“Тагнуулын хавтаст хэрэг”-ийн цаана

2022.07.01.

Өчигдөр орой хэд хэдэн телевизийн оргил цаг руу хөтөлбөрт зарлагдаагүй нэгэн нэвтрүүлэг дайрч орлоо. Зөвхөн их мөнгө, эсвэл том эрх мэдэл ингэж чаддаг. Энэ удаад Монгол Улсын хамгийн эрх мэдэлтэй хүн – Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэлд байдаг онцгой нэгэн байгууллага ба төрсөн ахынх нь “Херо энтертэйнмент” хамтарч бүтээсэн “Тагнуулын хавтаст хэрэг” баримтат нэвтрүүлэг. Эхлэлийг хармагцаа, саяхан шүүхээс 10 жилийн ял авсан “энэтхэгийн тагнуулч” Ч.Мөнхбаярын тухай гэж бодтол үгүй, харин арваад жилийн өмнө Хятадын нууц албаны саварт атгуулсан өөр нэг залууг манай сөрөг тагнуулчид удаж төдөлгүй илчилж суулгасан тухай ажээ. Энэ түүхийг сонирхуулахаас илүүтэйгээр гадаадын тагнуулын байгууллагын урхинд орж эх орноосоо урвахаас сэрэмжлүүлсэн нэвтрүүлэг. Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан Равдангийн Болд, тэргүүн дэд дарга асан Доржготовын Чимэд-Юндэн, бас нэгэн сэтгэл зүйч хүүхэн гурав ой тойнд ортол хэлж өгөв.

Өнөөдөр манай иргэд тэртээ тэргүй өндөр сонор сэрэмжтэй байгааг нийгмийн сүлжээ илтгэнэ. Тухайлбал, оросын талын этгээдүүдийг зогсоо зайгүй илчилж барахгүй байна. Хамгийн том нь Халтмаагийн Баттулга гэгч Путины даалгавраар төмөр замыг хэрхэн гацааж улсаа хорлосныг нэр бүхий фэйсбүүкч, твиттерчид арваад жилийн турш хэлж өгөөд байхад аль нэг талд гаргах болоогүй юу, ТЕГ-аа? Түүнийг 2004 оноос монгол төрийн өндөр албанд суулгаж, УИХ-ын гишүүн, хэд хэдэн яамны сайд, эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэн залж хорт санаануудаа гүйцэлдүүлэх боломж олгосон АН-ынхан өөрсдөө буруугаа хүлээж нотлоод байгаа. 2022 оны 2-р сарын 24-нээс хойш Орост худалдагдсан, гар хөл нь болсон учраас Украиныг дэмжээгүй гэх дайнч урвагчдыг нэр ус, зураг хөрөгтэй нь дуудан цоллоод зогсохгүй тэдэнд Шенгений, америкийн виз олгож болохгүйг тэдгээр ЭСЯ-дад бололтой анхааруулж, үүгээрээ виз олгож болох жагсаалтанд өөрсдийгөө давхар бүртгүүлээд ч байх шиг. “Шударга иргэд”-ийн уламжлал манайд тасраагүй юм байна.

Мартсанаас мал мэнд үү гэгчээр Ч.Мөнхбаяр тэгээд хэн байв? Тэрбээр төр засаг, намууд, усан цахилгаан станц, ураны олборлолт, атомын цахилгаан станц гээд юм юмны эсрэг, Афганистанаас хазаруудыг авчрах, өвөрмонголчууд ба оросын буриадуудын төлөө дуу хоолой гаргаж явдаг нэгэн. Өмгөөлөгч Г.Баасангийн ярианаас үзэхэд, энэтхэг этгээдээс 200 сая төгрөгтэй тэнцэх доллар авчээ. Орчин цагт тагнуулын байгууллагууд хэрэгтэй мэдээллийнхээ 70-80 хувийг нээлттэй эх сурвалжаас олж авдагийг Чимэд-Юндэн генерал дурдсан. Тэгэхээр төрийн нууц мэддэггүй Ч.Мөнхбаяраар монголыг тагнуулах хэрэг байхгүй, гэхдээ цаад байгууллага нь Энэтхэгийн тусгай алба мөн бол “гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан” хэрэг үйлджээ. Тэр их мөнгөөр Өвөрмонголын үндэсний үзэл, хэл, соёл, тэрслүү заримыг дэмжсэн ажил явуулсан бол Хятадад таалагдаагүй, улмаар манай дарга нарт анхааруулсан, ингээд манай түүхий эдийг авдаг ганц зах зээл, хямд бараа нийлүүлдэг, зээл олгодог Хятадыг уурлуулж болохгүйн золиос нь Ч.Мөнхбаяр. Хатуу шийтгэж харагдахгүй бол болохгүй. Удахгүй давж заалдана, жилийг бууруулна, хэсэг хугацаанд сууна, тэгэсхийгээд өршөөнө…

Казахстан улс тусгаар тогтнонгуут Назарбаев гадаад тагнуулын алба байгуулсан тухай мэдээ уншаад дөнгөж салсан Оросыгоо тагнаж гарах нь хэмээн бодож байлаа. Тэгтэл арваад жилийн өмнө Монгол Улсыг Кувейтэд төлөөлсөн элчин сайд Кадырын Сайраан “Алтай” нууц нэртэй казахстаны туршуул болсон нь илэрч, Монгол Улсын Хил хамгаалах газрын дэд дарга, УИХ-ын гишүүн байсан, бригадын генерал Халидалдагийн Жакей баяртай ч байхгүй гэнэт зугтааж Казахстаны цэрэг, тагнуулын том албанд очсон нь тэдний ажлын үр дүн байх. Харин манай сөрөх тагнуулчид барьж авч чадалгүй алдчихсан.

“Тагнуулын хавтаст хэрэг” баримтат нэвтрүүлэгт Р.Болдын яриаг сонсоход манай гадаад тагнуул гэж байдаг аж. Харь улсад монголын тагнуул ямар нэгэн ажил, бизнесийн халхавчин дор, магадгүй төрд нь шургалаад орчихсон, төвтэйгээ сэмхэн холбоо бариад … гэх бодоход огшмоор шүү. Даанч удахгүй болох наадмын бөхийг тааваараа үзэхгүй, начны найраа, тогтоолын цолыг мэдээд уурсаж харагдах эрхгүй нууц албанд. Яг хаана бол? Бид Европын улс, АНУ, Японыг тагнаж зүрхлэх үү? Бүү мэд. Энэтхэгийг? Бараг үгүй. Африкийн Буркино Фасо юмуу Өмнөд Америкийн Парагвай өөрсдөө тагнаад өгөхийг гуйсан ч бид тоохгүй. Тэгэхээр Орос, Хятад хоёроос өөр хаана байхав гэж бодов.

Бас нэг зүйл. Тагнуулын ерөнхий газрын сүржин нэр иргэн надад таалагддаггүй. Англи руу Spy биш Intelligency хэмээн боловсон үгээр орчуулдаг болохоос биш. Тагнаж чагнах бол Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чиг үүргийн зөвхөн нэг хэсэг, арга хэрэгсэл нь.

2022.07.03.

Энэ өдөр Монголын яруу алдарт тагнуулын байгууллагын ажилтны өдөр юм байна. Түүнийгээ тэмдэглэж барьсан нь бас л нууц байж таарна. Хилийн чанадад суугаа нь цээжин дотроо л тэмдэглэдэг байх даа.