын уулзварын баруун хойно ухсан суурийн гүнээр барагцаалбал 40,50 давхар байж мэдэх Худалдаа хөгжлийн банкны барилга зугуухан өндийж байна. Ус цаг уурынхан өөрсдөө хашаандаа 10 давхрыг амжуулж өгч харагдлаа. Сүхбаатарын талбайн баруун талд, МҮЭ-ийн ордны ард Sale зарлаад гозойсон Шийлэгийн Батбаярын гэгдэх барилга 15 давхар. Хувь, хувьсгалын энэ бүх барилга гаднаа автомашины ил зогсоол, зүлэг модны зай огт байхгүй. Төрийн ордны хойно Чингэс хаан музейн барилгад авто байтугай явган зогсоол ч алга. 400 сая жуулчин ирэхлээр энэ хавьд машин бүү хэл хүн түгжрэх байх. Төрийн ордны яг ард өндийж байгаа, гурван өндөрлөгийн нэгэнтэй холбогддог барилга “даруухан” 8 давхар бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын буурин дээрх концессын барилга 17 давхартаа хүрчээ. Их сургуулийн гудамжинд Герман элчингийн урд Гацуурт-Чинбатын 17 давхар өнөө маргаашгүй ашиглалтанд орно. Жаахан хойш явахад Их сургуулийн гудамжинд, 18 давхар “Новотел” буудлын өөдөөс арсалдсан орон сууцны барилгын ажил 15 дахь давхартаа хүрчээ. Бага тойруу дотор босох дараачийн цамхагийн байрлал нь Төв шуудангийн баруун талд Макс-ийн Д.Ганбаатарын мэдлийн том хашаа юм. Хоёр жил ашиглаагүй бол хураадаг журам Макс-т хамааралгүй хорин жил болжээ. Онцгой эрхтэй энэ компани төгс байрлал дээрээ намхан юм босгохгүй. Ингээд яг одоо баригдаж байгаа болон баригдах энэ олон барилга, тэнд ажиллаж амьдрах хүмүүс, ирж очих машин тэргийг нэмж тооцоолбол хотын төвийн бүх замыг дахин өргөтгөж, урагш давсан гурван гүүрийг давхарлаж, бас Сэлбийн гольдрилыг хатааж зам болгосон ч түгжрэл буурахгүй шинжтэй.

Улаанбаатар хотоос, тэр тусмаа хотын төвөөс хэн ч гарахгүй, гаргаж чадахгүй, гаргаад ч нэмэргүй тул анхнаасаа тэсэртэл чигжихгүй байсан юм. Одоо босч байгаа барилгуудыг зогсооно гэж мэдээж байхгүй. Д.Сумъябазар Засаг дарга ноднин ажил авсан өдрөөсөө эхлээд яагаад хөдөлж эхлээгүй вэ? Зогсоох тухай зарласан 20-ны өдөр хүртэл зөвшөөрөл олгосон гэдэгт эргэлзэхгүй байна. (Сонгуулийн дараа ажил хүлээлгэж өгөх хүртэлх хэдхэн хоногт амжуулж өгдөг өмнөх Засаг дарга нарын авирыг бид сайн мэднэ). Өнөөдөр Их, бага тойрууд завсар зай болгоныг өгч авалцаад дууссан, тэнд 20,30 давхрууд баригдах тодорхой, тэгээд ч барилгын ажлын улирал шувтарч байгаа учраас өвөл болтол “зогсоож” шоудах нь түүнд аюулгүй. Бас тэрбээр хувийн хэвшлээ хохироохгүй, хотын үл хөдлөх хөрөнгийн, замын хураамж буюу татварыг ярих болоогүй тухай сүүлийн үед хэдэнтээ мэдэгджээ. Юуг ч өөрчлөхгүй нь тодорхой.

Д.Сумъябазар дарга нийслэлийн 30 жилийн алдаа завхралыг засахаар амалсан хэрнээ хэдэн гарааш буулгаад зогсох төлөвтэй. Үнэнээсээ тэгэж шийдсэн бол эхлээд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, хууль дүрэм, барилгын норм стандарт зөрчсөн болгоныг сөхөхөөс эхлэх байсан юм. Ингэх эрх мэдэл ганцхан түүнд бий. Уул овоо шиг юм гарч ирнэ, юу хийх ёстойгоо шууд ойлгоно. Хачир болгож хоёр баримт дурдья. 2018-2019 оны зааг дээр болсон бяцхан төрийн эргэлтээр УИХ-ын даргаас огцрох болмогцоо Миеэгомбын Энхболд, би хотын дарга байхдаа Төрийн ордны ард У.Хүрэлсүхэд газар өгсөн гэж дуу алдсан байдаг. Нийслэлийн газрын мафийн загалмайлсан эцгээр дуудуулж ирсэн хэрнээ асар болгоомжтой түүний хувьд гомдсондоо болоод сэжүүр цухуйлгасан түүхэн тохиолдол юм. 2020 оны зун Монгол Улсын шинэ ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат албаны нэгэн шинэ одыг тодруулж Турк Улс руу элчин сайдаар томилохоор УИХ-д оруулсан нь нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр.  

Одоо Д.Сумъяабазар дарга ядаж тэр сүрхий зарласан захирамжаа гаргаж шоугаа гүйцээгээсэй билээ. Тэрийг нь харж аваад илүү дутуу юманд найдахаа нэгмөсөн болих юмсан.