Хэн хүчтэйгийн зөв

2022.02.28.

Оросууд юу хийчихэв ээ? Өөрсдөө дэлхий дээр хамгийн том нутаг дэвсгэртэй, Уралын нуруунаас зүүн тийш эзгүйрэх шахсан хэрнээ яагаад Украинаас эмтлээд зогсохгүй дайрч орсон бэ? Барууны ертөнц тэр чигээрээ Путиныг буруутгаж хатуу хориг тавьж эхэллээ. Орос дотроо ч бөөн эсэргүүцэл.

1991 онд ЗХУ задарч тусгаар тогтнолоо авчихсан хэрнээ Украин улс алхам алхмаар Орост, оросын соёл, түүх, иргэншил, орос хэл, тэгээд оросоор ярьдаг хүмүүс, орос үндэстэнд дайсагнасан улс болж хувирсан гэж Оросын тал нотолдог. Тэгтэл Украин 2019 онд Үндсэн хуулиндаа тунхагласнаа хэрэгжүүлж Умарт Атлантын гэрээний байгууллага – НАТО-д элсвэл тэндээс америкийн пуужинг Москваг тав зургаахан минутын зайнаас (тив алгасах пуужинд гучин минут шаардагдана) харвах тул үүнийг болиулж аюулгүй байдлын баталгааг бичгээр гаргаж өгөхийг ОХУ шаардахад цаадуул нь хүлээж авсангүй. Украин зүгээр нэг Оросын эсрэг бус, Оросын эсрэг дайн байлдааны түшиц улс болно гэсэн дүгнэлт.

Түүх санахад, зуун жилд нэгээс хоёр удаа европын улсууд хүчээ хавсарч Орост халддаг, хамгийн сүүлд 1941 онд оросууд Москвад тултлаа ухарч байж зогсоосон. “Мы за ценой не постоим” гэж зөвлөлтийн дууны үг бий. Бид ялахын төлөө ямар ч гарз хохирол амсахад бэлэн гэсэн утгатай. Харин өнөөдрийн Орос тэгэж чадахгүй, хүн амын тоо жилээс жилд тасралтгүй цөөрч, эрчүүдийг сая саяар нь дайнд илгээдэг байсан хөдөө тариачны Орос орон, орос тосгод хэдийнэ байхгүй, одоо Москва хүртэл ухрах орон зай, цаг хугацаа, бас гарздах хүн ч үгүй тул оршин тогтноход аюул учирлаа гэж тэд үзжээ. Путины хэлснээр “Зачем нам такой мир, если там не будет России?”.

Үйл явдлын өрнөл юунд хүргэснийг бид одоо дэлгэцээр харж байна.

Хэний зөв вэ? Хэн хүчтэйгийн зөв. Хэрвээ оросын цэрэг украины эсэргүүцлийг цөөн хоногт дарж, Киев дэх дэглэмийг солиод өөрийнхөөрөө тохинуулж чадвал Путины зөв болно. Наад зах нь төвийг сахисан, жийрэг улс гарч ирнэ. Цаашилбал Украиныг хэд хуваах магадлал өндөр. Хэрвээ барууны орнууд Украиныг тултал дэмжиж энэ дайн эх захгүй үргэлжлэх буюу Орос дийлдвэл Украин НАТО-гийн дээвэр доор оруулах ба хориг тавих замаар эдийн засгийг нь сүйрүүлж чадвал Оросын төгсгөл ирнэ. Тэгвэл Украины төдийгүй барууныхны зөв болно. Халдсан, сүйтгэсэн, урсгасан цусаар тооцоход тэд хангалттай нүгэл үйлдсэн ч хэнд ч дийлдэхээргүй хүчирхэг явж ирсэн. Түүхийг хүчтэй нь бичдэг.