Харах өндөр

2022.10.10.

Үйл явдлыг тэртээ холоос, эсвэл хожим үгээр, зургаар дүрсэлж болдог. Харин гэрэл зураг, дүрс бичлэгийн тухайд сансрын пуужин, далайн ёроол уруу шумбагчаар камер илгээж, бас эмнэлэгт хүний биед дуран шургуулж гэдэс дотрыг зурагладаг болсныг эс тооцвол үгүй. Уртаас урт татдаг дуран ч барилгын цаад, уулын оройг давж өнгийхгүй учраас биеэр очихоос өөр аргагүй … байлаа.

Дрон гарч ирээд хувьсгал хийж байна. Эзэн нь газар дээр үлдээд дээш нь камер нисгэдэг болсноор телевизийн нэвтрүүлэг, мэдээ сурвалжлага, уран сайхны болоод баримтат кино, реклам сурталчилгаанд гээд бүгдэд дроноор авсан зураг, бичлэг ердийн зүйл болжээ.

“Монголын баялаг 330”. Монгол орны 21 аймгийн ийм тоотой сум тус бүрийн байгаль, археологи, түүх, соёлын дурсгал, соёлын өвийг сурталчилсан энэхүү цуврал нэвтрүүлэг зүүн хязгаар – Дорнод аймгийн Халхголоос эхлэн бусад сумдаар тойрч, Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, гуравхан сумтай Говьсүмбэрийг гүйцээгээд гэнэт баруун тийш шилжин Говь-Алтай аймгийн сумдаар үргэлжилж байна. Нийт 330 дугаар гарах нь. Дугаар болгон эхэлж төгсөхдөө илүү дутуу баахан нуршиж Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүний нэр, хөрөг, сургаалийг залхтал шургуулснийг үл тоож чадвал сум сумын газар нутаг, хүн чулуу, буган хөшөө, сүм хийдийн туурийг эргүүлж тойруулахаас цэлийтэл дэлгэж чанх дээрээс харуулдаг сонирхолтой нэвтрүүлэг. Энэ бол дрон. Тал дунд ганцаар торойсон эртний чулуун хөшөө, өвсөн дунд цацагдсан туурийн чулуунуудыг өдөр бүр хардаг нутгийн хүн, бас ганц удаа үзээд өнгөрсөн замын хүний ой тоонд үлдсэн тэр дүр зургууд энэ удаад ондоо. Харах өнцөг гэдэг шиг огт өөр харах өндөр. Мянган жилийн өмнө тэр нэгэн чулууг үхэр тэмээ хөллөн хаа нэгтээгээс чирж авчран зорж балбасан бүтээгчид өөрсдөө ч хараагүй тэр өндрөөс бид харж байна.

Дугаар бүр тухайн сумын төвийг дээрээс нь дроноор харуулахаас эхэлдэг. Төрийн далбаагаа мандуулсан захиргааны барилгыг (одоо бүгд нутгийн удирдлагын ордон нэртэй болжээ) шууд нүдэнд тусч амархан олддог. Урд талд нь морь, бөх, эсвэл нутгаас төрсөн алдартны хөшөө заавал байна. Дэргэд нь голдуу хоёр давхар сургууль, соёлын төв, холбооны газрыг бүчсэн антеннууд, хэдэн байшин, бусад нь хашааны айлууд. Гэхдээ 70,80 жил хөгжсөн гэхэд зарим сумд арай арай… Байшин барилга цөөн, байгаа нь навтгар гэсэнгүй, эмх цэгцгүй, замбараагүйг хэлсэн юм. Сумын төвийг эргэн тойронтой нь хайр найргүй хэрчсэн замууд. Энэ бүгдийг дроноор бүртгэж хэмжээд юм бодвол зохистой.

Хөдөөний сумд гэлтгүй хотын хажуугийн Тэрэлжийн хөндийг дрондоод, миний очоогүй сүүлийн хоёр гуравхан жилийн дотор аялал жуулчлалын бааз, resort гэгдэх гэр, байшингуудаар дүүрснийг мэдэж дуу алдлаа. Хоёр талын уулын ам, булан тохойнууд хүртэл пиг. Энд тэнд зай талбай үзэгдэх авч нэгийг ч үлдээлгүй хашаалаад авцгаажээ. Монголд аялал жуулчлал аймаар хөгжих гэж байна.

Тэрэлжийн таних тэмдэг болсон Мэлхий хад. Бодвол галт уулын дэлбэрэлтээр хэсэг халуун лаав энд шидэгдэж царцаад, 60-70 сая жилийн турш халуун хүйтэнд харшиж заадас, завсар үүсч хэмхэрсээр дэвхэж цовхочдог энэ амьтны хэзээ ч үл хөдлөх чулуун төрлийг олжээ. Сурталчилгаан дээр зөвхөн зүүн талаас нь мэлхий төрхөөр зурагладаг учраас цул харагддаг, харин дроны дуранд өнөө маргаашаас хэтрэхгүйгээр лав гурван хэсэг салж нурж мэдэхээр харагдсан тул гэнэт түгшлээ. Хэрвээ Мэлхий хад нурвал үзэмжгүй чулуун овоолго болно. Нэгэнт үйрч буй хад мэдээж хэзээ нэгэн цагт нурна, эхлээд оройд нь дэнжигнэсэн шовгор хэсэг наран мандах зүгт салж нүргэлэн ойчино, дараа нь мэлхийн хоёр хондлой задарна, гэхдээ энэ Засгийн үед лав үгүй, гэнэт маш хүчтэй газар хөдөлж сүйрүүлчихгүй бол багаар бодоход ганц хоёр мянга, магадгүй хэдэн сая жилийн дараа гэдгийг ухаараад тайвшрав.

Мэргэжлийн байгууллага гэсэндээ үүнийг айхтар мэддэг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Мэлхий хадны орчимд сул үлдсэн 3,5 га газрыг компаниудад олгож аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний цогцолбор гэгчийг байгуулах тендер зарлажээ. Ирэх хавраас ажил эхэлж автомашины зогсоол, дэлгүүр, үйлчилгээ, хоолны газар, бие засах газруудыг барих ажээ. Дараа нь зориулалтыг өөрчилнө, барилгаа томсгоно, өндрийг нэмнэ, газраа тэлнэ, урд хойгуур нь тойруулаад хаус, хотхон сүндэрлүүлэх нь гарцаагүй. Энэ бол дархан цаазат Богд уулын амуудад туршиж төгөлдөршүүлсэн Байгаль орчны яамны брэнд арга болой. Яг одоо ч Мэлхий хадыг элдэв гэр болон байшин баазууд хэдийнэ бүчсэн ба холгүйхэн тус яамнаас зөвшөөрөл олгоод 6 давхар зочид буудал, бас бусыг бариулж байх юм. Удалгүй энэ их шавааралдаан дунд Мэлхий хад хашигдсаар үзэж харах олон объектын нэг төдий болох нь. Байгаль дэлхий энэ хадыг орчин тойронтой нь, унаган төрхөөр нь дахиад ганц хоёр сая жил хэвээр хадгалж чадах байхад манай Байгаль орчны яам зөвшөөрөхгүй гэж байна.