Монголын байрлал

2022.02.28.

Хувь заяаг газар зүй тодорхойлдог гэж Наполеон Бонапарт хэлжээ. Бас геополитикийг газар зүй захирдаг гэсэн арай номын хувилбар байна. Бүхэл бүтэн улс орны хувь заяаг дэлхийн бөмбөрцөг дээрх байрлал шийддэг. Манай Монголыг бодохоор яг шүү. Бид хойгуураа Зөвлөлт, Орос, урдуураа БНХАУ-тай хиллэдгийг бага балчраасаа сурах бичгээс цээжилдэг, хадан дунд хавчуулагдсан халиуны зулзагатай зүйрлэн хөөрхийлдэг, гуравдахь хөршийн зүгт хараагаа чилээж гараа сарвайдаг …

Хэрвээ 1930-аад онд Зүүн хойт Хятадад япончуудын байгуулсан Манж-го тоглоомын хэмээх улс тогтсон бол манай гуравдагч хөрш болох байсан уу? Бас япончууд Халх голд ялаад БНМАУ-ын зүүн нутгаас эмтэлж аваад цааш нийлүүлсэн бол дараа нь юу болох? Бүү мэд, харин Википедиа-гаас гүйлгэж харахад Манж-Го-гийн хүн амын нь 90 хувь тэртээ тэргүй хятадууд байжээ. Бас нэг Хятад гэсэн үг. ЗХУ задрахад газар зүй талаасаа бараг гуравдахь хөрш гарч ирсэн нь ​Казакстан. Баян-Өлгийгөөс цааш гучаадхан км зайтай боловч тэр зайд Хятад, Оросын хил уулздаг. Төвөөс сайд, дарга нар очиход Өлгийн зарим иргэд Орос юм уу Хятадтай хэсэгхэн газар солилцоод Казакстантай хиллэе гэж санал тавьдаг. Үл бүтэх.

Бид бусдаас хол оршдогоо сайн талаас нь харвал дайн дажинтай бүс нутаг, хүн нь багтаж ядсан тийм улстай хил залгадаггүй, мянга мянган цагаачдын урсгал дайрч өнгөрдөггүй. Бусдад түвэг саад учруулахгүй тийм байрлалтай тул Монголд халтай, ямар нэг юм булаацалдсан улс алга. Яаж ч муудалцаад Орос, Хятадыг даваад хэн ч довтлохгүй, холоос нударга зангахаас өөр юу ч болохгүй. Бид дэлхийд хамгийн нэр хүндтэй улс байх. Бие биенээ үзэж чаддаггүй нөхдүүд ч нааш харахаараа эелдэг болдог. Коммунист, дарангуйлагч гэж цоллуулдаг бүх улстай сайн харилцаатай. Бодоод байхад, бид барууныханд эзэн Чингэсийн үр сад, “уудам азийн цээжинд гялалзсан” ардчилал гэхээсээ илүү тэдний геополитикийн өрсөлдөгчид, бараг дайсан нь болсон ОХУ, БНХАУ-ын дунд зоочихсон мэт байрлалаараа хайрлагддаг. 

Монгол Улс хоёр хөршдөө жийрэг болж ирсэн хувь заяатай ч ирээдүйн тухай битүү түгшүүр монгол хүн бүрийн сэтгэлд оршдог.